Засгийн газрын 2022 оны 376 дугаар
тогтоолын хавсралт
ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Допингийн эсрэг үндэсний дүрмийн гол зорилго нь спортод допинг хэрэглэхтэй тэмцэх ажлыг Дэлхийн допингийн эсрэг дүрэм (цаашид “Дүрэм” гэх)-ийн хүрээнд Монгол Улсад удирдах, зохион байгуулах, хянах, допинггүй спорт бий болгоход оршино.
1.2. Энэ дүрэм нь Дэлхийн допингийн эсрэг дүрэм, түүнийг дагалдах олон улсын стандартуудад бүрэн нийцсэн байх бөгөөд оролцогч талуудын зөвшилцлийг илэрхийлсэн суурь баримт бичиг болохын хувьд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй харгалзан авч үзэх эх сурвалж болно.
1.3. Дүрэм нь дараахь хүрээнд үйлчилнэ:
1.3.1. Допингийн эсрэг үндэсний байгууллага, түүний удирдах зөвлөлийн гишүүн, захирал, үндсэн ажилтан, гэрээт ажилтан, итгэмжлэгдсэн гуравдагч этгээд болон допингийн хяналттай холбоотой бусад этгээд;
1.3.2. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа спортын холбоо, түүний удирдах зөвлөлийн гишүүн, захирал, үндсэн ажилтан, гэрээт ажилтан, итгэмжлэгдсэн гуравдагч этгээд болон допингийн хяналттай холбоотой бусад этгээд;
1.3.3. Монгол Улсын харьяат болон оршин суугч тамирчин, тамирчныг дэмжигч этгээд, иргэний харьяалал хамаарахгүй бусад этгээд (дүрвэгсэд гэх мэт);
1.3.4. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу Үндэсний допингийн эсрэг байгууллагаас эрх олгосон бусад бүх этгээд, Монгол Улсын иргэн, оршин суугч болон Монгол Улсыг төлөөлөн тэмцээнд оролцож, бэлтгэл сургуулилт хийдэг бүх тамирчин;
1.3.5. Сонирхогч (үүнд спорт, фитнесээр сонирхогчийн журмаар хичээллэдэг, спортын холбооноос зохион байгуулдаг аливаа тэмцээн наадамд оролцдоггүй, дүрмийн зөрчил гарахаас өмнөх 5 (тав) жилд спортын аливаа байгууллага холбоо, нийгэмлэг, баг, лигт гишүүнчлэлгүй байсан, олон улсын (олон улсын холбоо ба шинжилгээ, мөрдөн шалгалтын олон улсын стандартад тодорхойлсноор) болон үндэсний зэрэглэлийн (үндэсний допингийн эсрэг байгууллага ба шинжилгээ, мөрдөн шалгалтын олон улсын стандартад тодорхойлсноор) тамирчин бус, Монгол Улсыг болон өөр улсыг төлөөлж олон улсын аливаа зэрэглэлийн тэмцээнд оролцдоггүй, олон улсын болон үндэсний шинжилгээний бүртгэлийн санд багтаж, байршлын тухай мэдээлэл өгч байгаагүй этгээдийг ойлгоно);
1.3.6. Үндэсний зэрэглэлийн тамирчин (Дэлхийн допингийн эсрэг дүрмийн тусгайлсан заалтууд (шинжилгээ авах, эмчилгээний зорилгоор чөлөөлөх, байршлын тухай мэдээлэл, үр дүнгийн удирдлага) тухайн тамирчдад үйлчилнэ).
1.4. Үндэсний зэрэглэлийн тамирчин нь дүрмийн дагуу дор дурдсан шалгуурт нийцэж, шаардлага хангасан байна:
1.4.1. Монгол Улсын аль нэг спортын холбоо, нийгэмлэг, клуб, баг, лигийн гишүүн, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигч тамирчин;
1.4.2. Аль нэг спортын үндэсний холбоо, нийгэмлэг, холбоо, клуб, баг, лиг, эсхүл төрийн байгууллагаас Монгол Улсад зохион байгуулсан аливаа тэмцээн, наадам, үйл ажиллагаанд оролцогч тамирчин;
1.4.3. Допингтой тэмцэх зорилгоор спортын үндэсний холбоо, салбар холбоо, нийгэмлэг, клуб, баг, лигийн эрх хэмжээний хүрээнд магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, бусад гэрээний хүрээнд Монгол Улсад ажиллаж байгаа тамирчин;
1.4.4. Спортын үндэсний холбооны гишүүн бус байгууллагаас зохион байгуулсан аливаа үйл ажиллагаанд оролцсон тамирчин.
1.5. Дүрмийн 1.4-т заасан шалгуурт хамаарах тамирчин олон улсын холбооны шалгуурт нийцэж, олон улсын зэрэглэлийн тамирчин гэж тодорхойлогдсон бол тухайн тамирчныг Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу олон улсын зэрэглэлийн тамирчин (үндэсний зэрэглэлийн тамирчин бус) гэж үзнэ.
1.6. Дүрмийн 1.4-т заасан этгээд Монгол Улсад үндэсний хэмжээнд аль нэг спортод оролцохтой холбоотой нөхцөл байдал үүссэн тохиолдолд энэ дүрмийг дагаж мөрдөх бөгөөд уг дүрмийн 8 болон 13 дугаар хэсэгт тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, аливаа үр дагавар, давж заалдах нөхцөл байдал зэрэг Үндэсний допингийн эсрэг байгууллагын эрх хэмжээг хүлээн зөвшөөрнө.
1.7. Дүрэм нь спортын үнэт зүйлс бөгөөд түүнийг хэрэглэгч хүн бүр дагаж мөрдөнө.
1.8. Дүрэм нь тамирчинд эрүүл мэндээ хамгаалж, хориглосон бодис болон аргыг хэрэглэхгүйгээр хүний чадамжийг харуулах боломжийг олгоно.
1.9. Дүрэм нь спортын салшгүй хэсэг болох тоглолтын дүрмийг хүндэтгэн сахисан, өрсөлдөгчөө хүндэлсэн, талбай дээр шударга өрсөлдсөн цэвэр спортыг дэлхийд бий болгохыг эрмэлзэнэ.
1.10. Спортын үнэт зүйлс нь дараахь байдлаар тодорхойлогдоно:
1.10.1. Эрүүл мэнд;
1.10.2. Ёс суртахуун болон шударга, үнэнч байдал;
1.10.3. Дэлхийн допингийн эсрэг дүрэмд заасан тамирчны эрх;
1.10.4. Дээд зэргийн гүйцэтгэл;
1.10.5. Зан суртахуун ба боловсрол;
1.10.6. Баяр баясгалан, сэтгэл ханамж;
1.10.7. Багийн ажиллагаа;
1.10.8. Зорилготой, тууштай байдал;
1.10.9. Хууль тогтоомжийг хүндэтгэх;
1.10.10. Өөрийгөө болон өрсөлдөгчөө хүндэтгэх;
1.10.11. Эр зориг;
1.10.12. Нийтэч байдал ба эв нэгдэл.
1.11. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 20.5.1-д заасны дагуу Монгол Улсад спорт дахь допингтой тэмцэх үүрэг гүйцэтгэх, допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх Засгийн газраас хараат бус Үндэсний допингийн эсрэг байгууллага ажиллана.
1.12. Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтад Олон улсын холбоо, спортын холбоод, наадам зохион байгуулагч байгууллага, Үндэсний олимпын хороо, Үндэсний паралимпын хороо болон спорттой холбоотой төрийн захиргааны ажилтнууд оролцохыг хориглоно.
1.13. Дүрмийн нэр томьёог Дэлхийн допингийн эсрэг дүрмийн хавсралтад тайлбарласан байдлаар ойлгоно.
Хоёр. Допингийн тодорхойлолт, дүрмийн зөрчил
2.1. Энэ дүрмийн 2.4-т заасан допингийн эсрэг дүрмийн зөрчлийг нэг ба түүнээс дээш удаа гаргасан тохиолдлыг допинг хэрэглэсэн гэж ойлгоно.
2.2. Дүрмийн зөрчлийн үйлдэл болон нөхцөл байдлыг тусгайлан заана. Допингийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь энэ дүрмийн нэг буюу хэд хэдэн заалтыг зөрчсөн гэсэн мэдэгдэлд үндэслэнэ.
2.3. Тамирчин, эсхүл бусад этгээд нь дүрмийн зөрчилд хамаарах, хориглосон жагсаалтад орсон хориотой бодис болон хориглосон аргуудын талаар мэдсэн байх үүрэгтэй.
2.4. Дараахь зүйлийг дүрмийн зөрчилд тооцно:
2.4.1. Тамирчны сорьцоос хориглосон бодис, түүний маркер, метаболит илэрсэн дараахь тохиолдол:
2.4.1.1. Биедээ ямар ч хориглосон бодис оруулахгүй байхад анхаарах нь тамирчны өөрийн үүрэг мөн. Тамирчин өөрийн сорьцоос илэрсэн аливаа хориглосон бодис, түүний маркер, метаболитад хариуцлага хүлээнэ. Иймээс энэ дүрмийн 2.4-т заасан зөрчлийг тогтоохын тулд тамирчны талаас санаатай, санамсаргүй, өөрийн буруугаар, мэдсээр байж хэрэглэсэн эсэхийг нотлох шаардлагагүй;
2.4.1.2. Энэ дүрмийн 2.4.1-д заасныг зөрчсөн тохиолдолд хангалтай нотлох баримт байна гэж үзнэ (Тамирчин Б сорьцоо шинжлүүлэхээс татгалзсанаар Б сорьц шинжлэгдээгүй тохиолдолд түүний А сорьцод хориотой бодис, түүний маркер, метаболит байгаа бол; эсхүл тамирчны Б сорьцыг шинжилж, шинжилгээний үр дүнд түүний А сорьцод илэрсэн хориотой бодис, түүний маркер, эсхүл метаболит батлагдсан; эсхүл тамирчны А, эсхүл Б сорьцыг хоёр хэсэгт хуваасан бөгөөд хуваасан сорьцын эхний хэсэгт хийсэн баталгаажуулах шинжилгээний үр дүнд хориотой бодис, түүний маркер, эсхүл метаболит байгаа нь батлагдсан бөгөөд тамирчин хуваасан сорьцын нөгөө хэсэгт баталгаажуулах шинжилгээ хийлгэхээс татгалзсан бол);
2.4.1.3. Ийм хориотой бодисын хувьд хориглосон жагсаалт, эсхүл техникийн баримт бичигт шийдвэр гаргах хязгаарыг тодорхой зааснаас бусад тохиолдолд тамирчны сорьцод илэрсэн аль нэг хориглосон бодис, түүний маркер, метаболитын аливаа хэмжээг дүрмийн зөрчилд тооцно;
2.4.1.4. Энэ дүрмийн 2.4.1-д заасан ерөнхий зохицуулалтаас гадна тодорхой хориотой бодисын үнэлгээ, эсхүл мэдээллийн талаар тусгай шаардлагыг хориглосон жагсаалт, олон улсын стандарт, эсхүл техникийн баримт бичигт зааж болно.
2.4.2. Хориглосон бодис, хориглосон арга хэрэглэх буюу хэрэглэхийг завдсан дараахь тохиолдол:
2.4.2.1. Биедээ ямар ч хориглосон бодис оруулахгүй бөгөөд хориглосон арга хэрэглэхгүй байхад анхаарах нь тамирчны өөрийн үүрэг мөн. Иймээс хориотой бодис хэрэглэх, эсхүл хориглосон арга хэрэглэх замаар дүрмийг зөрчсөн гэдгийг тогтоохын тулд тамирчны талаас санаатай, санамсаргүй, өөрийн буруугаар, мэдсээр байж хэрэглэсэн эсэхийг нотлох шаардлагагүй;
2.4.2.2. Хориглосон бодис, хориглосон аргыг амжилттай, эсхүл амжилтгүй хэрэглэсэн эсэх нь ач холбогдолтой биш. Дүрмийг зөрчсөнд тооцоход хориотой бодис, эсхүл хориглосон аргыг хэрэглэх, эсхүл хэрэглэхээр завдах үйлдэл хангалттай юм.
2.4.3. Тамирчин сорьц өгөхөөс зайлсхийх, татгалзах, сорьц өгөхгүй байх (зохих эрх бүхий этгээдийн холбогдох мэдэгдлийн дараа тамирчин сорьц өгөхөөс ямар нэгэн ноцтой шалтгаангүйгээр зайлсхийх, татгалзсан, эсхүл өгөхгүй байх);
2.4.4. Тамирчны бүртгэлийн зөрчил (тамирчны байршлын тухай мэдээллийн алдаа гэж “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-д тодорхойлсноор Шинжилгээний бүртгэлийн санд бүртгэлтэй тамирчин 12 (арван хоёр) сарын хугацаанд 3 (гурав) удаа шинжилгээ өгөхгүй байх, эсхүл оршин суугаа бүртгэлийн тухай мэдээллээ ирүүлээгүй болон худлаа мэдээлэл өгсөн тохиолдлыг ойлгоно);
2.4.5. Тамирчин, эсхүл бусад этгээд допингийн хяналтын үйл ажиллагааны аль нэг хэсэгт хөндлөнгөөс оролцох, эсхүл хөндлөнгөөс оролцохоор завдах;
2.4.6. Тамирчин, эсхүл тамирчны дэмжигч этгээд хориглосон бодис, хориглосон аргыг хэрэглэсэн дараахь тохиолдол:
2.4.6.1. Тамирчин энэ дүрмийн 4.10-д заасны дагуу эмчилгээний зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийг үндэслэн хориотой бодис, эсхүл хориглосон арга эзэмшихийг зөвшөөрсөн, эсхүл бусад хүлээн зөвшөөрөхүйц үндэслэл тамирчинд байгаагаас бусад тохиолдолд тэмцээнээс гадна хориглосон аливаа хориотой бодис, эсхүл хориглосон аргыг тэмцээнээс гадуур тамирчин эзэмших, эсхүл тэмцээний үеэр тамирчин аливаа хориотой бодис, эсхүл хориглосон арга хэрэглэх;
2.4.6.2. Тамирчны дэмжигч энэ дүрмийн 4.10-д заасны дагуу эмчилгээний зориулалтаар хэрэглэх зөвшөөрлийг үндэслэн хориотой бодис, эсхүл хориглосон арга эзэмшихийг зөвшөөрсөн, эсхүл бусад хүлээн зөвшөөрөхүйц үндэслэл тамирчны дэмжигчид байгаагаас бусад тохиолдолд тэмцээнээс гадна хориглосон аливаа хориотой бодис, эсхүл хориглосон аргыг тэмцээнээс гадуур тамирчны дэмжигч эзэмших, эсхүл тэмцээний үеэр тамирчны дэмжигч аливаа хориотой бодис, эсхүл хориглосон арга хэрэглэх.
2.4.7. Тамирчин, эсхүл бусад этгээд аливаа хориглосон бодис, хориглосон аргыг түгээх, түгээхийг завдах;
2.4.8. Тэмцээний хүрээнд аливаа тамирчинд аль нэг тамирчнаас, эсхүл бусад этгээдээс аливаа хориглосон бодис, хориглосон аргыг өгөх, эсхүл өгөхөөр завдах, эсхүл тэмцээнээс гадуур аливаа тамирчинд тэмцээнээс гадуур хориглосон аливаа хориотой бодис, эсхүл хориглосон арга өгөх, эсхүл өгөхөөр завдах;
2.4.9. Тамирчин ба бусад этгээд хамтран үйлдэх, хамтран үйлдэхийг завдах (Туслах, дэмжих, зоригжуулах, хуйвалдах, уруу татах, нууцлах болон бусад хэлбэрээр допингийн эсрэг үндэсний дүрмийг хамтран зөрчих, зөрчихийг оролдох, бусад этгээдийн тусламжтайгаар энэ дүрмийн 10.62 дахь заалтыг зөрчих);
2.4.10. Тамирчин болон бусад этгээдийн хооронд хориотой харилцаа үүссэн дараахь тохиолдол:
2.4.10.1. Допингийн эсрэг аль нэг байгууллагын бүрэн эрхийн хүрээнд өөрийн мэргэжлийн, эсхүл спортын чиг үүргийнхээ дагуу аль нэг тамирчны дэмжигчтэй харилцах аливаа тамирчин, эсхүл бусад этгээд нь Үндэсний допингийн эсрэг байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хамаарах бөгөөд эрх хасуулсан, эсхүл Үндэсний допингийн эсрэг байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хамаарахгүй, Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу явуулсан үр дүнгийн удирдлагаас шалтгаалан эрхээ хасуулаагүй бөгөөд харин эрүүгийн, сахилгын болон мэргэжлийн ёс журам зөрчигдсөн ба тухайн журамтай холбоотой заалтууд нь тухайн этгээдтэй хамааралтай бол энэ дүрэм зөрчигдсөн гэж үзнэ. Тухайн этгээдийн эрх хасуулсан нөхцөл байдал нь эрүүгийн, мэргэжлийн болон сахилгын шийдвэрээр буюу тухайн оногдуулсан эрүүгийн, мэргэжлийн болон сахилгын шийдвэрийн нөхцөлийн дагуу 6 (зургаа)-аас дээш жил хүчин төгөлдөр байна;
2.4.10.2. Энэ дүрмийн 2.4.10.1, эсхүл 2.4.10.3-т заасан этгээдийн хувьд зуучлагч, эсхүл халхавчаар ажиллах;
2.4.10.3. Энэ дүрмийн 2.4.10-д заасны эсрэг зөрчлийг нотлохын тулд Үндэсний допингийн эсрэг байгууллага нь тамирчны дэмжигч эрхээ хасуулсан тухай тамирчин, эсхүл бусад этгээд мэдэж байсныг нотлох үүрэгтэй;
2.4.10.4. Энэ дүрмийн 2.4.10.1. 2.4.10.2-т заасан тамирчны дэмжигчтэй мэргэжлийн, эсхүл спортын чиг үүргийн дагуу харилцаагүй, бөгөөд/ эсхүл ийм харилцаа үүсгэхээс зохих ёсоор зайлсхийж чадаагүй гэдгийг тамирчин, эсхүл бусад этгээд нотлох үүрэгтэй;
2.4.10.5. Энэ дүрмийн 2.4.10.1-2.4.10.3-д заасан шаардлагад нийцэх тамирчны дэмжигч этгээдийн талаар мэдээлэл бүхий Үндэсний допингийн эсрэг байгууллага нь тухайн мэдээллийг Дэлхийн допингийн эсрэг агентлагт хүргүүлнэ.
2.4.11. Эрх бүхий байгууллагад мэдээлэл өгөхийг саатуулах, эсхүл мэдээлэл өгсний төлөө өшөө авах зорилго бүхий тамирчин, эсхүл бусад этгээдийн аливаа үйлдэлд энэ дүрмийн 2.4.5-д заасан зөрчилд хамаарахаас бусад дараахь үйлдэл багтана:
2.4.11.1. Аль нэг этгээд дүрмийн зөрчил, эсхүл Дэлхийн допингийн эсрэг дүрэмтэй үл нийцэж байгаа тухай Дэлхийн допингийн эсрэг агентлаг, допингийн эсрэг байгууллагууд, хууль сахиулах байгууллага, захиргааны, эсхүл мэргэжлийн сахилгын хороо, сонсголын байгууллага, эсхүл Дэлхийн допингийн эсрэг агентлаг, эсхүл Үндэсний допингийн эсрэг байгууллагад хяналт шалгалтыг хэрэгжүүлэгч этгээдэд уламжлахаас түүнийг саатуулсан, заналхийлсэн, айлган сүрдүүлсэн аливаа үйлдэл;
2.4.11.2. Дүрмийн зөрчилтэй холбоотой, эсхүл дүрэмтэй үл нийцэж байгаа талаарх нотолгоо, мэдээллийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг, допингийн эсрэг байгууллагууд, хууль сахиулах байгууллага, захиргааны, эсхүл мэргэжлийн сахилгын хороо, сонсголын байгууллага, эсхүл Дэлхийн допингийн эсрэг агентлаг, эсхүл Үндэсний допингийн эсрэг байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй этгээдэд уламжлахаар зорьж буй этгээдээс өс хонзон авах үйлдэл.
2.5. Энэ дүрмийн 2.4.11-д заасан өс авах, заналхийлэх, айлган сүрдүүлэх гэдэгт сайн санааны бус зорилгоор тухайн этгээдийн эсрэг хийгдсэн аливаа үйлдэл, зохисгүй хариу үйлдлийг багтааж ойлгоно.
Гурав. Допинг хэрэглэсэн эсэхийг нотлох, түүний стандарт
3.1. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь дүрэм зөрчсөн эсэхийг нотлох үүрэгтэй.
3.2. Нотолгооны стандарт гэдэгт Үндэсний допингийн эсрэг байгууллага нь дүрмийн зөрчил байгааг хянан үзэж буй сахилгын хороонд хангалттай нотлохыг, ингэхдээ зөрчлийн ноцтой байдлыг харгалзан үзэхийг хэлнэ. Энэ стандарт нь аль ч тохиолдолд боломжит байдлын туйлын тэнцлээс их боловч үндэслэл бүхий эргэлзээний нотолгооноос бага түвшинд байна. Энэ дүрмийн 3.3.2, 3.3.3-т зааснаас бусад тохиолдолд дүрмийг зөрчсөн гэж буруутгагдсан тамирчин болон бусад этгээдэд энэ талаарх таамаглал болон тодорхой баримт болон нөхцөл байдлыг няцаах үүрэг оногдуулсан үед уг стандарт нь боломжит байдлын тэнцвэр хангагдсан байна гэж үзнэ.
3.3. Допингийн эсрэг дүрмийн зөрчилтэй холбоотой бодит нөхцөл байдлыг дараахь байдлаар тогтооно:
3.3.1. Үндэсний допингийн эсрэг байгууллага холбогдох эрдэм шинжилгээний багтай зөвлөлдсөн болон туршилтын үр дүнд баталсан шинжилгээний арга, эсхүл шийдвэр нь шинжлэх ухааны хувьд хүчин төгөлдөр болсон байна;
3.3.2. Аливаа тамирчин, тамирчныг дэмжигч этгээд таамаглалын нөхцөл хангагдсан эсэх, эсхүл өмнөх нөхцөл байдлаас хамаарч шинжлэх ухааны хүчин төгөлдөр байдлыг эсэргүүцэж, няцаалт өгөхдөө эхлээд эсэргүүцэж буй үндэслэлээ Үндэсний допингийн эсрэг байгууллагад мэдээлнэ;
3.3.3. Хэрэг хянан шийдвэрлэх, эсхүл давж заалдах комисс, эсхүл Спортын арбитрын шүүх болон Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас нь Үндэсний допингийн эсрэг байгууллагын хүсэлтээр мэргэжлийн шинжээч томилж, уг эсэргүүцэлд үнэлгээ хийлгэнэ;
3.3.4. Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь мэдэгдэл болон тухайн хэрэгт хамаарах материалыг хүлээн авснаас хойш 10 (арав) хоногийн дотор шүүгчийн зөвлөмж гарах хүртэл, эсхүл ажиллагаанд ямар нэг үр дүн гарах хүртэл ажиллагаанд оролцож болно.
3.3.5. Спортын арбитрын шүүх болон Монголын олон улсын ба үндэсний спортын арбитраас тухайн хэргийг хэлэлцүүлж эхлэхээс өмнө Спортын арбитрын шүүх болон Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хүсэлтээр нотлох баримтыг үнэлэхэд туслах мэргэжлийн шинжээчийг томилж болно;
3.3.6. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас магадлан итгэмжлэгдсэн, баталсан бусад лабораториуд “Лабораторийн олон улсын стандарт”-ын дагуу шинжилгээ болон хяналтын журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна. Тамирчин лабораториос гарсан таамаглалыг олон улсын стандартуудад заасан үндэслэлийн дагуу няцааж болно;
3.3.7. Хэрэв тамирчин холбогдох олон улсын стандартад заасан үндэслэлийн дагуу тухайн таамаглалыг няцаасан тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллага тухайн үндэслэлүүд нь сөрөг аналитик илэрцэд хамаарахгүй гэдгийг нотолно.
3.4. Энэ дүрмийн хүрээнд бий болсон өөр ямар нэг олон улсын стандарт, допингийн эсрэг бусад дүрэм, бодлого нь шинжилгээний дүн, дүрмийн зөрчлийн бусад нотолгоог хүчингүй болгохгүй.
3.5. Хэрэв тамирчин болон бусад этгээд нь сөрөг аналитик илэрц, эсхүл байршлын тухай мэдээллийн алдаатай холбоотойгоор бий болсон дүрмийн зөрчлийн талаар дор дурдсан үндэслэлийг бусад олон улсын стандартад үндэслэн гаргаж тавьсан тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллага тухайн үндэслэл нь сөрөг аналитик илэрц болон байршлын мэдээллийн алдаа үүссэн шалтгаан болохгүй гэдгийг зайлшгүй нотлох шаардлагатай:
3.5.1. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь “Шинжилгээ, мөрдөн шалгалтын” олон улсын стандартын дээж цуглуулах, тээвэрлэхтэй холбоотой тухайн заалтууд нь сөрөг аналитик илэрцээс шалтгаалсан дүрмийн зөрчлийг бий болгосон боломжит шалтгаан биш гэдгийг нотлох шаардлагатай;
3.5.2. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Үр дүнгийн удирдлагын, эсхүл Шинжилгээ, мөрдөн шалгалтын олон улсын стандартын паспортын сөрөг илэрцтэй холбоотой тухайн заалтууд нь дүрэм зөрчигдсөн шалтгаан биш гэдгийг нотлох шаардлагатай;
3.5.3. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-д заасан Б сорьцыг нээхтэй холбоотой тамирчинд өгөх мэдэгдлийн шаардлага нь сөрөг аналитик илэрц гарах, түүнтэй холбоотойгоор дүрэм зөрчигдөх шалтгаан болоогүй гэдгийг нотлох шаардлагатай;
3.5.4. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь байршлын тухай мэдээллийн алдаанаас шалтгаалан дүрэм зөрчигдсөн тухай тамирчинд өгөх мэдэгдэл нь байршлын тухай мэдээллийн алдаа гарах шалтгаан болоогүй гэдгийг нотлох шаардлагатай;
3.5.5. Тамирчин, эсхүл бусад этгээд аль нэг шүүхийн, эсхүл харьяалах мэргэжлийн сахилгын шүүхийн, давж заалдах журмаар хянан шийдвэрлэгдэхээр хүлээгдээгүй, шийдвэр нь шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж нотолсноос бусад тохиолдолд тухайн шийдвэрээр тодорхойлсон нөхцөл байдлыг тухайн шийдвэрт хамаарах тамирчин, эсхүл бусад этгээдийн эсрэг хөдөлшгүй нотлох баримт гэж үзнэ;
3.5.6. Хэрэг хянан шийдвэрлэх комисс нь тамирчин болон бусад этгээдийн хэрэг хянан шийдвэрлэх хурлаас өмнө урьдчилан болон хэрэг хянан шийдвэрлэх хурлын үеэр (шууд биечлэн болон утсаар) хүсэлт гаргасны дараа түүнийг хүлээн авахаас татгалзсан болон хэрэг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнээс тавьсан асуултад хариулсан байдал, эсхүл Үндэсний допингийн эсрэг байгууллага энэ дүрэм зөрчсөнийг зарласан зэрэгт үндэслэн тамирчин болон бусад этгээд дүрмийн зөрчлийн талаар сөрөг дүгнэлт гаргаж болно.
Дөрөв. Хориглосон жагсаалт болон эмчилгээний зорилгоор чөлөөлөх
4.1. Энэ дүрмийн хүрээнд Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 4.1-д заасны дагуу Дэлхийн допингийн эсрэг агентлагаас баталсан “Хориглосон жагсаалт” гэх олон улсын стандартыг мөрдөнө.
4.2. Үндэсний допингийн эсрэг байгууллага “Хориглосон жагсаалт” болон түүний нэмэлт, өөрчлөлтөд өөрөөр заагаагүй бол тухайн хориглосон жагсаалт болон нэмэлт, өөрчлөлтийг хэвлэгдэн гарснаас хойш 3 сарын хугацаанд хүчин төгөлдөр болсонд тооцон дагаж мөрдөнө.
4.3. “Хориглосон жагсаалт”, түүний нэмэлт, өөрчлөлт шинэчлэгдсэн даруйд нь дагаж мөрдөх нь тамирчин болон бусад этгээдийн үүрэг мөн.
4.4. “Хориглосон жагсаалт” нь тамирчдын өрсөлдөх боломжид сөргөөр нөлөөлж болох (тэмцээний үеийн болон тэмцээний дараа) аль ч үед допинг хэмээн тооцогдох хориглосон бодис, хориглосон аргууд, мөн зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглох хориглосон бодис, хориглосон аргуудыг тодорхойлно.
4.5. Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь зарим спорт дахь хориглосон жагсаалтыг өргөжүүлж, нэмэгдүүлж болно. Хориглосон бодис, хориглосон аргад ерөнхий ангиллаар (Жишээ нь: зарим анаболик агентууд) буюу тусгай тайлбартай тусгайлсан бодис ба аргуудыг багтааж болно.
4.6. Энэ дүрмийн 10 дугаар хэсэгт хэрэглэх зорилгоор хориглосон жагсаалтад орсноос бусад бүх хориглосон бодисууд бол тусгайлсан бодис юм.
4.7. Хориглосон арга нь зөвхөн хориглосон жагсаалтад тусгай арга гэж илэрхий заасан тохиолдолд л тусгай арга болно.
4.8. Энэ дүрмийн 10 дугаар хэсэгт хэрэглэх зорилгоор спорттой холбоогүйгээр нийгэмд түгээмэл хэрэглэгддэг учраас мансууруулах бодис гэж хориглосон жагсаалтад тодорхой заасан хориглосон бодисыг мансууруулах бодис гэж үзнэ.
4.9. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн тодорхойлсон “Хориглосон жагсаалт”-д багтах хориглосон бодис болон хориглосон аргын тодорхойлолт, хориглосон жагсаалтад оруулах бодисуудын ангилал, бүх цаг үед хориглох буюу зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглох бодисууд, тусгайлсан бодисууд, тусгайлсан аргууд, мансууруулах бодисын ангилал нь эцсийн шийдвэр байх тул түүнийг аль нэг тамирчнаас гаргасан тухайн эм буюу арга нь спортын суурь зарчмыг зөрчөөгүй, эрүүл мэндийн эрсдэлгүй, гүйцэтгэлд нөлөөлдөггүй, ямар нэгэн нөлөөлөх бүтээгдэхүүн биш гэсэн аливаа тайлбаруудыг үндэслэн өөрчлөхгүй, хянан хэлэлцэхгүй.
4.10. “Эмчилгээний зорилгоор чөлөөлөх” (цаашид “ЭЗЧ” гэх) олон улсын стандартад заасны дагуу олгогдсон ЭЗЧ зөвшөөрөлтэй тохиолдолд хориглосон бодис, түүний дүрс хувирал илрэх, хориглосон аргыг эзэмших, хэрэглэх, хэрэглэхийг оролдох нь допингийн эсрэг дүрмийн зөрчилд тооцогдохгүй.
4.11. ЭЗЧ хүсэлтийг дараахь байдлаар гаргана:
4.11.1. Олон улсын зэрэглэлийн бус тамирчин “ЭЗЧ” олон улсын стандартын 4.1, 4.3-т заасны дагуу ЭЗЧ хүсэлтээ Үндэсний допингийн эсрэг байгууллагад гаргана;
4.11.2. Хүсэлтийг “ЭЗЧ” олон улсын стандартын 6 дугаар зүйлд заасны дагуу Үндэсний допингийн эсрэг байгууллагын цахим хуудсанд байршуулж мэдээлнэ;
4.11.3. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь дэргэдээ ЭЗЧ хороог байгуулж дараахь байдлаар ажиллана:
4.11.3.1. ЭЗЧ хороо нь дарга, 6 гишүүнээс бүрдэнэ. Гишүүд нь спортын эмнэлэг, анагаах ухааны зохих туршлагатай байна. Гишүүдийг 4 жилээр томилно;
4.11.3.2. ЭЗЧ хорооны гишүүн бүр ажлаа эхлэхийн өмнө ашиг сонирхлын зөрчлийн болон нууцлалын талаарх мэдүүлэгт гарын үсэг зурна. Хорооны гишүүн нь Үндэсний допингийн эсрэг байгууллагын ажилтан, аливаа спортын байгууллагад ажиллаж байгаа эмч, эрүүл мэндийн ажилтан байж болохгүй;
4.11.3.3. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь ЭЗЧ хүсэлт хүлээн авмагц ЭЗЧ хорооны дарга уг хүсэлтийг шийдвэрлэх 3 (гурав) гишүүнийг томилно;
4.11.3.4. ЭЗЧ өргөдлийг хэлэлцэхийн өмнө гишүүн бүр асуудалд шударгаар хандахаа илэрхийлэх шаардлагатай. Хэрэв томилогдсон гишүүд ямар нэг шалтгааны улмаас тухайн тамирчны өргөдлийг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй бол хорооны дарга тухайн гишүүнийг солих, эсхүл хороог бүхэлд нь өөрчлөх шийдвэр гаргана;
4.11.3.5. ЭЗЧ хороо өргөдлийг хүлээн авснаас 21 хоногийн дотор “ЭЗЧ” олон улсын стандартын дагуу үнэлгээ хийж, хэлэлцэн шийдвэрлэнэ;
4.11.3.6. ЭЗЧ хорооны шийдвэр нь Үндэсний допингийн эсрэг байгууллагын эцсийн шийдвэр байх ба Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 4.4.6-д заасны дагуу уг шийдвэрийг давж заалдаж болно. ЭЗЧ шийдвэрийг Олон улсын допингийн эсрэг захиргаа, удирдлагын систем (АDAMS)-д 24 цагийн дотор бүртгүүлнэ.
4.11.4. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь олон улсын, эсхүл үндэсний хэмжээний бус тамирчнаас шинжилгээ авахаар сонгосон тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллага эмчилгээний зориулалтаар аливаа хориотой бодис, эсхүл хориглосон аргыг хэрэглэдэг тухайн тамирчинд ЭЗЧ хүсэлтийг нөхөж гаргахыг зөвшөөрөх ёстой;
4.11.5. Үндэсний допингийн эсрэг байгууллагаас олгосон ЭЗЧ зөвшөөрөл нь аль ч улсын үндэсний хэмжээний тэмцээнд хүчин төгөлдөр байх бөгөөд үүнийг өөр бусад Үндэсний допингийн эсрэг байгууллагаар заавал хүлээн зөвшөөрүүлэх шаардлагагүй;
4.11.6. Хэрэв тухайн тамирчин олон улсын зэрэгтэй болох, эсхүл олон улсын арга хэмжээнд оролцох тохиолдолд энэ зөвшөөрөл нь холбогдох этгээдээр хүлээн зөвшөөрөгдөөгүй бол шууд хүчингүй болно;
4.11.7. Үндэсний допингийн эсрэг байгууллагаас олгосон холбогдох бодис, аргыг эмчилгээний зориулалтаар хэрэглэх зөвшөөрөл эзэмшиж байгаа тамирчин уг зөвшөөрлийг олон улсын холбоо, эсхүл том тэмцээн зохион байгуулагчаас шууд хүлээн зөвшөөрснөөс бусад тохиолдолд ЭЗЧ зөвшөөрлөө хүлээн зөвшөөрүүлэхээр өөрийн олон улсын холбоо, эсхүл том тэмцээн зохион байгуулагчид хүсэлт гаргана;
4.11.8. Хэрэв ЭЗЧ зөвшөөрөл олон улсын стандартад заасан шаардлагыг хангах тохиолдолд тухайн олон улсын холбоо, эсхүл том тэмцээн зохион байгуулагч нь зөвшөөрлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй;
4.11.9. Хэрэв ЭЗЧ зөвшөөрөл нь эдгээр шаардлагыг хангахгүй байна гэж тухайн олон улсын холбоо, эсхүл том тэмцээн зохион байгуулагч үзвэл, түүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, тухайн олон улсын холбоо тамирчинд, болон/эсхүл Үндэсний допингийн эсрэг байгууллагад татгалзсан шалтгааны хамт нэн даруй мэдэгдэнэ;
4.11.10. Тамирчин болон/эсхүл Үндэсний допингийн эсрэг байгууллага нь уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 21 (хорин нэг) хоногийн хугацаанд уг асуудлыг шалгуулахаар энэ дүрмийн 4.11.20-д заасны дагуу Дэлхийн допингийн эсрэг агентлагт хүргүүлнэ;
4.11.11. Энэ дүрмийн 4.11.20-д заасны дагуу тухайн асуудлыг Дэлхийн допингийн эсрэг агентлаг шалгахаар хүлээн авсан бол Үндэсний допингийн эсрэг байгууллагаас олгосон ЭЗЧ зөвшөөрөл нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн шийдвэр гарах хүртэл үндэсний хэмжээний тэмцээн болон бэлтгэлийн хяналт (олон улсын тэмцээнд хүчингүй)-ын үед хүчинтэй байна;
4.11.12. Хэрэв тухайн асуудлыг шалгуулахаар 21 (хорин нэгэн) хоногийн дотор Дэлхийн допингийн эсрэг агентлагт гаргаагүй бол Үндэсний допингийн эсрэг байгууллага өөрийн олгосон зөвшөөрлийг үндэсний хэмжээний тэмцээн болон тэмцээнээс гаднах допингийн хяналтын (ингэхдээ тамирчин олон улсын зэрэглэлийн биш бөгөөд олон улсын түвшний тэмцээнд оролцоогүй байна) үед хүчинтэй хэвээр байх эсэх талаар шийдвэр гаргана;
4.11.13. Үндэсний допингийн эсрэг байгууллагын шийдвэр гаргах хүртэл уг зөвшөөрөл нь үндэсний хэмжээний тэмцээнд болон тэмцээнээс гадуур допингийн хяналтын үйл ажиллагаанд (гэхдээ олон улсын түвшний тэмцээнд хүчингүй) хүчинтэй хэвээр байна;
4.11.14. Тамирчинд тухайн бодис, эсхүл аргыг эмчилгээний зориулалтаар хэрэглэхтэй холбоотой Үндэсний допингийн эсрэг байгууллагаас олгосон ЭЗЧ зөвшөөрөл байхгүй бол хэрэгцээ гармагц ЭЗЧ олон улсын стандартад заасан журмын дагуу ЭЗЧ зөвшөөрөл авах хүсэлтээ олон улсын холбоонд шууд гаргах ёстой;
4.11.15. Хэрэв тухайн олон улсын холбоо тамирчны хүсэлтэд татгалзсан бол энэ тухайгаа шалтгааны хамт тамирчинд нэн даруй мэдэгдэнэ;
4.11.16. Хэрэв тухайн олон улсын холбоо нь тамирчны хүсэлтийг хүлээн авч, зөвшөөрөл олгосон бол тамирчинд болон Үндэсний допингийн эсрэг байгууллагад мэдэгдэнэ;
4.11.17. Тухайн олон улсын холбооноос олгосон ЭЗЧ зөвшөөрөл нь олон улсын стандартад заасан шаардлагыг хангахгүй байна гэж Үндэсний допингийн эсрэг байгууллага үзвэл, уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш 21 (хорин нэг) хоногийн дотор Дэлхийн допингийн эсрэг агентлагт шалгуулахаар хүргүүлнэ;
4.11.18. Үндэсний допингийн эсрэг байгууллага тухайн асуудлыг Дэлхийн допингийн эсрэг агентлагт шалгуулахаар хүргүүлсэн бол олон улсын холбооноос олгосон ЭЗЧ зөвшөөрөл нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийн шийдвэр гарах хүртэл олон улсын хэмжээний тэмцээнд болон тэмцээнээс гадуурх допингийн хяналт (үндэсний хэмжээний тэмцээнд хүчингүй)-д хүчинтэй байна;
4.11.19. Хэрэв Үндэсний допингийн эсрэг байгууллага нь тухайн асуудлыг Дэлхийн допингийн эсрэг агентлагт шалгуулахаар хүргүүлээгүй бол олон улсын холбооноос олгосон эмчилгээний зорилгоор чөлөөлөх зөвшөөрөл нь шалгуулахаар хүргүүлэх 21 (хорин нэг) хоногийн хугацаа дуусгавар болсноор үндэсний хэмжээний тэмцээнд хүчинтэй үйлчилнэ;
4.11.20. Энэ дүрмийн дагуу олгосон ЭЗЧ зөвшөөрлийн хугацаа дараахь тохиололд дуусах, эргүүлэн татах, хүчингүй болгоно:
4.11.20.1. Зөвшөөрлийн олгосон хугацаа дуусгавар болсноор ямар нэгэн нэмэлт мэдэгдэл, эсхүл бусад шаардлагагүйгээр шууд хүчингүй болно;
4.11.20.2. Тамирчин ЭЗЧ хорооноос ирүүлсэн шаардлагыг биелүүлээгүй бол зөвшөөрлийг эргүүлэн татаж, хүчингүй болгоно;
4.11.20.3. ЭЗЧ хороо олгогдсон зөвшөөрөл шаардлагад нийцэхгүй байна гэж үзсэн тохиолдолд;
4.11.20.4. Дэлхийн допингийн эсрэг агентлаг, эсхүл хэрэг хянан хэлэлцэх байгууллага хянан үзээд шаардлагад нийцэхгүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд.
4.11.21. ЭЗЧ зөвшөөрлийн хугацаа дуусах, эргүүлэн татах, хүчингүй болгохоос өмнө хориглосон бодис, хориглосон аргыг хэрэглэх, эзэмшсэнээс үүссэн аливаа үр дагаврыг тамирчин хариуцахгүй;
4.11.22. Үндэсний допингийн эсрэг байгууллага ЭЗЧ зөвшөөрөл олгохоос татгалзвал тамирчин Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 13.8-д заасны дагуу эрх бүхий байгууллагад давж заалдаж болно;
4.11.23. Үндэсний допингийн эсрэг байгууллагаас олгосон ЭЗЧ зөвшөөрлийг олон улсын холбооны хүлээн зөвшөөрөөгүй шийдвэрийн талаар Үндэсний допингийн эсрэг байгууллага, эсхүл тамирчнаас ирүүлсэн гомдлыг Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь заавал хянан хэлэлцэнэ;
4.11.24. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хянан үзсэн, эс хянан үзсэн, хянан үзээд хэвээр үлдээсэн олон улсын холбоо (эсхүл олон улсын холбооны зөвшөөрлөөр Үндэсний допингийн эсрэг байгууллага)-оос гаргасан ЭЗЧ аливаа шийдвэрийг Үндэсний допингийн эсрэг байгууллага, эсхүл тамирчин спортын арбитрын шүүхэд давж заалдаж болно;
4.11.25. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас ЭЗЧ зөвшөөрөлтэй холбоотой шийдвэрийг тамирчин, Үндэсний допингийн эсрэг байгууллага, эсхүл олон улсын холбоо, спортын арбитрын шүүхэд гомдол гаргаж болно;
4.11.26. ЭЗЧ зөвшөөрлийг олгох/хүлээн зөвшөөрөх, эсхүл зөвшөөрөл олгосон шийдвэрийг хянуулахаар зохих ёсоор хянан хэлэлцээгүй бол хүсэлтээс татгалзсан гэж үзэж, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд давж заалдах эрх үүснэ.
Тав. Допингийн шинжилгээ болон мөрдөн шалгалт, тамирчны байршлын тухай мэдээлэл
5.1. Допингийн шинжилгээ болон мөрдөн шалгалт нь зөвхөн допингийн эсрэг зорилгоор олон улсын стандарт болон олон улсын стандартын нэмэлт болох Үндэсний допингийн эсрэг байгууллагын тусгай протоколын дагуу явагдана.
5.2. Допингийн шинжилгээг тамирчин энэ дүрмийн 2.4.1 (Тамирчны сорьцод хориотой бодис, түүний маркер, метаболит байгаа), 2.4.2 (аль нэг хориотой бодис, эсхүл хориглосон аргыг тамирчин хэрэглэсэн, хэрэглэхээр завдсан)-т заасныг зөрчсөн эсэхийг тогтоох аналиктик нотлох баримтыг олж авах зорилгоор хийнэ.
5.3. Энэ дүрмийн 5.1-д заасан эрхийн хүрээнд Үндэсний допингийн эсрэг байгууллага нь энэ дүрмийн 1.3-т заасан тамирчдаас тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээ авах бүрэн эрхтэй.
5.4. Үндэсний допингийн эсрэг байгууллага ньтамирчнаас тухайн байгаа газартаа, тухайнцагт шинжилгээний дээж өгөхийг шаардаж болно.
5.5. Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 20.7.11-д заасны дагуу тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээ авах эрхтэй.
5.6. Олон улсын холбоо, эсхүл тэмцээний зохион байгуулах хороо нь Үндэсний допингийн эсрэг байгууллагатай шууд болон үндэсний холбоогоор дамжуулан нэмэлт дээж цуглуулах, лабораторид нэмэлт шинжилгээ хийлгэх ажлыг Үндэсний допингийн эсрэг байгууллагын зардлаар зохион байгуулж болно. Нэмэлт дээж авсан, эсхүл шинжилгээний нэмэлт төрлөөр явуулсан бол олон улсын холбоо, эсхүл томоохон арга хэмжээг зохион байгуулагч нарт мэдэгдэнэ.
5.7. Дор дурдсанаас бусад тохиолдолд тэмцээний туршид зөвхөн нэг л байгууллага тэмцээний байранд тэмцээний үеийн шинжилгээг авна:
5.7.1. Олон улсын тэмцээний үед тухайн тэмцээнийг үндсэн зохион байгуулагч олон улсын байгууллага дээж цуглуулах, илгээх, шинжлүүлэх ажлыг хариуцна;
5.7.2. Үндэсний хэмжээний тэмцээнд Үндэсний допингийн эсрэг байгууллага дээж цуглуулах, илгээх, шинжлүүлэх ажлыг хариуцна.
5.8. Шинжилгээ авах эрх бүхий боловч тэмцээний үеийн шинжилгээг авах, илгээх, шинжлүүлэх ажлыг шууд хариуцаагүй Үндэсний допингийн эсрэг байгууллага тэмцээний үеэр ажиллахыг хүсвэл эхлээд уг ажлыг хийх зөвшөөрөл авах тухай зөвшилцлийг тэмцээний зохион байгуулах хороотой хийнэ.
5.9. Үндэсний допингийн эсрэг байгууллага эрсдэлийн үнэлгээг боловсруулан үр дүнтэй хэрэгжүүлэх бөгөөд шинжилгээ, мөрдөн шалгалтын олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн спортын төрөл, тамирчны зэрэглэл, дээж цуглуулах болон шинжилгээний төрөл, дээж шинжлэх хэлбэр зэргийн зохистой харьцааг хадгалан шинжилгээ авах төлөвлөгөөг хэрэгжүүлнэ.
5.10. Шинжилгээний үр нөлөөг дээшлүүлэх, шаардлагагүй шинжилгээг давтан авахаас зайлсхийх зорилгоор шинжилгээний төлөвлөгөөг Дэлхийн допингийн эсрэг агентлагаас баталсан Олон улсын допингийн эсрэг захиргаа, удирдлагын систем (ADAMS) болон бусад системээр дамжуулан хийнэ.
5.11. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь “Шинжилгээ, мөрдөн шалгалт”-ын олон улсын стандартын дагуу байршлын тухай мэдээллээ өгч байх шаардлагатай тамирчдаас бүрдсэн шинжилгээний бүртгэлийн сан байгуулна.
5.12. Шинжилгээний бүртгэлийн санд багтсан тамирчид нь Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон энэ дүрмийн 2.4.4, 10.12.5-д заасан хариуцлагыг хүлээнэ.
5.13. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь тухайн тамирчны байршлын тухай мэдээллээр олон улсын холбоог ханган хамтран ажиллана.
5.14. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Олон улсын допингийн эсрэг захиргаа, удирдлагын систем (ADAMS)-ийг ашиглан шинжилгээний бүртгэлийн санг тамирчны нэрээр үүсгэнэ.
5.15. Үндэсний допингийн эсрэг байгууллага шинжилгээний бүртгэлийн санд бүртгэлтэй тамирчдыг шалгуур хангаж байгаа эсэхийг тогтмол хянаж, шинэчлэх шаардлагатай.
5.16. Тамирчдыг шинжилгээний бүртгэлийн санд оруулах, түүнээс хасах тохиолдол бүрд тэдэнд урьдчилан мэдэгдэнэ. Мэдэгдэл нь “Шинжилгээ, мөрдөн шалгалт”-ын олон улсын стандартад заасан мэдээллийг агуулсан байна.
5.17. Тамирчин нь олон улсын холбооны шинжилгээний бүртгэлийн санд бүртгэгдсэн тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллагын шинжилгээний бүртгэлийн санд давхар бүртгэгдэнэ. Энэ тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллага болон олон улсын холбоо тамирчны мэдээллийг харилцан зөвшөөрөх бөгөөд тухайн тамирчин нэг л удаа аль нэг байгууллагын шинжилгээний мэдээллийн санд мэдээллээ оруулна.
5.18. “Шинжилгээ, мөрдөн шалгалт”-ын олон улсын стандартын дагуу шинжилгээний бүртгэлийн санд багтсан тамирчин дараахь үүргийг хүлээнэ:
5.18.1. Үндэсний допингийн эсрэг байгууллагыг улирал бүр байршлын тухай мэдээллээр хангах;
5.18.2. Мэдээллээ бүрэн гүйцэд өгч, шаардлагатай тохиолдолд тухай бүр нь шинэчлэх;
5.18.3. Өгсөн байршлын мэдээллийнхээ дагуу шинжилгээ өгөхөд бэлэн байх.
5.19. Энэ дүрмийн 2.4.4-т заасан зөрчлөөр “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын хавсралт “Б”-д заасан нөхцөл үүссэн үед “Шинжилгээ, мөрдөн шалгалт”-ын олон улсын стандартад заасан тамирчны алдаа нь “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын хавсралт “Б”-д тодорхойлсон байршлын мэдээллээ өгөөгүй байх, шинжилгээ өгөөгүй байх гэсэн алдаа байж болзошгүйг нягтална.
5.20. Үндэсний допингийн эсрэг байгууллагын шинжилгээний бүртгэлийн санд бүртгэлтэй тамирчин дор дурдсанаас бусад тохиолдолд “Шинжилгээ, мөрдөн шалгалт”-ын олон улсын стандартад заасан шаардлагад нийцүүлэн байршлын тухай мэдээллээ өгөх үүрэгтэй:
5.20.1. Тамирчин зодог тайлсан тухайгаа Үндэсний допингийн эсрэг байгууллагад бичгээр мэдэгдсэн;
5.20.2. Үндэсний допингийн эсрэг байгууллага тамирчинд шинжилгээний бүртгэлийн санд багтах шалгуур хангахаа больсон талаар бичгээр мэдэгдсэн.
5.21. Шинжилгээний бүртгэлийн санд орсон тамирчны өгсөн мэдээллийг Олон улсын допингийн эсрэг захиргаа, удирдлагын систем (ADAMS)-ээр дамжуулан Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон энэ дүрмийн 5.3-т заасан шинжилгээ авах эрх бүхий допингийн эсрэг бусад байгууллагад хүргэнэ.
5.22. Байршлын тухай мэдээллийг бүх цаг үед чандлан нууцлах бөгөөд зөвхөн шинжилгээний төлөвлөлт хийх, допингийн хяналтыг зохион байгуулах, тамирчны биологийн паспортын мэдээлэл, эсхүл шинжилгээний дүнд анализ хийх, энэ дүрмийг зөрчсөн, эсхүл сэжигтэй тохиолдолд мөрдөн шалгалт хийхэд туслах зорилгоор ашиглах бөгөөд ашигласны дараа “Хувийн мэдээлэл, хувийн нууцыг хамгаалах” олон улсын стандартын дагуу устгана.
5.23. Үндэсний допингийн эсрэг байгууллагын шинжилгээний бүртгэлийн санд багтаж байгаад зодог тайлсан олон улсын зэрэглэлийн, эсхүл үндэсний зэрэглэлийн тамирчин дахин спортдоо эргэж ирэх бол бичгээр мэдэгдэл гаргахаас 6 (зургаа) сарын өмнө шинжилгээ өгөх бөгөөд Олон улсын холбоо болон Үндэсний допингийн эсрэг байгууллагад бичгээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэх хүртэл олон улсын болон үндэсний зэрэглэлийн тэмцээнд оролцохыг хориглоно.
5.24. Дүрмийн 5.17-д заасныг хэрэглэх нь тамирчинд шударга бус байх тохиолдолд Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь Үндэсний допингийн эсрэг байгууллага болон тухайн тамирчны харьяалагдах Олон улсын холбоотой зөвшилцсөний үндсэн дээр 6 (зургаа) сарын өмнө бичгээр мэдэгдэл өгөх шаардлагаас чөлөөлөх баталгаа олгож болно. Энэ шийдвэрийг энэ дүрмийн 13 дугаар хэсэгт заасны дагуу давж заалдах боломжтой.
5.25. Шийтгэлийн хугацаандаа зодог тайлах шийдвэр гаргасан тамирчин энэ тухайгаа Үндэсний допингийн эсрэг байгууллагад бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
5.26. Хэрэв тухайн тамирчин спортдоо дахин эргэж ирэхийг хүсвэл Үндэсний допингийн эсрэг байгууллага, олон улсын холбоонд бичгээр хүсэлт гаргахаас 6 (зургаа) сарын өмнө (эсхүл тамирчны зодог тайлах шийдвэр гаргасан өдрөөс шийтгэлийн хугацаа дуусах байсан өдөр хүртэл 6 (зургаан) сараас ихгүй хугацаа үлдсэн бол) өөрийн санаачилгаар шинжилгээ өгсөн байх шаардлагатай бөгөөд хүсэлтийг шийдвэрлэх хүртэл олон улсын болон үндэсний зэрэглэлийн тэмцээнд оролцох эрхгүй.
5.27. Үндэсний допингийн эсрэг байгууллага болон Монгол Улсад зохион байгуулагдах аливаа арга хэмжээ зохион байгуулах хороо нь ийм арга хэмжээнд хараат бус ажиглагчийн хөтөлбөрийг зөвшөөрч, дэмжиж болно.
Зургаа. Дээжийн шинжилгээ
6.1. Дараахь зарчмын дагуу дээжийг шинжилнэ:
6.1.1. Магадлан итгэмжлэгдсэн болон батлагдсан лабораторийг ашиглах;
6.1.2. Зөвхөн Дэлхийн допингийн эсрэг агентлагийн магадлан итгэмжлэлтэй, эсхүл зөвшөөрөлтэй лаборатори энэ дүрмийн 2.4.1-д заасан сорьцыг шинжилнэ. Сорьцод шинжилгээ хийлгэх магадлан итгэмжлэгдсэн, эсхүл зөвшөөрөгдсөн лабораторийг Үндэсний допингийн эсрэг байгууллага сонгох онцгой эрхтэй;
6.1.3. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 3.2-т заасны дагуу энэ дүрмийн зөрчилтэй холбоотой баримтуудыг ямар ч найдвартай арга, хэрэгслийн тусламжтайгаар цуглуулж болно. (Найдвартай арга хэрэгсэл гэж, тухайлбал Дэлхийн допингийн эсрэг агентлагийн магадлан итгэмжлэл бүхий лабораториос бусад шүүхийн шинжилгээний лабораторийг ойлгоно).
6.2. Дээж болон шинжилгээний холбогдох өгөгдөл, допингийн хяналтын мэдээллийг шинжлэх үйл ажиллагааны зорилго нь хориглосон жагсаалтад багтсан хориглосон бодис, хориглосон аргыг илрүүлэх, Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 4.5-д заасныг дагаж мөрдөхтэй холбогдох бусад бодисыг илрүүлэх, эсхүл тамирчны шээс, цус, бусад дээжид ДНХ, геномийн өөрчлөлтүүд болон байж болох бусад үзүүлэлтүүдийг илрүүлэхэд Үндэсний допингийн эсрэг байгууллагад туслахад оршино.
6.3. Дээж, түүнд холбогдох шинжилгээний өгөгдөл, допингийн хяналтын мэдээллийг допингийн эсрэг судалгааны зорилгоор ашиглаж болно. Ингэхдээ тамирчны бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр түүний дээжийг судалгааны зорилгоор шинжлэхийг хориглоно. Судалгааны зорилгоор ашиглаж буй дээж, түүний холбогдох шинжилгээний өгөгдөл, эсхүл допингийн хяналтын мэдээллийг эхлээд дээж болон түүнд холбогдох шинжилгээний өгөгдөл, эсхүл допингийн хяналтын мэдээллээр тухайн тамирчныг илрүүлэхээс урьдчилан сэргийлэх байдлаар боловсруулна. Дээж, түүнд холбогдох шинжилгээний өгөгдөл, эсхүл хяналтын мэдээллийг ашиглаж буй аливаа судалгааг Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 19 дүгээр зүйлд заасан зарчмыг баримтлан явуулна.
6.4. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 6.3-т заасны дагуу “Лаборатори”-ийн олон улсын стандартад бүхэлд нь, “Шинжилгээ, мөрдөн шалгалт”-ын олон улсын стандартын 4.7-д нийцүүлэн сорьцыг шинжлүүлэх хүсэлтийг лабораторид гаргана.
6.5. Лаборатори нь “Лаборатори”-ийн олон улсын стандартын дагуу сорьцыг шинжлэх техникийн баримт бичигт заагаагүй хориглосон бодис, хориглосон аргыг өөрсдийн санаачилгаар болон бусдын хүсэлтээр шинжилж болно. Энэ шинжилгээний үр дүн нь бусад шинжилгээний адил хүчинтэй ба түүнийг дүрмийн дагуу Үндэсний допингийн эсрэг байгууллагад мэдээлнэ.
6.6. Энэ дүрмийн 2.4.1-д заасан дүрэм зөрчсөн гэдгийг үндэслэж буй дээжийн тухай Үндэсний допингийн эсрэг байгууллага тамирчинд мэдэгдэхээс өмнө тухайн дээжийг дахин шинжлэх, эсхүл нэмэлт шинжилгээ хийх лабораторийн бүрэн эрхийг хязгаарлахгүй. Дахин шинжилгээ хийлгэх тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллага тамирчны, эсхүл хянан хэлэлцэх комиссын зөвшөөрлийг авах шаардлагатай.
6.7. Лаборатори нь сорьцыг сөрөг, эсхүл дүрэм зөрчөөгүй гэж мэдэгдсэний дараа энэ дүрмийн 6.2-т заасны дагуу Дэлхийн допингийн эсрэг агентлаг, эсхүл Үндэсний допингийн эсрэг байгууллагын санаачилгаар дахин шинжлэх зорилгоор хадгална. Тамирчнаас шинжилгээ авах эрх бүхий допингийн эсрэг бусад байгууллага сорьцыг дахин шинжлүүлэх шаардлага үүсвэл сорьцыг анх цуглуулсан Үндэсний допингийн эсрэг байгууллагаас зөвшөөрөл авах бөгөөд тухайн шинжилгээтэй холбоотой үр дүнгийн удирдлагын ажиллагааг зохион байгуулах ажлыг хариуцна. Дэлхийн допингийн эсрэг агентлаг, эсхүл эрх бүхий бусад допингийн эсрэг байгууллагын санаачилгаар сорьцыг дахин шинжлэх бол холбогдох зардлыг санаачилга гаргасан тухайн байгууллага гаргана. Дахин шинжилгээг “Лаборатори”-ийн олон улсын стандартад нийцүүлэн хийнэ.
6.8. Дэлхийн допингийн эсрэг агентлаг, эсхүл үр дүнгийн удирдлагын ажиллагааг зохион байгуулах эрх бүхий допингийн эсрэг байгууллага болон Дэлхийн допингийн эсрэг агентлагийн магадлан итгэмжлэл бүхий лаборатори нь А, эсхүл Б сорьцыг задлах нөхцөл үүссэн тохиолдолд А сорьцыг задлан шинжилж, Б сорьцыг баталгаажуулах зорилгоор нээхээр үлдээнэ. Шинжилгээ хийх бүх процесс “Лаборатори”-ийн олон улсын стандартад нийцэх шаардлагатай.
6.9. Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь лабораторийн, эсхүл Үндэсний допингийн эсрэг байгууллагын мэдэлд байгаа шинжилгээний дүн, мэдээллийг дурын хугацаанд хүсэлт гаргаж болон гаргахгүйгээр эзэмших эрхтэй. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Дэлхийн допингийн эсрэг агентлагийг хүсэлт гаргах үед лаборатори, эсхүл өгөгдөл, мэдээллийг авах боломжоор тухайн агентлагийг яаралтай хангах үүрэгтэй.
6.10. Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь урьдчилан хүсэлт гаргаагүй бол сорьцтой холбоотой мэдээллийг авсны дараа тодорхой хугацаанд лаборатори, эсхүл Үндэсний допингийн эсрэг байгууллагад мэдэгдэл ирүүлнэ. Сорьц болон өгөгдлийн шинжилгээ, мөрдөн шалгалтын дараа дүрмийн зөрчил илэрсэн бол Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь тамирчнаас шинжилгээ авах эрх бүхий бусад допингийн эсрэг байгууллагатай үр дүнгийн удирдлагын ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар зөвшилцөж болно.
Долоо. Үр дүнгийн удирдлага, хариуцлага, анхдагч хяналт, мэдэгдэл болон түр түдгэлзүүлэх
7.1. Үр дүнгийн удирдлага нь дүрмийн зөрчлийн асуудлыг шударга, шуурхай болон үр дүнтэй аргаар шийдвэрлэхэд зориулсан үйл ажиллагаа юм.
7.2. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 7.1 болон энэ дүрмийн 6.7, 6.9, 6.10-д өөрөөр заагаагүй бол дээж авсан болон түүнд шинжилгээ явуулсан (хэрэв дээж аваагүй бол допингийн эсрэг зохицуулалтыг зөрчсөн тухай тамирчин болон бусад этгээдэд хамгийн эхэнд мэдээлсэн болон тэрхүү зөрчлийн талаар анхааралтайгаар хөөцөлдсөн Үндэсний допингийн эсрэг байгууллага) Үндэсний допингийн эсрэг байгууллага үр дүнгийн удирдлагыг хариуцах бөгөөд түүний үйл ажиллагааны журмын дагуу явагдана.
7.3. Үндэсний допингийн эсрэг байгууллагаас бусад байгууллагын санаачилгаар авсан тэмцээний бус үеийн шинжилгээнд илэрсэн дүрмийн зөрчлийн үр дүнгийн удирдлагын ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг санаачилга гаргасан тухайн байгууллага хүлээнэ.
7.4. Үндэсний допингийн эсрэг байгууллагын санаачилгаар авсан тэмцээний бус үеийн шинжилгээнд илэрсэн дүрмийн зөрчлийн үр дүнгийн удирдлагын ажиллагааг хэрэгжүүлэх үүргийг Үндэсний допингийн эсрэг байгууллага хүлээнэ.
7.5. Дэлхийн допингийн эсрэг агентлаг тодорхой нөхцөлийн үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд Үндэсний допингийн эсрэг байгууллагыг чиглүүлнэ. Хэрэв Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Дэлхийн допингийн эсрэг агентлагаас өгсөн холбогдох хугацаанд үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэхээс татгалзвал үүнийг зөрчил гэж үзэх бөгөөд Дэлхийн допингийн эсрэг агентлаг тухайн тамирчин, эсхүл бусад этгээдийн хувьд бүрэн эрхтэй бусад допингийн эсрэг байгууллагыг Үндэсний допингийн эсрэг байгууллагын оронд үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэхийг, эсхүл хэрэв ийм допингийн эсрэг байгууллага байхгүй бол боломжтой бусад допингийн эсрэг байгууллагыг чиглүүлж болно. Энэ тохиолдолд Дэлхийн допингийн эсрэг агентлагаас нэрлэсэн допингийн эсрэг байгууллагын үр дүнгийн удирдлагын өмгөөллийн болон бусад зардлыг Үндэсний допингийн эсрэг байгууллага гаргана. Өмгөөллийн болон бусад зардлыг буцаан олгоогүй бол түүнийг энэ зохицуулалтын зөрчил гэж үзнэ.
7.6. Энэ дүрмийн 7.2-т заасан үр дүнгийн удирдлагын ажиллагааг хариуцах эрх бүхий байгууллага нь дүрмийн аливаа зөрчлийг нягтлах, мэдэгдэх үйл ажиллагааг “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын дагуу зохион байгуулна.
7.7. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь дүрмийн зөрчлийг тамирчин болон бусад этгээдэд мэдэгдэхээс өмнө тухайн тамирчинд хамааралтай дүрмийн зөрчил өмнө нь гарч байсан эсэхийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон бусад хамаарал бүхий допингийн эсрэг байгууллагатай холбогдох замаар нягтлан шалгана.
7.8. Албан журмын түр түдгэлзүүлэлт нь Үндэсний допингийн эсрэг байгууллага сөрөг аналитик илэрц болон паспортын сөрөг илэрц батлагдсан, уг илэрц нь тусгайлан заагдсан бодис, тусгайлан заагдсан арга, ангилалд хамаарахгүй болох тухай мэдээлэл авч, энэ дүрмийн 7.6-д заасны дагуу нягтлан үзэж, тамирчинд мэдэгдсэний дараа эхэлнэ.
7.9. Дараахь тохиолдолд албан журмын түр түдгэлзүүлэлтийг цуцална:
7.9.1. Уг зөрчил нь үл мэдэгдэх бодистой хамааралтай талаар тамирчин хэрэг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнд нотолгоо гаргаж өгсөн;
7.9.2. Зөрчил нь мансууруулах бодистой хамааралтай бөгөөд тамирчин нотолгоо гаргаж өгсний үр дүнд Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 10.2.4.1-д заасны дагуу эрх хасах шийтгэлийн хугацааг багасгах шийдвэр гарсан.
7.10. Үл мэдэгдэх бодистой хамааралтай талаар тамирчны гаргасан нотолгоотой холбоотой Үндэсний допингийн эсрэг байгууллагын хэрэг хянан хэлэлцэх бүрэлдэхүүний шийдвэр нь албан журмын түр түдгэлзүүлэлтийг цуцлах үндэслэл болохгүй бөгөөд энэ шийдвэрийг давж заалдах эрхгүй.
7.11. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь энэ дүрмийн 7.9-д зааснаас бусад тохиолдолд Б сорьцын шинжилгээний хариу гарах, эсхүл 8 дугаар бүлэгт заасан шүүхийн эцсийн шатны шийдвэр гарах хүртэл түр түдгэлзүүлэх шийтгэл оноож болно.
7.12. Энэ дүрмийн 7.9, 7.11-д зааснаас гадна дараахь тохиолдолд тамирчин болон бусад этгээдэд түр түдгэлзүүлэх шийтгэл оноохгүй:
7.12.1. Түр түдгэлзүүлэх шийтгэл оноохоос өмнө болон дараа нь хэргийг хянан шийдвэрлүүлэх боломж олгох;
7.12.2. Түр түдгэлзүүлсний дараа хурдавчилсан журмаар хянан хэлэлцүүлэх боломж олгох.
7.13. Түр түдгэлзүүлсэн ба түдгэлзүүлээгүй шийдвэрийг энэ дүрмийн 13.5-д заасны дагуу давж заалдаж болно.
7.14. Тамирчин дараахь тохиолдолд түр түдгэлзүүлэлтийг санаачилгаараа болон сайн дураар хүлээн зөвшөөрсөнд тооцно:
7.14.1. Б сорьцын шинжилгээний дүн гарснаас хойш 10 (арав) хоног өнгөрсөн (эсхүл Б сорьцыг шинжлүүлэхээс татгалзсан), эсхүл допингийн эсрэг өөр ямар нэг зөрчил гаргасан тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш 10 (арав) хоног өнгөрсөн;
7.14.2. Мэдэгдэл хүлээн авснаас хойш тамирчны анх удаа тэмцээнд орох өдөр байсан.
7.15. Бусад этгээд допингийн эсрэг дүрэм зөрчсөн мэдэгдлийг хүлээн авснаас 10 (арав) хоногийн дотор санаачилгаараа сайн дураар түр түдгэлзүүлэлтийг хүлээн зөвшөөрнө.
7.16. Хэрэв урьдчилан түдгэлзүүлэх шийтгэлийг ногдуулах үндэслэл болсон А сорьцын сөрөг аналитик илэрцийг Б сорьцын шинжилгээ (тамирчин, эсхүл Үндэсний допингийн эсрэг байгууллагын хүсэлтийн дагуу)-ний хариу А сорьцын хариуг батлахгүй бол тамирчин энэ дүрмийн 2.4.1-д заасан зөрчлийн улмаас урьдчилан түдгэлзүүлэх шийдвэрийг биелүүлэх үүрэг хүлээхгүй.
7.17. Хэрэв тамирчин, эсхүл тамирчны баг нь энэ дүрмийн 2.4.1-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр арга хэмжээнээс хасагдсан бөгөөд Б сорьцын шинжилгээний хариу А сорьцын хариуг баталгаажуулаагүй бол тамирчин, эсхүл түүний баг арга хэмжээний үйл явцад сөргөөр нөлөөлөхгүйгээр арга хэмжээнд буцаан оруулах боломжтой байх тохиолдолд тамирчин, эсхүл түүний багийг арга хэмжээнд үргэлжлүүлэн оролцуулж болно.
7.18. Үр дүнгийн удирдлагын ажиллагааны талаар Үндэсний допингийн эсрэг байгууллагаас гаргасан дараахь агуулга бүхий шийдвэр, эсхүл хэрэг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн, шүүх, арбитрын шийдвэр нь газар зүйн байршил, спортын төрлөөс үл хамааран адил үйлчилнэ:
7.18.1. Дүрэм зөрчигдсөн, эсхүл түр түдгэлзүүлэх шийтгэл оноогдсон;
7.18.2. Дүрмийн зөрчлөөс үүссэн бүх үр дагавар.
7.19. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын дагуу тамирчин, бусад этгээд, эрх бүхий байгууллагууд, Дэлхийн допингийн эсрэг агентлагт үр дүнгийн удирдлагын ажиллагааны шийдвэрийг мэдэгдэнэ.
7.20. Тамирчин, эсхүл бусад этгээд үр дүнгийн удирдлагын ажиллагаа үргэлжилж байх явцад зодог тайлах шийдвэр гаргасан ч Үндэсний допингийн эсрэг байгууллага нь үр дүнгийн удирдлагын ажиллагааг бүрэн дуусгана.
7.21. Тамирчин үр дүнгийн удирдлагын ажиллагаа эхлэхээс өмнө зодог тайлах шийдвэр гаргасан тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллага нь тухайн тамирчин, эсхүл бусад этгээдийн дүрэм зөрчигдсөн тухайн цаг үеэр нь тасалбар болгон үр дүнгийн удирдлагын ажиллагаа явуулах эрхтэй.
Найм. Үр дүнгийн удирдлага, шударгаар хянан шийдвэрлүүлэх болон хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэрийг мэдэгдэх
8.1. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь дүрмийн зөрчил гаргасан аливаа этгээдэд “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын дагуу цаг хугацаанд нь шударгаар, үйл ажиллагааны хувьд хараат бусаар хэргийг хянан шийдвэрлэх боломж олгоно.
8.2. Зөвхөн Үндэсний их баяр наадмын хувьд Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан эрх бүхий этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шийдвэр гаргана.
8.3. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь тамирчин болон бусад этгээдийн гаргасан дүрмийн зөрчлийг хянан шийдвэрлэх, зохих шийтгэлийг оноох эрх бүхий, сонирхлын аливаа зөрчлөөс ангид, мэргэжлийн туршлагатай, үйл ажиллагааны хувьд хараат бус байх зэрэг “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын шаардлагыг хангасан хэрэг хянан шийдвэрлэх комиссыг байгуулна.
8.4. Үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд, тус байгууллагын ажилтан, бусад комиссын гишүүд, зөвлөх, түүний харьяалах байгууллага болон мөрдөн шалгалт хийхэд оролцсон ажилтнууд, холбогдох маргаанд оролцсон, аливаа шийдвэрийн төслийг бэлтгэх үүрэгтэй албан хаагчдыг хэрэг хянан шийдвэрлэх комиссын гишүүнээр томилохыг хориглоно.
8.5. Хэрэг хянан шийдвэрлэх комисс нь дарга, хараат бус 4 (дөрөв) гишүүнээс бүрдэнэ.
8.6. Гишүүн бүрийг тэдний допингийн эсрэг үйл ажиллагааны чиглэлээр хууль, спорт, анагаах ухааны болон шинжлэх ухааны бусад салбар дахь ажлын туршлагыг нь харгалзан томилно. Гишүүдийг нэг удаа дахин сонгогдохоор 3 (гурав) жилийн хугацаатай томилно.
8.7. Хэрэг хянан шийдвэрлэх комисс нь хэргийг хянан хэлэлцэх, шийдвэр гаргахдаа Үндэсний допингийн эсрэг байгууллага, эсхүл аливаа гуравдагч этгээдээс үл хамааран хараат бус байна.
8.8. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь тамирчин болон бусад этгээдэд энэ дүрмийн зөрчил үүссэн тухай мэдэгдсэн, тамирчин болон бусад этгээд нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 8.3.1, 8.3.2-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлүүлэхээс татгалзаагүй бол тус комисс нь “Үр дүнгийн удирдлага”-ын олон улсын стандартын 8, 9 дүгээр бүлэгт заасан зарчмуудыг баримтлан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна.
8.9. Хэрэг хянан шийдвэрлэх комиссын дарга нь тухайн хэргийг шийдвэрлэх 3 (гурав) гишүүн (гишүүд нь хэргийг ямар нэг нөхцөл шалтгаанаас үл хамааран шударгаар шүүнэ гэдгээ илэрхийлж, гарын үсэг зурах шаардлагатай)-ийг томилно.
8.10. Хэрэг хянан шийдвэрлэх комисс зөвшөөрсөн тохиолдолд аль нэг тэмцээн, наадамтай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түргэвчилсэн журмаар явуулж, шийдвэр гаргаж болно.
8.11. Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон тухайн тамирчны харьяалагдах олон улсын холбоо, спортын үндэсний холбоо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ажиглагчаар оролцож болно. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь оролцогч талуудыг тухайн хэргийн төлөв байдал болон шийдвэрийн талаар бүрэн мэдээллээр хангана.
8.12. Хэрэг хянан шийдвэрлэх комисс нь ажиллагаа дуусмагц “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын 9 дүгээр бүлэгт нийцүүлэн шийдвэрээ бичгээр гаргана. Уг шийдвэрт шийдвэр гаргах болсон үндэслэл, эрх хассан шийтгэлийн хугацаа, энэ дүрмийн 10.53-т заасныг баримтлан үр дүнг хүчингүй болгосон үндэслэл зэргийг багтаана.
8.13. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь хэрэг хянан хэлэлцсэн шийдвэрийг тамирчин, бусад этгээд Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 13.2.3-т заасны дагуу давж заалдах эрх бүхий допингийн эсрэг бусад байгууллагад мэдээлнэ. Шийдвэрийг Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 13 дугаар бүлгийг үндэслэн давж заалдаж болно.
8.14. Дүрмийн зөрчил гаргасан тамирчин, бусад этгээд нь хэргийг хянан шийдвэрлүүлэхээс татгалзаж, Үндэсний допингийн эсрэг байгууллагаас оноох аливаа шийтгэлийг хүлээн зөвшөөрч болно. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын 9 дүгээр бүлэгт нийцүүлэн шийдвэр гаргах болсон үндэслэл, эрх хассан шийтгэлийн хугацаа, энэ дүрмийн 10.53-т заасныг баримтлан үр дүнг хүчингүй болгосон үндэслэл зэргийг багтаасан бичгээр гаргасан мэдэгдлийг хүргүүлнэ.
8.15. Тамирчин, эсхүл энэ дүрмийг зөрчсөн бусад этгээд нь мэдэгдэл хүлээн авснаас хойш 15 (арван тав) хоногийн дотор, эсхүл мэдэгдэлд өөрөөр заасан хугацаанд маргаан үүсгээгүй бол хэрэг хянан хэлэлцүүлэхээс татгалзсан, зөрчлөө хүлээн зөвшөөрсөн, Үндэсний допингийн эсрэг байгууллагаас оноох аливаа шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
8.16. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 8.3.1, 8.3.2-т заасныг хэрэглэх нөхцөл үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагагүй.
8.17. Үндэсний допингийн эсрэг байгууллага тамирчин, бусад этгээд болон энэ дүрмийн 13.11-д заасны дагуу давж заалдах эрх бүхий допингийн эсрэг бусад байгууллагад мэдээлнэ. Үндэсний допингийн эсрэг байгууллага энэ дүрмийн 14.10-д зааснаар олон нийтэд мэдээлнэ.
8.18. Олон улсын зэрэглэлийн, эсхүл үндэсний зэрэглэлийн тамирчин, эсхүл бусад этгээдийн эсрэг үүссэн дүрмийн зөрчлийн хэргийг тухайн тамирчин, эсхүл бусад этгээд, Үндэсний допингийн эсрэг байгууллага (энэ дүрмийн 7 дугаар хэсэгт заасан үр дүнгийн удирдлагыг хариуцаж байгаа учраас) болон Дэлхийн допингийн эсрэг агентлагийн зөвшөөрөлтэйгээр шууд Олон улсын спортын арбитрын шүүхээр хэлэлцүүлж болно.
Ес. Хувийн амжилтыг шууд хүчингүй болгох
9.1. Ганцаарчилсан спортын төрлийн тэмцээний үеийн шинжилгээний дүнгээр допингийн эсрэг дүрэм зөрчсөн болох нь тогтоогдсон тохиолдолд тухайн тэмцээнд гаргасан амжилтыг автоматаар хүчингүй болгон холбогдох медаль, оноо, шагнал зэргийг хураан авна.
Арав. Хувь хүнд шийтгэл оногдуулах
10.1. Тэмцээний үеэр дүрмийн зөрчил гарсан нь тогтоогдсон бол энэ дүрмийн 10.12-т зааснаас бусад тохиолдолд тэмцээнийг зохион байгуулагч, эрх бүхий этгээд тамирчны тухайн тэмцээнд үзүүлсэн хувийн амжилтыг хүчингүй болгох, медаль шагналыг хураах шийдвэр гаргана.
10.2. Тэмцээний бусад үр дүнг хасах эсэхийг харгалзан үзэх хүчин зүйлүүдэд тамирчин энэ дүрмийг ноцтой зөрчсөн эсэх, тамирчин бусад тэмцээнд сөрөг хариу өгсөн эсэх зэрэг багтана.
10.3. Тамирчин нь гэм буруугүй, эсхүл хайхрамжгүй байдлаас болсон гэдгийг нотолсон бол дүрмийн зөрчил гарсан тухайн тэмцээнээс бусад тэмцээнд тамирчны үзүүлсэн амжилтад уг допингийн эсрэг зөрчил нөлөөлсөн байх магадлалтайгаас бусад тохиолдолд тамирчны бусад тэмцээнд үзүүлсэн амжилтыг хүчингүй болгохгүй.
10.4. Энэ дүрмийн 2.4.1, 2.4.2, 2.4.6-д заасан зөрчлийн хувьд эрх хасах хугацааг дор дурдсанаар тогтоож энэ дүрмийн 10.14, 10.15, 10.23-т заасны дагуу боломжоор хасах, багасгах болон түдгэлзүүлэх зохицуулалтыг дагаж мөрдөнө:
10.4.1. Энэ дүрмийн 10.8-д заасны дагуу эрх хасах шийтгэлийн хугацаа нь 4 (дөрөв) жил байна. (Тамирчин болон бусад этгээд нь дүрмийн зөрчлийг санаатайгаар үйлдээгүй гэдгээ нотолсноос бусад тохиолдолд допингийн эсрэг зөрчил нь тусгай бодис, эсхүл тусгай аргын ангилалд хамаарахгүй. Зөрчил нь тусгай бодис, эсхүл тусгай аргын ангилалд хамаарсан ч Үндэсний допингийн эсрэг байгууллага санаатай үйлдэл гэдгийг нотолсон.)
10.4.2. Энэ дүрмийн 10.4.1-д зааснаас бусад тохиолдолд эрх хасах хугацаа 2 (хоёр) жил байна.
10.5. Энэ дүрмийн 10.4-т заасан “санаатай” гэдэг нэр томьёог тамирчин хууран мэхэлсэн гэж ойлгоно. Уг нэр томьёонд мэдсээр байж дүрмийг зөрчсөн, эсхүл дүрмийг зөрчихөд гарах үр дүн, эрсдэлийг мэдэж байсан болон илтэд үл тоосон тамирчин, бусад этгээдийг хамруулан ойлгоно.
10.6. Зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглосон бодис илэрснээс шалтгаалсан дүрмийн зөрчлийг тухайн бодис нь тусгайлсан бодист хамаарсан, тамирчин уг хориглосон бодисыг тэмцээний бус үед хэрэглэсэн бол санаатай гэж үзнэ.
10.7. Тухайн бодис нь тусгайлсан бодист хамаарсан, тамирчин нь уг хориглосон бодисыг тэмцээний бус үед хэрэглэхдээ спортын ур чадвараа сайжруулахаас бусад зорилгоор хэрэглэсэн бол зөвхөн тэмцээний үед хэрэглэхийг хориглосон бодис илэрснээс шалтгаалсан дүрмийн зөрчлийг санаатай гэж үзэхгүй.
10.8. Мансууруулах бодисуудтай холбоотой дүрмийн зөрчил үүссэн тохиолдолд энэ дүрмийн 10.4-т заасан бусад заалтыг хэрэглэнэ.
10.9. Хэрэв тамирчин спортын үзүүлэлттэй ямар ч холбоогүй бөгөөд тэмцээнээс гадна хэрэглэсэн, эсхүл уусан гэдгээ нотлох боломжтой бол эрх хасах шийтгэлийн хугацаа 3 (гурав) сар байна.
10.10. Тамирчин Үндэсний допингийн эсрэг байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу мансууруулах бодисын эмчилгээний хөтөлбөрт хамрагдсан бол шийтгэлийн хугацааг 1 (нэг) сар хүртэл бууруулж болно. Энэ дүрмийн 10.9-д заасны дагуу оноосон шийтгэлийн хугацааг энэ дүрмийн 10.16-д заасныг үндэслэн багасгаж болохгүй.
10.11. Тэмцээний үед ямар нэг хоол хүнс, бодис хэрэглэсэн нь тогтоогдсон ч тамирчин түүнийг спортын ур чадвараа дээшлүүлэхтэй холбоогүй байсныг нотолсон, уг хэрэглээ нь энэ дүрмийн 10.4.1-д заасны дагуу санаатай хэрэглээгүй болох нь тогтоогдсон бол энэ нөхцөлийг 10.14-т заасан хүндрүүлэх нөхцөл байдал гэж үзэхгүй.
10.12. Энэ дүрмийн 10.15, 10.16-д зааснаас бусад тохиолдолд 10.4-т зааснаас бусад зөрчлийн эрх хасах хугацааг дараахь байдлаар тогтооно:
10.12.1. Энэ дүрмийн 10.55-д зааснаас бусад тохиолдолд энэ дүрмийн 2.4.3, эсхүл 2.4.5-д заасан зөрчилд оноох эрх хасах хугацаа нь 4 (дөрөв) жил байна;
10.12.2. Тамирчин сорьц өгөөгүйгээс шалтгаалсан дүрмийн зөрчил нь санаатай бус байсан гэдгийг нотолсон бол эрх хасах хугацаа нь 2 (хоёр) жил байна;
10.12.3. Дүрмийн 10.12.2-т зааснаас бусад тохиолдолд, тамирчин, эсхүл бусад этгээд нь зөрчил үүссэн онцгой шалтгаан нь эрх хасах хугацааг бууруулах үндэслэл болох тухай нотолгоо гаргасан бол эрх хасах шийтгэлийн хугацаа нь тамирчин болон бусад этгээдийн алдааны зэргээс хамааран 2 (хоёр)-оос 4 (дөрөв) жил байна;
10.12.4. Хамгаалагдсан этгээд, эсхүл сонирхогч байгаа тохиолдолд алдааны зэргээс хамаарч хамгийн багадаа сануулах, дээд тал нь 2 (хоёр) жилийн хугацаагаар эрх хасах шийтгэл онооно;
10.12.5. Энэ дүрмийн 2.4.4-т заасан зөрчлийг гаргасан тохиолдолд эрх хасах хугацаа нь 2 (хоёр) жил байна. Тамирчны гаргасан алдааны зэрэглэлээс хамаарч уг хугацааг 1 (нэг) жил хүртэл хугацаагаар багасгаж болно. Байршлын тухай мэдээллээ сүүлийн мөчид өөрчилсөн, эсхүл шинжилгээ өгөхөөс зайлсхийх оролдлого хийсний улмаас түр түдгэлзүүлэх шийтгэл авсан тамирчинд энэ зүйлд заасан хөнгөлөлтийг хэрэглэхгүй;
10.12.6. Энэ дүрмийн 2.4.7, 2.4.8-д заасныг зөрчсөн тохиолдолд зөрчлийн ноцтой байдлаас шалтгаалан хамгийн багадаа 4 (дөрөв) жилээс насан туршид нь эрх хасах хүртэл шийтгэл оногдуулна;
10.12.7. Дүрмийн 2.4.7, 2.4.8-д заасан зөрчлийг хамгаалагдсан этгээдийн хувьд ноцтойд тооцох бөгөөд хэрэв тамирчныг дэмжих этгээд тусгайлсан бодисоос бусад шалтгаанаар зөрчил гаргасан бол түүнд насан туршид нь эрх хасах шийтгэл онооно;
10.12.8. Энэ дүрмийн 2.4.9-д заасан зөрчлийн хувьд зөрчлийн ноцтой байдлаас хамааран эрх хасах шийтгэлийн хугацаа хамгийн багадаа 2 (хоёр) жилээс насан туршид байна;
10.12.9. Энэ дүрмийн 2.4.10-д заасан зөрчлийн хувьд эрх хасах шийтгэлийн хугацаа хамгийн багадаа 2 (хоёр) жил байх бөгөөд тамирчин болон бусад этгээдийн гэм буруугийн зэрэг болон бусад нөхцөл байдлаас хамааран хамгийн багадаа 1 (нэг) жилээр бууруулж болно;
10.12.10. Энэ дүрмийн 2.4.11-д заасан зөрчлийн хувьд эрх хасах шийтгэлийн хамгийн бага хугацаа 2 (хоёр) жил байх бөгөөд тамирчин, эсхүл бусад этгээдийн гаргасан зөрчлийн ноцтой байдлаас хамаарч насан турш эрх хасах хүртэл нэмэгдүүлж болно.
10.13. Энэ дүрмийн 2.4.7, 2.4.8-д заасан зөрчил нь спортын бус хууль, дүрмийг давхар зөрчсөн бол эрх бүхий мэргэжлийн болон хуулийн байгууллагад мэдээлнэ.
10.14. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь зөрчлийн тухайн тохиолдол нь энэ дүрмийн 2.4.7 (Түгээх, түгээхийг завдах), 2.4.8 (Хориотой бодис, хориглосон аргыг өгөх, эсхүл өгөхөөр завдах), 2.4.9 (Хамтран оролцох), эсхүл 2.4.11 (Мэдээлэхийн эсрэг заналхийлэх, өс авах үйлдэл)-д зааснаас бусад зөрчилд хамаарч байгааг тогтоосон бол энэ нь шийтгэлийн хугацааг стандарт хугацаанаас нэмэгдүүлэн оноох үндэслэл болох бөгөөд тамирчин бусад этгээд санаатайгаар зөрчөөгүй гэдгийг нотолсноос бусад тохиолдолд зөрчлийн ноцтой байдлаас хамааран 2 (хоёр) жил хүртэл хугацаагаар нэмэгдүүлж онооно.
10.15. Тамирчин, бусад этгээд тухайн зөрчилд гэм буруугүй, эсхүл хайхрамжгүй байдлаас шалтгаалан зөрчил гаргасан гэдгийг нотолсон тохиолдолд эрх хасах шийтгэлийн хугацааг цуцална.
10.16. Тусгайлсан бодис, үл мэдэх бүтээгдэхүүнд хамаарах 2.4.1, 2.4.2, 2.4.6-д заасан зөрчлүүдэд оноосон шийтгэлийн хугацааг багасгана. (Энэ заалтад үндэслэгдсэн хугацааг бууруулах бүх шийдвэр нь харилцан үгүйсгэхгүй ба хуримтлагдахгүй).
10.17. Зөрчил нь тусгайлсан бодист хамаарах, хайнга хандсаны улмаас хэрэглэсэн, дүрмийн зөрчил гаргаагүй гэдгийг тамирчин өөрөө, эсхүл бусад этгээд нотолж чадвал алдаанаас хамаарч хамгийн багадаа эрх хасалгүй сануулга өгөх, хамгийн ихдээ 2 (хоёр) жилээр эрх хасах шийтгэл онооно.
10.18. Тамирчин болон бусад этгээд буруугүй, эсхүл хайнга хандсанаас болон илэрсэн хориотой бодис (мансууруулах бодисоос бусад) нь үл мэдэгдэх бүтээгдэхүүнээс илэрсэн гэдгийг нотолж чадвал алдааны зэрэглэлээс хамаарч хамгийн багадаа эрх хасалгүйгээр сануулга өгөх ба хамгийн ихдээ 2 (хоёр) жилээр эрх хасах шийтгэл онооно.
10.19. Хамгаалагдсан этгээд, эсхүл спорт сонирхогч мансууруулах бодистой холбоотой дүрмийн зөрчил гаргасан бөгөөд үүнд гэм буруу байхгүй, эсхүл хайхрамжгүйгээр үйлдсэн гэдгийг нотолсон бол эрх хасах шийтгэлийн хугацаа нь хамгаалагдсан этгээд, эсхүл спорт сонирхогчийн гэм буруугийн зэргээс хамаарч хамгийн багадаа сануулах шийтгэл оноох бөгөөд хэргийн ноцтой байдлаас хамааран хамгийн ихдээ 2 (хоёр) жил байна.
10.20. Тамирчин, эсхүл бусад этгээдийн онцгой тохиолдолд энэ дүрмийн 10.16.1 дэх заалт үйлчлэхгүй бөгөөд тамирчин, эсхүл бусад этгээд гэм буруу байхгүй, эсхүл хайхрамжгүйгээр үйлдсэн гэдгээ нотолсон бол бусад эрх хасах шийтгэлийн хугацааг энэ дүрмийн 10.23-т заасны дагуу шийтгэлийг тамирчин, эсхүл бусад этгээдийн гэм буруугийн зэргээс хамаарч багасгаж, эсхүл цуцалж болно.
10.21. Эрх хасах шийтгэлийн хугацааг нийт хугацааны хоёрны нэгээс бага хэмжээгээр багасгаж болохгүй.
10.22. Эрх хасах шийтгэлийн хугацааг бүх насаар нь ногдуулсан бол шийтгэлийг хөнгөрүүлэх хугацаа нь 8 (найм) жилээс бага байж болохгүй.
10.23. Тамирчин ба бусад этгээд Үндэсний допингийн эсрэг байгууллага, цагдаагийн болон мэргэжлийн бусад байгууллагад бодит туслалцаа үзүүлснээр дор дурдсан үр дүн гарсан тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллага энэ дүрмийн 13 дугаар хэсэгт заасны дагуу давж заалдах шийдвэр гарахаас өмнө, эсхүл давж заалдах гомдол гаргах хугацаа дуусахаас өмнө тухайн хэрэгт ногдуулсан шийтгэлийг (эрх хасагдсан хугацаа эхлэх, олон нийтэд мэдээлэхээс өмнө) түр түдгэлзүүлж болно:
10.23.1. Үндэсний допингийн эсрэг байгууллага өөр этгээдийн үйлдсэн дүрмийн зөрчлийг илрүүлсэн;
10.23.2. Хүчний байгууллага гэмт хэрэг илрүүлсэн, эсхүл өөр нэгэн этгээдийн үйлдсэн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийн зөрчлийг илрүүлсэн болон уг мэдээлэл нь үр дүнгийн удирдлагыг хариуцаж байгаа допингийн эсрэг байгууллагад бодит туслалцаа болсон;
10.23.3. Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь магадлан итгэмжлэгдсэн лабораторийн эсрэг олон улсын стандарт, техникийн баримт бичигт нийцээгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн;
10.23.4. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн баталснаар хүчний байгууллагууд допингоос бусад гэмт хэрэг, спортын бус үйлдэл, зөрчлүүдийг илрүүлсэн.
10.24. Энэ дүрмийн 13 дугаар хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шийдвэр гарсан, эсхүл давж заалдах хугацаа дууссан бол Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон холбогдох олон улсын байгууллагын зөвшөөрлөөр оноосон шийтгэлийн зарим хэсгийг түр түдгэлзүүлж болно.
10.25. Тамирчин болон бусад этгээдийн гаргасан допингийн эсрэг зөрчлийн ноцтой байдал, тэдний үзүүлсэн бодит туслалцааны спорт дахь допингийг устгах, дүрэмд нийцүүлэх, спортын бүрэн байдлыг хангахад үзүүлэх ач холбогдлыг харгалзан эрх хассан хугацааг түр түдгэлзүүлж болно. Энэ тохиолдолд эрх хасах шийтгэлийн дөрөвний гурваас илүүгүй хугацааг түдгэлзүүлж болно.
10.26. Эрх хасах шийтгэлийн хугацаа нь насан туршид байгаа бол 8 (найм) жилээс багагүй хугацааг түр түдгэлзүүлж болно. Энэ хэсэгт хамаарах эрх хасах шийтгэлийн хугацаанд энэ дүрмийн 10.49-д заасны дагуу нэмэгдэж болох эрх хасах хугацаа хамаарахгүй.
10.27. Тамирчин болон бусад этгээд бодит туслалцаа үзүүлэх хүсэлт гаргавал Үндэсний допингийн эсрэг байгууллага нь ямар нэг гэрээ байгуулахгүйгээр мэдээлэл өгөх зөвшөөрөл олгоно.
10.28. Тамирчин болон бусад этгээд нь хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй, эсхүл итгэл үнэмшил төрүүлэхүйц бодит туслалцаа үзүүлэхгүй бол Үндэсний допингийн эсрэг байгууллага нь анх оноосон шийтгэлийг сэргээнэ.
10.29.Үндэсний допингийн эсрэг байгууллага нь шийтгэлийг сэргээх, эсхүл сэргээхгүй байх тухай шийдвэр гаргасан бол энэ дүрмийн 13 дугаар хэсэгт заасан давж заалдах эрх бүхий аливаа этгээд давж заалдаж болно.
10.30. Үндэсний допингийн эсрэг байгууллага, эсхүл дүрмийн зөрчил гаргасан нь нотлогдсон тамирчин, бусад этгээдийн хүсэлтээр тамирчин болон бусад этгээдийг Үндэсний допингийн эсрэг байгууллагад бодит туслалцаа үзүүлэхийг уриалсан бол Дэлхийн допингийн эсрэг агентлаг үр дүнгийн удирдлагын аль ч шатанд, түүний дотор энэ дүрмийн 13 дугаар хэсэгт зааснаар давж заалдах шатны шийдвэр гарсны дараа ч эрх хасах хугацаа болон бусад үр дагаврыг түдгэлзүүлж болно.
10.31. Дэлхийн допингийн эсрэг агентлаг онцгой тохиолдолд энэ дүрэмд зааснаас илүүгээр эрх хасах хугацаа, бусад үр дагаврыг түр түдгэлзүүлэх, эсхүл эрх хасахгүй байх, нийтэд мэдээлэхгүй байх, шагналын болон бусад зардлын мөнгийг буцааж өгөхгүй байх нөхцөлийг зөвшөөрч болно. Энэ дүрэмд өөрөөр заагаагүй бол Дэлхийн допингийн эсрэг агентлагийн шийдвэрийг цуцалж, шийтгэлийг дахин сэргээнэ.
10.32. Энэ дүрмийн 13 дугаар хэсэгт зааснаас үл хамааран 10.30, 10.31 дэх заалтад холбогдох Дэлхийн допингийн эсрэг агентлагийн шийдвэрийг давж заалдахгүй.
10.33. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь бодит туслалцааны улмаас шийтгэлийг түдгэлзүүлсэн бол шийдвэр гаргасан үндэслэлээ энэ дүрмийн 13.11-д заасан давж заалдах эрх бүхий допингийн эсрэг бусад байгууллагад мөн дүрмийн 14 дүгээр хэсэгт заасны дагуу мэдээлнэ.
10.34. Дэлхийн допингийн эсрэг агентлаг допингийн эсрэг үйл ажиллагаанд онцгой нөлөө үзүүлнэ гэж дүгнэсэн тохиолдолд бодит тусламж авахтай холбоотой тодорхой хязгаар бүхий нууцлалын гэрээг байгуулах зөвшөөрлийг Үндэсний допингийн эсрэг байгууллагад олгоно.
10.35. Тамирчин, эсхүл бусад этгээд нь дүрмийн зөрчлийг нотлох боломжтой дээжийн шинжилгээ өгөх тухай мэдэгдлийг (эсхүл энэ дүрмийн 2.4.1-д зааснаас бусад зөрчил гаргасан тухай энэ дүрмийн 7 дугаар хэсэгт заасны дагуу эхний мэдэгдэл хүлээн авах) хүлээн авахаасаа өмнө допингийн эсрэг зохицуулалтыг зөрчсөн гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд ингэж хүлээн зөвшөөрөх үед зөрчлийн цор ганц нотлох баримт нь хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл байх тохиолдолд эрх хасах шийтгэлийн хугацааг хоёрны нэгээс багагүй хугацаагаар багасгана.
10.36. Тамирчин, эсхүл бусад этгээд нь энэ дүрмийн 10.23-т заасны дагуу арга хэмжээ авахаас өмнө энэ дүрмийн 10.15, 10.16, 10.23-т заасан эрх хасах шийтгэлийн хугацааг багасгах хэд хэдэн үндэслэлийг хангасан бол эрх хасах шийтгэлийн хугацааг энэ дүрмийн 10.4, 10.15, 10.16, 10.23-т заасны дагуу тогтооно.
10.37. Тамирчин, эсхүл бусад этгээд энэ дүрмийн 10.23-т заасны дагуу эрх хасах шийтгэлийн хугацааг багасгах, эсхүл түдгэлзүүлэх үндэслэлийг хангасан бол эрх хасах шийтгэлийн хугацааг ногдуулах шийтгэлийн боломжит хугацааны дөрөвний нэгээс ихгүй хэмжээгээр багасгана.
10.38. Тамирчин ба бусад этгээд 4 (дөрөв) ба түүнээс дээш хугацаагаар эрх хасах (10.14-т заасны дагуу эрх хасах ямар нэг хугацаа хамаарна) шийтгэл оноогдож болохуйц дүрэм зөрчсөн тухай мэдэгдлийг Үндэсний допингийн эсрэг байгууллагаас хүлээн авсны дараа 20 (хорь) хоногийн дотор зөрчил болон шийтгэлийн хугацаагаа хүлээн зөвшөөрсөн бол Үндэсний допингийн эсрэг байгууллага эрх хасах шийтгэлийн хугацааг 1 (нэг) жилээр бууруулна. Энэ заалтын дагуу тамирчны эрх хасах хугацааг 1 (нэг) жилээр бууруулсан бол бусад заалтад үндэслэн эрх хасах хугацааг дахин бууруулах арга хэмжээ авахгүй.
10.39. Тамирчин болон бусад этгээд дүрмийн зөрчил болон түүний үр дагаврыг Үндэсний допингийн эсрэг байгууллагатай уулзалт хийсний дараа Үндэсний допингийн эсрэг байгууллага болон Дэлхийн допингийн эсрэг агентлагийн өмнө өөрөө хүлээн зөвшөөрсөн бол түүнд дараахь хөнгөлөлтийг эдлүүлж болно:
10.39.1. Тамирчин ба бусад этгээдийн эрх хасах хугацааг энэ дүрмийн 10.1, 10.23-т заасан үндэслэлийг хэрэглэх, зөрчлийн ноцтой байдал, гэм буруугаа хүлээсэн хугацааг харгалзан бууруулна;
10.39.2. Эрх хасах хугацааг аль болох эрт буюу хамгийн сүүлд дүрмийн зөрчил илэрсэн сорьц өгсөн хугацаанаас эхэлж тооцно. Аль ч зөрчлийн үед энэ заалтыг хэрэглэх тохиолдолд эрх хасах хугацааг тамирчин болон бусад этгээдийн шийтгэлээ хүлээн зөвшөөрсөн хугацаанаас эхлэн тооцож, хамгийн багадаа эрх хасах нийт хугацааны хоёрны нэгтэй тэнцүү хугацаанд үргэлжилнэ.
10.40. Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Үндэсний допингийн эсрэг байгууллагын шийдвэр, бууруулсан болон эрх хасалтыг тооцож эхлэх хугацаа нь хянан шийдвэрлэх комисс дахин нягталж үзэхгүй байх, эсхүл энэ дүрмийн 13 дугаар хэсэгт заасны дагуу давж заалдахгүй байх үндэслэл болохгүй.
10.41. Үндэсний допингийн эсрэг байгууллага дүрмийн 10.40-д заасны дагуу маргаан шийдвэрлэх тохиролцоо хийх хүсэлт гаргасан тамирчин, эсхүл бусад этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэхгүй байх гэрээний хүрээнд дүрмийн зөрчлөө хүлээсэн талаар хэлэлцэх зөвшөөрлийг олгоно.
10.42 Тамирчин, эсхүл бусад этгээд дүрмийн зөрчлийг хоёр дахь удаагаа гаргасан бол эрх хасах хугацаа 6 (зургаа) сараас багагүй байх бөгөөд дор дурдсан хязгаар дотор байна:
10.42.1. Эхний зөрчлийн улмаас оноосон эрх хасах хугацааны нийлбэр дээр хоёр дахь зөрчилд хамаарах хугацааг нэмэгдүүлж онооно;
10.42.2. Дүрмийн зөрчлийг хоёр дахь удаагаа гаргасан бөгөөд энэ зөрчлийг эхний удаагийн зөрчил гэж үзэн эрх хасах хугацааг 2 дахин нэмэгдүүлж онооно.
10.43. Энэ дүрмийн 10.42-т заасан эрх хасах шийтгэлийн хугацааг нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзэх бөгөөд хоёр дахь зөрчилтэй холбоотой тамирчин, эсхүл бусад этгээдийн гэм буруугийн зэргийг үндэслэн тогтооно.
10.44. Гурав дахь удаагаа гаргасан зөрчил нь энэ дүрмийн 10.15, 10.16-д зааснаар эрх хасах хугацааг цуцлах, бууруулах нөхцөлийг хангах, эсхүл 2.4.4 дэх заалтад хамаарахаас бусад тохиолдолд эрхийг насан туршид нь хасна. Онцгой тохиолдолд 8 (найм) жилээс насан туршид нь эрх хасах шийтгэл онооно.
10.45. Энэ дүрмийн 10.42, 10.44-т зааснаар оноосон эрх хасах хугацааг 10.23-т заасныг үндэслэн бууруулж болно.
10.46. Допингийн эсрэг зөрчил гаргасан тамирчин, бусад этгээд гэм буруугүй, эсхүл хайхрамжгүйгээс болсон гэдгийг нотолж чадвал уг зөрчлийг энэ дүрмийн 10.42-т заасан зөрчил гэж үзэхгүй.
10.47. Энэ дүрмийн 10.9-д заасны дагуу оногдуулсан шийтгэл нь 10.42 дахь заалтад хамаарахгүй.
10.48. Энэ дүрмийн 10.49, 10.50-д зааснаас бусад тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллага нь энэ дүрмийн 7 дугаар хэсэгт зааснаар дүрмийн зөрчил гаргасан тухай мэдэгдэл өгсний дараа, эсхүл өгч байх үед тухайн тамирчин дахин зөрчил гаргасныг баталсан бол түүнийг хоёр дахь зөрчил гэж үзэн дүрмийн 10.42-т заасныг баримтлан шийтгэл онооно. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь үүнийг тогтоож чадаагүй бол эхний дан зөрчил гэж үзэн хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэл онооно. Дүрмийн зөрчил гаргахаас өмнөх тэмцээнд үзүүлсэн бүх амжилтыг энэ дүрмийн 10.53-т заасны дагуу хүчингүйд тооцно.
10.49. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь тамирчин болон бусад этгээдийн гаргасан допингийн эсрэг хоёр дахь зөрчил нь тухайн зөрчлийн тухай мэдэгдэл өгөхөөс өмнө, эсхүл мэдэгдэл өгснөөс 12 (арван хоёр) сар буюу түүнээс их хугацааны дараа гарсан гэдгийг тогтоосон бол уг хоёр дахь зөрчилд хамаарах эрх хасах хугацааг эхний зөрчилд оноосон эрх хасах хугацааны сүүлийн өдрөөс үргэлжлүүлэн тооцно. Хоёр дахь зөрчил нь энэ дүрмийн 10.49 дэх заалтыг хангаж байвал дүрмийн 10.42-т заасны дагуу эхний зөрчил гэж үзнэ.
10.50. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь тамирчин болон бусад этгээд хоёр дахь удаад допингийн хяналтын үйл ажиллагаатай холбоотойгоор энэ дүрмийн 2.4.5 дахь заалтыг зөрчсөнийг тогтоосон бол уг зөрчлийг бие даасан анхны зөрчил гэж тооцно. Уг зөрчилд хамаарах шийтгэлийн хугацааг өмнөх шийтгэлд оноосон эрх хасах хугацааны сүүлийн өдрөөс үргэлжлүүлэн тооцно. Хоёр дахь зөрчил нь энэ дүрмийн 10.49 дэх заалтыг хангаж байвал энэ дүрмийн 10.42-т “нэг” гэж заасны дагуу эхний зөрчилд тооцогдоно.
10.51. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь тамирчин ба бусад этгээд шийтгэлийн хугацаандаа допингийн эсрэг хоёр, эсхүл гурав дахь зөрчлөө гаргасныг тогтоосон бол эрх хасах шийтгэлийн хугацааг өмнөх эрх хасах шийтгэлийн хугацаа дуусах сүүлийн өдрөөс үргэлжлүүлэн тооцно.
10.52. Энэ дүрмийн 10.42-т зааснаар дүрэм зөрчсөн хэд хэдэн зөрчлийг “удаа дараагийн зөрчилд” тооцоход 10 (арав) жилийн доторх хугацаанд гарсан байх ёстой.
10.53. Энэ дүрмийн 9 дүгээр хэсэгт зааснаар эерэг сорьц илэрсний үр дүнд тэмцээнд оролцох эрхийг нь хассан, эсхүл допингийн эсрэг бусад дүрэм, журмыг зөрчсөний үр дүнд эрхийг нь түр түдгэлзүүлэх, эсхүл хасах шийдвэр гарсан даруйд (сорьц өгсөн, эсхүл түдгэлзүүлсэн тухай шийдвэр гарсан өдрөөс хойш тооцно) тухайн тамирчны хувьд дээрх шийтгэлтэй зэрэгцүүлэн тухайн үед оролцсон бүх тэмцээний (өрсөлдөөнт болон өрсөлдөөнт бус бүх төрлийн тэмцээнүүд) үр дүнг хүчингүй болгож, түүний хүртсэн медаль, оноо, шагналын санг шударга ёсонд нийцэх зарчмыг үндэслэн тус тус хураана.
10.54. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь допингийн эсрэг зөрчлийн улмаас шагналын мөнгийг хурааж авсан бол эрх авах байсан, эрх авах тэмцээнд оролцох байсан тамирчдад тодорхой үндэслэлтэйгээр хуваан олгох арга хэмжээ авна.
10.55. Тамирчин эсхүл аливаа бусад этгээд допингийн эсрэг дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллага нь өөрийн үзэмжээр, мөн хувь тэнцүүлэх зарчмыг баримталж дараахь шийдвэрийг гаргах эрхтэй:
10.55.1.түр түдгэлзүүлсэн хугацаанаас үл хамаарч допингийн эсрэг дүрэм, журмыг зөрчсөнтэй холбогдуулан гарсан зардлыг тухайн тамирчин эсхүл бусад этгээдээр нөхөн төлүүлэх;
10.55.2.тухайн тамирчин эсхүл бусад этгээдийн хувьд эрхийг нь дээд хугацаагаар хассан бол түүнийг 1 (нэг) сая хүртэлх төгрөгөөр торгох зэрэг.
10.56. Үндэсний допингийн эсрэг байгууллагаас зардал нөхөн төлүүлэх, эсхүл торгууль оногдуулах шийдвэр гаргах нь энэ дүрэмд заасан эрх хасах шийтгэл болон бусад шийтгэлийг бууруулах үндэслэл болохгүй.
10.57. Дүрмийн зөрчлийн улмаас эрх хасах шийтгэл нь үргэлжилж байгаа тамирчинд өөр зөрчлийн улмаас эрх хасах шийтгэл дахин оноох үед уг шийтгэлийн хугацаа нь одоогийн шийтгэлийн хугацаа дууссан өдрөөс эхэлнэ.
10.58. Дор дурдсанаас бусад тохиолдолд эрх хассан хугацаа нь эрх хасах шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл бусад хэлбэрээр оноосон өдрөөс тооцогдоно:
10.58.1. Тамирчин, эсхүл бусад этгээдээс хамааралгүй хоцрох сонсох ажиллагаа, эсхүл допингийн хяналтын бусад хүчин зүйлээс шалтгаалан цаг хугацааны хоцрогдол үүссэн бөгөөд уг хоцрогдол нь тамирчин, бусад этгээд, Үндэсний допингийн эсрэг байгууллага, эсхүл хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны зөвлөлөөс үл хамаарсан нь тогтоогдсон бол эрх хасах хугацаа нь дүрэм зөрчигдсөн тухайн сорьцыг цуглуулсан өдрөөс эхлэн тоологдоно. Тамирчны эрх хасуулсан байх үедээ үзүүлсэн аливаа амжилтыг хүчингүйд тооцно;
10.58.2. Тамирчин, бусад этгээд, Үндэсний допингийн эсрэг байгууллага болон хорооноос үл хамаарах шалтгаанаар допингийн хяналт хийх, хянан шалгах үйл явцад бодит удаашрал үүссэн бол шударга ёсонд нийцүүлж тухайн тамирчин, бусад этгээдийн эрх хасах өдрийг сорьц авсан өдрөөс эхлэн, эсхүл энэ дүрмийг зөрчсөн сүүлийн өдрөөс эхлүүлэн тооцож болно. Эрх хасах болон буцаан хасах хугацаанд олж авсан тэмцээнүүдийн үр дүнг хүчингүйд тооцно.
10.59. Түр хугацаанд эрхийг нь түдгэлзүүлсэн тамирчин, эсхүл бусад этгээд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн биелүүлж байгаа бол түүний хувьд эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд түүнд дахин боломж олгох боломжтой. Түр хугацаанд эрхийг нь түдгэлзүүлсэн тамирчин, эсхүл бусад этгээд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн биелүүлэхгүй байгаа бол түүнд боломж олгох асуудлыг хэлэлцэхгүй. Хэрэв дараа нь давж заалдсан шийдвэрийн дагуу эрхээ хасуулах хугацаа дууссан бол тухайн тамирчин, эсхүл бусад этгээд давж заалдсан шийдвэрийн дагуу эрхээ хасуулсан хугацаанд нөхөн тооцуулж болно.
10.60. Тамирчин болон бусад этгээд түр түдгэлзүүлэлтийг сайн дураар хүлээн зөвшөөрсөн тухайгаа Үндэсний допингийн эсрэг байгууллагад бичгээр мэдэгдсэн бол тухайн түр түдгэлзүүлэлтийн хугацаанд эрх хасах шийтгэл оноохгүй байх боломжийг олгоно. Тамирчны түр түдгэлзүүлэлтийг зөвшөөрсөн тухай мэдэгдлийн хуулбарыг энэ дүрмийн 14.1-д заасны дагуу зохих байгууллагад мэдэгдэнэ.
10.61. Тамирчин тэмцээнд оролцохгүй байх, багийн бүрэлдэхүүнд багтаагүй байхаас үл хамааран албан журмын, эсхүл сайн дурын түр түдгэлзүүлэлт эхлэх өдрөөс өмнө эрх хасахгүй байх боломжийг олгохгүй.
10.62. Багийн спортын хувьд багийн эрхийг хассан тохиолдолд шударга зарчимд өөрөөр заагаагүй бол эрх хасуулсан хугацаа нь хэрэг хянан шийдвэрлэсэн тухай эцсийн шийдвэр гарсан өдрөөс, хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзсан бол эрх хассан хугацааг зөвшөөрсөн, өөр байдлаар оноосон өдрөөс эхлэн тооцогдоно. Багийг түр түдгэлзүүлсэн хугацааны аль ч үед эрх хасахгүй байх боломжийг олгоно.
10.63. Эрх нь хасагдсан, түр түдгэлзүүлсэн шийтгэл авсан тамирчин бусад этгээдийг Дэлхийн допингийн эсрэг дүрэмд гарын үсэг зурагч аливаа тал, түүний гишүүн клуб болон бусад байгууллагаас зохион байгуулсан аливаа зэрэглэлийн тэмцээн, үйл ажиллагаа, (албан ёсны сургалтуудаас бусад), эсхүл аливаа мэргэжлийн лиг, олон улсын болон үндэсний зэрэглэлийн тэмцээн, наадам, Засгийн газрын оролцоотойгоор зохион байгуулагдах өндөр зэрэглэлийн болон үндэсний хэмжээний аливаа спортын үйл ажиллагаанд оролцохыг хориглоно.
10.64. Дөрвөн жилээс дээш хугацаагаар эрхээ хасуулсан тамирчин, бусад этгээд дөрвөн жилийн хугацаа дууссаны дараа Дэлхийн допингийн эсрэг дүрэмд гарын үсэг зурагч талын зохион байгуулсан улсын аварга шалгаруулах болон олон улсын тэмцээнд оролцогчийг шууд ба шууд бусаар (оноо цуглуулах зэрэг) шалгаруулах зорилготойгоос бусад орон нутгийн чанартай тэмцээнд тамирчнаар оролцож болно.
10.65. Тамирчин болон бусад этгээд нь эрх хасуулсан шийтгэлийн хугацаанд Үндэсний допингийн эсрэг байгууллагад шинжилгээ өгөх, байршлын мэдээлэл өгөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
10.66. Энэ дүрмийн 10.63-т зааснаас бусад тохиолдолд тамирчин багтайгаа, эсхүл клубийн заал танхимыг ашиглан дараахь хугацаанаас эхлэн бэлтгэлээ хийж болно:
10.66.1. Эрх хассан хугацаа дуусахад 2 сар үлдсэн;
10.66.2. Эрх хасуулсан хугацаа дуусахад нийт хугацааны дөрөвний нэгтэй тэнцүү хугацаа үлдсэн.
10.67. Тамирчин, бусад этгээд нь энэ дүрмийн 10.63-т заасан эрх хасуулсан болон түр түдгэлзүүлсэн үеийн хоригийг зөрчсөн нь тогтоогдсон бол тухайн хугацаанд тэмцээнд үзүүлсэн амжилтыг хүчингүйд тооцож, үндсэн шийтгэлийн хугацаатай тэнцэх хэмжээний шинэ хугацааг нэмж, түүнийг одоогийн шийтгэлийн хугацаа дуусах өдрөөс үргэлжлүүлэн тооцно. Эрх хасах шийтгэлийн шинэ хугацаа болон эрх хасалгүй сануулах шийтгэлийг тамирчны алдааны зэрэг, тухайн хэргийн нөхцөл байдлын шалтгаан зэрэгт үндэслэн оноож болно. Хоригийг зөрчсөн тамирчны эрх хасах шийтгэлийн шинэ хугацааг үр дүнгийн удирдлагын ажиллагааг хариуцсан допингийн эсрэг байгууллага тогтооно. Уг шийдвэрийг энэ дүрмийн 13 дугаар хэсэгт заасны дагуу давж заалдаж болно.
10.68. Энэ дүрмийн 10.63-т тодорхойлсон хоригийг зөрчсөн тамирчинд түр түдгэлзүүлэх боломж олгохгүй бөгөөд тэмцээнд үзүүлсэн амжилтыг хүчингүйд тооцно. Тамирчны эрхийг хассан эсхүл түр түдгэлзүүлсэн хугацаанд түүнийг дэмжигч этгээд, эсхүл бусад этгээд түүнд тусламж үзүүлсэн бол ийнхүү тусламж үзүүлсэн үйлдлийг энэ дүрмийн 2.4.9-д заасны дагуу гэм буруутай үйлдэлд тооцож, шийтгэл оногдуулна.
10.69. Энэ дүрмийн 10.15, 10.16-д заасны дагуу эрх хасах хугацааг бууруулснаас бусад допингийн эсрэг зөрчлөөс бий болсон эрх хасуулсан шийтгэлийн хугацаанд Үндэсний допингийн эсрэг байгууллага, Монгол Улсын Засгийн газар, Үндэсний олимпын хороо, Үндэсний паралимпын хорооноос үзүүлэх санхүүгийн болон спортод хамааралтай бусад тусламжийг зогсооно.
10.70. Шийтгэлийг энэ дүрмийн 14.9-д заасны дагуу хэвлэн нийтэлнэ.
Арван нэг. Багийн спортод шийтгэл оногдуулах
11.1. Багийн спортын тэмцээнд оролцогч багийн нэг ба түүнээс дээш гишүүн дүрмийн 7 дугаар хэсэгт заасны дагуу дүрэм зөрчсөн талаар мэдэгдэл хүлээн авсан бол тухайн тэмцээнийг зохион байгуулагч тэмцээний үеэр холбогдох зорилтот шинжилгээг тухайн багаас авна.
11.2. Багийн спортын тэмцээнд оролцогч багийн хоёр ба түүнээс дээш гишүүн дүрэм зөрчсөн талаар мэдэгдэл хүлээн авсан бол тухайн үйл ажиллагааг зохион байгуулагч үйл ажиллагааны үеэр дүрэм зөрчсөн тамирчинд оногдуулснаас гадна бусад холбогдох шийтгэлийг (оноо хасах, тэмцээн, наадмаас хасах, бусад шийтгэлүүд) тухайн багт онооно.
11.3. Арга хэмжээ зохион байгуулагч нь тухайн тэмцээний үед энэ дүрмийн 11.2-т зааснаас илүү хүнд шийтгэлийг багийн спортын гэмт үйлдэлд оногдуулна.
Арван хоёр. Бусад спортын байгууллагын эсрэг санхүүгийн хориг
12.1. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь тухайн спортын холбоо, эсхүл түүний гишүүн нь энэ дүрмийг зөрчсөн, хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон нөхцөлд спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Үндэсний олимпын хороо болон харьяалах олон улсын холбоонд дор дурдсан шийтгэлийг оноохоор санал болгож болно. Эрх бүхий байгууллагууд дор дурдсан шийтгэлийн төрлөөс сонгож, спортын байгууллагад онооно:
12.1.1. Байгууллагыг бүхэлд нь, эсхүл зарим гишүүдийг хэсэгчлэн тодорхой хугацааны турш дараагийн тэмцээнээс хасах;
12.1.2. Тэмцээн зохион байгуулах эрхийг цуцлах.
12.2. Тухайн спортын байгууллагын тамирчин, эсхүл аль нэг гишүүн нь 12 сарын хугацаанд 4 ба түүнээс дээш удаа энэ дүрмийн (2.4.4-т зааснаас бусад) зөрчилтэй холбогдуулан дараахь эрх хасах болон мөнгөн торгуулийг спортын байгууллагад оногдуулна:
12.2.1. Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрхийг 2 жил хүртэлх хугацаагаар хасах;
12.2.2. Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгох;
12.2.3. Тухайн спортын байгууллагын тамирчин, эсхүл аль нэг гишүүн нь энэ дүрмийн 12.2.1-д зааснаас бусад зөрчлийг 12 сарын хугацаанд 4 ба түүнээс дээш удаа гаргасан тохиолдолд тухайн спортын байгууллагыг Үндэсний допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрхийг 4 жил хүртэлх хугацаагаар хасна;
12.2.4. Тухайн спортын байгууллагын тамирчин, эсхүл аль нэг гишүүн нь энэ дүрмийн зөрчлийг олон улсын үйл ажиллагааны үеэр гаргасан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгоно;
12.2.5. Тухайн спортын байгууллагын тамирчин нь Үндэсний допингийн эсрэг байгууллагаас ирүүлсэн мэдээлэл авах хүсэлтийн дагуу байршлын тухай мэдээллээ цаг тухайд нь өгөөгүй бол Зөрчлийн тухай хуульд заасны дагуу торгоно;
12.2.6. Тухайн тамирчинтай холбоотойгоор Үндэсний допингийн эсрэг байгууллагаас гаргасан шинжилгээний зардлыг тухайн тамирчны харьяалах спортын байгууллага нөхөн төлнө.
12.3. Үндэсний допингийн эсрэг байгууллагаас гаргасан энэ дүрмийн зөрчилтэй гишүүдэд холбогдох зардлыг (лабораторийн, шүүхийн болон тээврийн зардал гэх мэт) тухайн спортын байгууллага нөхөн төлөх үүрэгтэй.
Арван гурав. Шийдвэрийг давж заалдах
13.1. Энэ дүрмийн дагуу гаргасан аливаа шийдвэр, баталсан дүрэм журмын талаар дүрмийн 13.5-13.25-д заасан болон холбогдох бусад заалт, олон улсын стандартад заасны дагуу давж заалдаж болно. Давж заалдах шатны байгууллагаас өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг давж заалдах хүртэл тухайн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
13.2. Давж заалдах хяналтын хүрээ нь тухайн хэрэгтэй холбоотой бүх зүйлсийг багтааж анхны шийдвэр гаргагчаас өмнө хянаж үзсэн асуудлаар хязгаарлагдахгүй. Аль ч тал арга хэмжээ авсантай ижил шалтгаан, эсхүл хэрэг хянан хэлэлцэх анхан шатны хуралдаанд дурдсан, шийдвэрлэсэнтэй адил ерөнхий баримт, нөхцөл байдал үүссэн тохиолдолд хэрэг хянан хэлэлцэх анхан шатны хуралдаанд дурдагдаагүй нотлох баримт, хууль зүйн үндэслэл, нэхэмжлэлийг давж заалдах шатанд гаргаж болно.
13.3. Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитр нь давж заалдаж байгаа баримтуудыг шийдвэр гаргахдаа ирүүлсэн баримтуудыг задлан үзэхгүй бөгөөд эдгээр баримтуудын талаар нууцлалын хариуцлага хүлээхгүй.
13.4. Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь энэ дүрмийн 13-т заасны дагуу давж заалдах эрхтэй байгаа үед аль нэг тал нь энэ дүрмийн хүрээнд эцсийн шийдвэрийн талаар давж заалдаагүй бол дүрмийн дагуу бусад арга хэмжээг авалгүйгээр тухайн асуудлаар шууд спортын арбитрын шүүхэд гомдол гаргаж болно.
13.5. Энэ дүрэм зөрчсөн, түүний үр дагавар, түр түдгэлзүүлэх, шийдвэрийг хэрэгжүүлэх, эрх бүхий байдлын тухай гаргасан дараахь шийдвэрийн эсрэг давж заалдана:
13.5.1. Допингийн эсрэг дүрэм зөрчигдсөн тухай;
13.5.2. Допингийн эсрэг зөрчилд шийтгэл оноосон болон оноогоогүй тухай;
13.5.3. Допингийн эсрэг дүрэм зөрчигдөөгүй тухай;
13.5.4. Процессын алдаанаас (зааварчилгаа гэх мэт) шалтгаалан допингийн эсрэг дүрмийн зөрчил шийдэгдээгүй тухай;
13.5.5. Зодог тайлсан тамирчин энэ дүрмийн 5.17-д заасны дагуу спортод эргэж ирэх тухай 6 (зургаа) сарын өмнө гаргасан хүсэлтийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг батлаагүй тухай;
13.5.6. Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 7.1-д заасны дагуу үр дүнгийн удирдлагын ажиллагааг бусдад шилжүүлсэн тухай;
13.5.7. Үндэсний допингийн эсрэг байгууллага сөрөг аналитик болон гаж илэрцийг допингийн эсрэг зөрчил гэж тооцох дүгнэлт гаргаагүй тухай;
13.5.8. Үр дүнгийн удирдлагын олон улсын стандартын дагуу мөрдөн шалгалт хийгдсэний дараа допингийн эсрэг дүрмийн зөрчлийг үргэлжлүүлэхгүй байх тухай;
13.5.9. Хэрэг хянан хэлэлцсэн шийдвэрийг үндэслэн эрх хасах шийтгэл оноох, эсхүл оноохгүй байх тухай;
13.5.10. Энэ дүрмийн 7.8-д заасантай үл нийцсэн Үндэсний допингийн эсрэг байгууллагаас гаргасан алдаатай шийдвэрийн тухай;
13.5.11. Энэ дүрмийн зөрчил болон түүний үр дагаврын талаар шийдвэр гаргахад Үндэсний допингийн эсрэг байгууллагын эрх мэдэл дутсан тухай;
13.5.12. Түдгэлзүүлэх ба эс түдгэлзүүлэх асуудлаар энэ дүрмийн 10.23-т заасны дагуу шийтгэлийн хугацааг сэргээх, үл сэргээх тухай;
13.5.13. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 7.1.4, 7.1.5 дахь заалтад үл нийцсэн алдааны тухай;
13.5.14. Энэ дүрмийн 10.38 дахь заалтад үл нийцсэн алдааны тухай;
13.5.15. Энэ дүрмийн 10.67-д заасны дагуу гаргасан шийдвэрийн тухай.
13.6. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 15 дугаар бүлэг, 27.3 дахь заалтыг үндэслэн гаргасан бусад допингийн эсрэг байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байх тухай Үндэсний допингийн эсрэг байгууллагын шийдвэрийг тус тус энэ дүрмийн 13.5-д заасны дагуу давж заалдаж болно.
13.7. Олон улсын тэмцээнд оролцсонтой холбоотой болон олон улсын зэрэглэлийн тамирчидтай холбоотой асуудлаар гаргасан шийдвэрийн талаар зөвхөн Спортын арбитрын шүүхэд давж заалдаж болно.
13.8. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 13.2.1 дэх заалтыг хэрэглэх боломжгүй нөхцөл байдал үүссэн үед шийдвэрийг Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрын давж заалдах комисст өргөдөл гаргана. Давж заалдах үйл ажиллагааг “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын дагуу хийнэ.
13.9. Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрын давж заалдах комиссоос энэ дүрмийн 13.8-д заасан давж заалдсан өргөдлийг хянан хэлэлцэхийн өмнө дараахь үйл ажиллагааг явуулна:
13.9.1. Монголын олон улсын болон үндэсний спортын арбитр нь давж заалдах комиссыг байгуулна. Комисс нь дарга, 6 (зургаа) гишүүнээс бүрдэнэ;
13.9.2. Гишүүд нь хууль, анагаах ухаан, спортын салбарын ажлын туршлагатай байна. Гишүүдийг 3 (гурав) жилийн хугацаатай сонгоно;
13.9.3. Томилогдсон гишүүд нь үйл ажиллагааны болон байгууллагын хувьд хараат бус байна. Үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд, ажилтнууд, комиссын гишүүд, зөвлөхүүд, мөрдөн шалгалт, хэрэг хянан хэлэлцэх ажиллагаанд орсон ажилтнуудыг давж заалдах комиссын гишүүнээр сонгохыг хориглоно. Гишүүн нь тухайн тохиолдолд хамаарах ЭЗЧ аливаа ажиллагаа, үр дүнгийн удирдлагын шийдвэр гаргахад оролцоогүй байх шаардлагатай;
13.9.4. Үндэсний хэмжээнд допингийн эсрэг давж заалдах, хянан шийдвэрлэх, шийдвэр гаргах бүхий л үйл ажиллагаа нь Үндэсний допингийн эсрэг байгууллага болон аливаа гуравдагч этгээдээс ангид байна;
13.9.5. Комиссын даргын томилсон гишүүн нь ямар нэг шалтгаанаар тухайн хэрэгтэй холбоотой байвал дарга нь тухайн гишүүнийг солих бөгөөд, эсхүл бүрэлдэхүүнийг дахин томилно;
13.9.6. Давж заалдах комисс нь зөвлөх, шинжээч томилно;
13.9.7. Олон улсын холбоо, Спортын үндэсний холбоо, Үндэсний олимпын хороо, Үндэсний паралимпын хороо нь хянан шийдвэрлэх хуралдааны оролцогч тал биш тохиолдолд Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь ажиглагчаар оролцоно;
13.9.8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг аль болох хурдан дуусгах шаардлагатай. Тэмцээн, наадамтай холбогдуулан хянан шийдвэрлэх ажиллагааг түргэвчилсэн журмаар хийж болно.
13.10. Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрын давж заалдах комисс дараахь үйл ажиллагааг явуулна:
13.10.1. Давж заалдах шатны үйл ажиллагаа нь “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын 8, 9, 10 дугаар бүлэг, Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрын “Хэрэг хянан шийдвэрлэх дүрэм”-ийг баримталж ажиллана;
13.10.2. Комиссын дарга нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэлдэхүүнд хууль, спорт, анагаах ухааны салбараас тус бүр нэг буюу нийт 3 (гурав) хүнийг томилно;
13.10.3. Томилогдсон гишүүн бүр хэрэгт шударгаар хандахаа илэрхийлсэн актад гарын үсэг зурна;
13.10.4. Давж заалдах гомдол гаргагч нь хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд хэргээ танилцуулна;
13.10.5. Аль нэг тал, түүний төлөөлөгч нь хянан шийдвэрлэх хуралдаанд оролцохоор мэдэгдсэн ч, оролцоогүй тохиолдолд хянан шийдвэрлэх хурал үргэлжилж болно;
13.10.6. Талууд хянан шийдвэрлэх хуралд өөрийн зардлаар өмгөөлөгч оролцуулж болно;
13.10.7. Талууд хянан шийдвэрлэх хуралд өөрийн зардлаар орчуулагч оролцуулж болно;
13.10.8. Талууд хянан шийдвэрлэх хуралд шаардлагатай нотлох баримтыг бичгээр болон амаар гаргаж өгөх, гэрч оролцуулж болно;
13.10.9. Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрынхэрэг хянан шийдвэрлэх комисс нь хэргийг хянан хэлэлцэж дууссаны дараа “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын 9 дүгээр бүлэгт үндэслэн шийдвэрээ бичгээр гаргаж гарын үсэг зурж баталгаажуулна;
13.10.10. Шийдвэрт уг шийдвэрийг гаргах болсон үндэслэл, эрх хасах шийтгэл оноосон бол түүний хугацаа болон бусад боломжит шийтгэлийг оноогоогүй үндэслэл зэргийг багтаана;
13.10.11. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь уг шийдвэрийг тамирчин, түүнийг харьяалах спортын үндэсний холбоо болон Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 13.2.3-т заасан давж заалдах эрх бүхий допингийн эсрэг бусад байгууллагад мэдээлэх ба уг шийдвэрийг Олон улсын допингийн эсрэг захиргаа, удирдлагын систем (ADAMS)-д 24 цагийн дотор оруулна;
13.10.12. Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрынхэрэг хянан шийдвэрлэх комиссын шийдвэр нь эцсийнх байх бөгөөд энэ дүрмийн 14.9-д заасны дагуу олон нийтэд мэдээлнэ.
13.11. Энэ дүрмийн 13.5-д заасан хэрэгт дараахь этгээд Спортын арбитрын шүүхэд давж заалдах эрхтэй:
13.11.1. Давж заалдаж байгаа шийдвэртэй холбоотой тамирчин буюу бусад этгээд;
13.11.2. Шийдвэрт хамааралтай бусад этгээд;
13.11.3. Холбогдох олон улсын холбоо;
13.11.4. Тухайн этгээдийн оршин сууж байгаа буюу иргэний үнэмлэх эзэмшдэг орны Үндэсний допингийн эсрэг байгууллага;
13.11.5. Тухайн хэрэг нь олимпын наадам, эсхүл паралимпын наадамтай хамааралтай байгаа тохиолдолд Олон улсын олимпын хороо, эсхүл Олон улсын паралимпын хороо;
13.11.6. Дэлхийн допингийн эсрэг агентлаг;
13.11.7. Бусад тамирчин, эсхүл бусад этгээдтэй холбоотой.
13.12. Энэ дүрмийн 13.8-д хамаарах хэргийн хувьд үндэсний давж заалдах байгууллагад давж заалдах эрхтэй талууд нь Үндэсний допингийн эсрэг байгууллагын дүрэмд заасан байгууллагууд байх бөгөөд дараахь талуудыг багтаасан байна:
13.12.1. Давж заалдаж байгаа шийдвэртэй холбоотой тамирчин буюу бусад этгээд;
13.12.2. Шийдвэрт хамааралтай бусад этгээд;
13.12.3. Холбогдох олон улсын холбоо;
13.12.4. Тухайн этгээдийн оршин сууж байгаа буюу оршин суух зөвшөөрөл эзэмшдэг улсын Үндэсний допингийн эсрэг байгууллага;
13.12.5. Тухайн хэрэг нь олимпын наадам буюу паралимпын наадамтай хамааралтай байгаа тохиолдолд Олон улсын олимпын хороо буюу Олон улсын паралимпын хороо;
13.12.6. Дэлхийн допингийн эсрэг агентлаг.
13.13. Энэ дүрмийн 13.8-д хамааралтай хэргүүдийн хувьд Дэлхийн допингийн эсрэг агентлаг, Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хороо болон холбогдох олон улсын холбоод тус тус үндэсний түвшний давж заалдах шатны байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрт давж заалдах эрхтэй.
13.14. Давж заалдах материал бүрдүүлж байгаа тал нь шийдвэрийг нь давж заалдаж байгаа допингийн эсрэг байгууллагаас холбогдох бүх мэдээллийг авахад Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитраас туслалцаа авах эрхтэй.
13.15. Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрт давж заалдах гомдол гаргагч бүх талууд нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон давж заалдах эрх бүхий бусад бүх талуудад давж заалдах гомдлын талаар цаг тухайд нь мэдэгдэх үүрэгтэй.
13.16. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас бусад байгууллагуудын давж заалдах өргөдөл гаргах эцсийн хугацаа нь үр дүнгийн удирдлагын ажиллагаа явуулж буй Үндэсний допингийн эсрэг байгууллагын дүрэмд зааснаар байна.
13.17. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас давж заалдах хэргийн материалыг дараахь хугацаанд бүрдүүлнэ:
13.17.1. Хэргийн нөгөө талаас давж заалдах боломжтой байсан сүүлийн өдрөөс хойш 21 (хорин нэг) хоног;
13.17.2. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас шийдвэртэй холбоотой бүх бичиг баримтуудыг хүлээн авснаас хойш 21 (хорин нэг) хоног.
13.18. Энэ дүрмийн 13.17 дахь заалтад хамаарахгүйгээр түр түдгэлзүүлэх шийтгэл оноосон шийдвэрийн талаар давж заалдаж байгаа этгээд нь тухайн түр түдгэлзүүлэх шийтгэлийг авсан тамирчин буюу бусад этгээд байна.
13.19. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу давж заалдах гомдолд нэр дурдагдсан хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг тусгайлан зөвшөөрнө. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 13 дугаар бүлгийн дагуу давж заалдах эрх бүхий аль нэг талын хамгийн сүүлийн шийдвэрийн эсрэг гомдол гаргана.
13.20. Тодорхой нөхцөлүүдэд допингийн эсрэг дүрэм зөрчсөн үйлдэл нь Дэлхийн допингийн эсрэг агентлагаас тогтоосон тодорхой хугацааны дотор болсон эсэх талаар Үндэсний допингийн эсрэг байгууллага нь шийдвэр гаргаж чадаагүй үед Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь Үндэсний допингийн эсрэг байгууллагаас энэ дүрэм зөрчөөгүй гэсэн шийдвэр гаргасантай адилаар шууд спортын арбитрын шүүхэд хандах сонголт хийж болно. Хэрэв Спортын арбитрын шүүхийн шийдвэр гаргах бүрэлдэхүүн нь энэ дүрэм зөрчигдсөн ба Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь шууд Спортын арбитрын шүүхэд хандах сонголт хийсэн хэмээн Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь тодорхойлбол Дэлхийн допингийн эсрэг агентлагийн давж заалдах үйл ажиллагааны болон өмгөөллийн зардлыг Үндэсний допингийн эсрэг байгууллагаас Дэлхийн допингийн эсрэг агентлагт нөхөн төлнө.
13.21. ЭЗЧ-тэй холбоотой шийдвэрийг зөвхөн энэ дүрмийн 4.10-д заасан нөхцөлөөр давж заалдаж болно.
13.22. Давж заалдаж байгаа аливаа допингийн эсрэг байгууллага нь энэ дүрмийн 14 дүгээр хэсэг, 13.11-д заасан давж заалдах эрхтэй тамирчин, бусад этгээд, допингийн эсрэг байгууллагад давж заалдах шийдвэрээ нэн даруй хүргүүлнэ.
13.23. Олон улсын спортын арбитрын шүүхэд давж заалдах хугацаа нь хариуцагч талын шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 (хорин нэг) хоног байна.
13.24. Давж заалдах эрхтэй боловч тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш талууд дараахь хугацаанд гомдол гаргана:
13.24.1. Давж заалдах эрх бүхий бусад этгээдийн давж заалдах боломжит хугацаа дууссанаас 21 (хорин нэг) хоног;
13.24.2. Шийдвэртэй холбоотой материалыг хүлээн авснаас хойш 21 (хорин нэг) хоногийн дараа.
13.25. Энэ дүрмийн 13.8-д заасны дагуу Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрын давж заалдах комисст давж заалдах хугацаа нь хариуцагч тал шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 (хорин нэг) хоног байна.
13.26. Давж заалдах эрхтэй боловч тухайн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч биш талууд дараахь хугацаанд гомдол гаргана:
13.26.1.тухайн тал шийдвэр гарснаас 15 (арван тав) хоногийн дотор шийдвэрийн хуулбарыг бичгээр ирүүлэх тухай үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх үүрэг бүхий Үндэсний допингийн эсрэг байгууллагад хүсэлт гаргах эрхтэй;
13.26.2. Тухайн талын 15 (арван тав) хоногийн дотор гаргасан хүсэлт биелэгдсэн бол материалыг хүлээн авснаас хойш 21 (хорин нэг) хоногийн дотор Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитрт гомдол гаргана.
13.27. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас дараахь хугацаанд давж заалдах гомдол гаргана:
13.27.1. Давж заалдах эрх бүхий бусад этгээдийн давж заалдах боломжит хугацаа дууссанаас 21 (хорин нэг) хоног;
13.27.2. Шийдвэртэй холбоотой материалыг хүлээн авснаас хойш 21 (хорин нэг) хоногийн дараа.
Арван дөрөв. Нууцлал болон мэдээлэл
14.1. Дүрмийн зөрчлийг Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 7, 14 дүгээр зүйлийг баримтлан тамирчин болон бусад этгээдэд мэдэгдэнэ.
14.2. Допингийн эсрэг зөрчлийг Үндэсний допингийн эсрэг байгууллага, Олон улсын болон Үндэсний спортын холбоо, Дэлхийн допингийн эсрэг агентлагт мэдэгдэнэ.
14.3. Мэдэгдэл нь дараахь мэдээллийг агуулна:
14.3.1. Тамирчны нэр;
14.3.2. Тамирчны харьяалагдах улсын нэр;
14.3.3. Спорт, спортын төрөл;
14.3.4. Тамирчны зэрэглэл;
14.3.5. Шинжилгээ нь тэмцээний, эсхүл тэмцээний бус үед хийгдсэн эсэх;
14.3.6. Дээж авсан огноо;
14.3.7. Лабораторийн хариу;
14.3.8. “Шинжилгээ, мөрдөн шалгалт”-ын олон улсын стандартад шаардсан бусад мэдээлэл, эсхүл Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 2.1-д зааснаас бусад зөрчлийн хувьд тухайн зөрчлийг баталсан үндэслэлийг багтаасан мэдээлэл зэрэг.
14.4. Энэ дүрмийн 14.1-д заасныг дагаж мөрдөх зорилгоор зөрчилтэй холбоотой мөрдөн шалгалт үргэлжилж байгаагаас бусад тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллага нь энэ дүрмийн 14.2-т заасныг удирдлага болгон энэ дүрмийн 7, 8, 13 дугаар хэсэгт зааснаар явагдсан аливаа хяналтын ажиллагааны хүрээнд тухайн этгээдийн талаар, допингийн эсрэг бусад байгууллагуудын байр суурь, шинэ илэрцийн тухай мэдээлэл, шийдвэрийн шалтгааны талаар үндэслэл бүхий тайлбарыг бичгээр үйлдэн хүргүүлнэ.
14.5. Мэдээллийг хүлээн авах, танилцах эрх бүхий байгууллагууд (Үндэсний олимпын хороо, Үндэсний паралимпын хороо, Спортын үндэсний холбоо, баг зэрэг) өөрт байгаа мэдээллээ Үндэсний допингийн эсрэг байгууллагыг энэ дүрмийн 14.9-д заасны дагуу нийтэд мэдээлэх хүртэл гадагш задруулахыг хориглоно.
14.6. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь энэ дүрмийн 14.9-д зааснаар олон нийтэд мэдээлэх хүртэл сөрөг аналитик илэрц, гаж илэрц болон допингийн эсрэг бусад зөрчилтэй холбоотой мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх нөхцөлийг хангана.
14.7. Дүрэм зөрчигдсөн тухай болон Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 7.6, 8.2, 10.5, 10.6, 10.7, 10.14.3, 13.5-д заасны дагуу эрх хасах, эсхүл түр түдгэлзүүлсэн шийтгэл оноосон тухай шийдвэрт уг шийдвэр гарах болсон дэлгэрэнгүй шалтгаан, боломжит дээд хугацааны шийтгэл оноогоогүй үндэслэлийг багтаана.
14.8. Энэ дүрмийн 14.7-д заасны дагуу шийдвэр хүлээж авсан давж заалдах эрх бүхий Үндэсний допингийн эсрэг байгууллага нь уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 15 (арван тав) хоногийн дотор тухайн шийдвэртэй холбоотой дэлгэрэнгүй материал авахыг хүсэх эрхтэй.
14.9. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын дагуу тамирчин болон бусад этгээд, энэ дүрмийн 14.2-т заасны дагуу зохих допингийн эсрэг байгууллагад мэдэгдсэний дараа дүрэм зөрчсөн тухай мэдэгдэл хүлээн авсан тамирчин, хориотой бодис, хориотой арга, дүрэм зөрчигдсөн нөхцөл байдал, зөрчлийн шинж чанар болон тухайн тамирчинд түр түдгэлзүүлэх шийтгэл оноосон талаар олон нийтэд мэдээлж болно.
14.10. Үндэсний допингийн эсрэг байгууллага, эсхүл спортын холбоо нь давж заалдсан шийдвэрийн үр дүнг, шийдвэр гарснаас 20 хоногийн дотор мэдээлэх үүрэгтэй.
14.11. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 13.2.1, 13.2.2-т заасны дагуу давж заалдсан шийдвэр гарсан, эсхүл давж заалдахаас татгалзсан, эсхүл Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 8 дугаар бүлэгт заасан хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа явуулахаас татгалзсан, энэ дүрмийг зөрчсөн гэсэн үндэслэлээр цаг хугацаанд нь хэрэг үүсгээгүй, хэргийг Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 10.8-д заасны дагуу шийдвэрлэсэн бол Үндэсний допингийн эсрэг байгууллага, наадам зохион байгуулагч, эсхүл спортын холбоо уг шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлж болно.
14.12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед тамирчин, эсхүл бусад этгээд дүрэм зөрчөөгүйг тогтоосон, уг шийдвэрийг давж заалдах бол энэ талаар олон нийтэд мэдээлж болно.
14.13. Шаардлагатай мэдээллийг Үндэсний допингийн эсрэг байгууллагын цахим хуудас, эсхүл спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудсанд байршуулна.
14.14. Энэ дүрмийн 14.9, 14.11-д заасан болон тамирчин, бусад этгээдийн төлөөлөгч, эсхүл ойрын аливаа этгээдээс гаргасан тайлбар мэдээлэлд үндэслэн олон нийтээс санал, тайлбар гарснаас бусад тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллага, Спортын үндэсний холбоо, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн магадлан итгэмжлэгдсэн лаборатори, бусад байгууллага, албаны хүмүүс нь бүрэн шийдэгдээгүй хэргийн тодорхой баримтыг олон нийтэд мэдээлэхийг хориглоно.
14.15. Дүрэм зөрчсөн тамирчин, бусад этгээд нь хамгаалагдсан этгээд, эсхүл сонирхогч бол энэ дүрмийн 14.10-т заасны дагуу нийтэд мэдээлэх шаардлагагүй. Насанд хүрээгүй тамирчин, хамгаалагдсан этгээд, эсхүл сонирхогчийн гаргасан зөрчлийн шалтгаан, нөхцөлөөс хамааран олон нийтэд мэдээлж болно.
14.16. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь жилд нэг удаа допингийн хяналттай холбоотой статистик тайланг өөрийн цахим хуудсанд байршуулах бөгөөд Дэлхийн допингийн эсрэг агентлагт хүргүүлнэ. Уг тайланг спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудсанд байршуулж болно.
14.17. Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь нийцлийн хяналт хийх үүргээ гүйцэтгэх, допингийн хяналтын мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор Үндэсний допингийн эсрэг байгууллагаас допингийн хяналтын мэдээлэл авах бөгөөд Үндэсний допингийн эсрэг байгууллага нь дор дурдсан агуулгыг багтаасан допингийн хяналттай холбоотой мэдээллийг Олон улсын допингийн эсрэг захиргаа, удирдлагын систем (ADAMS)-ээр дамжуулан Дэлхийн допингийн эсрэг агентлагт хүргүүлнэ:
14.17.1. Олон улсын болон үндэсний зэрэглэлийн тамирчдын биологийн паспортын өгөгдөл;
14.17.2. Шинжилгээний бүртгэлийн санд багтсан тамирчдын байршлын тухай мэдээлэл;
14.17.3. ЭЗЧ шийдвэр;
14.17.4. Олон улсын стандартын шаардлагын дагуу гаргасан үр дүнгийн удирдлагын ажиллагааны шийдвэр.
14.18. Шинжилгээ авах төлөвлөгөөг хөнгөвчлөх, хэрэгцээгүй шинжилгээ авахаас зайлсхийх зорилгоор тамирчдын биологийн паспортын мэдээллийг байнга шинэчлэх ба Үндэсний допингийн эсрэг байгууллага нь тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээний допингийн хяналтын хуудсан дээрх мэдээллийг “Шинжилгээ, мөрдөн шалгалт”-ын олон улсын стандартын дагуу олон улсын допингийн эсрэг захиргаа, удирдлагын систем (ADAMS)-ээр дамжуулан Дэлхийн допингийн эсрэг агентлагт өгнө.
14.19. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хяналтыг хөнгөвчлөх болон ЭЗЧ шийдвэрийг давж заалдах эрхийг хангах зорилгоор Үндэсний допингийн эсрэг байгууллага нь ЭЗЧ бүх өргөдөл, хүсэлт, шийдвэр гаргахад туслах материалуудыг “Эмчилгээний зорилгоор чөлөөлөх олон улсын стандарт”-ын дагуу олон улсын допингийн эсрэг захиргаа, удирдлагын систем (ADAMS) ашиглан Дэлхийн допингийн эсрэг агентлагт мэдээлнэ.
14.20. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хяналтыг хөнгөвчлөх болон үр дүнгийн удирдлагын ажиллагааны шийдвэрийг давж заалдах эрхийг хангах зорилгоор Үндэсний допингийн эсрэг байгууллага нь дор дурдсан мэдээллийг холбогдох дүрмийн дагуу тамирчин, түүнийг харьяалах олон улсын холбоо болон шинжилгээ авах эрх бүхий допингийн эсрэг бусад байгууллагад мэдээллийг нээлттэй өгөх бөгөөд “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-д заасан шаардлага, цаг хугацаанд олон улсын допингийн эсрэг захиргаа, удирдлагын систем (ADAMS)-ээр дамжуулан Дэлхийн допингийн эсрэг агентлагт хүргүүлнэ.
14.21. Дэлхийн допингийн эсрэг дүрэм, түүний олон улсын стандартын дагуу зохион байгуулсан допингийн хяналтын үйл ажиллагаатай холбоотойгоор Үндэсний допингийн эсрэг байгууллага нь сорьц цуглуулах, хадгалах, шаардлагатай тохиолдолд тамирчин болон бусад этгээдийн хувийн мэдээллийг энэ дүрэм болон зохих хууль тогтоомжийн хүрээнд олон нийтэд зарлах эрхтэй.
14.22. Үндэсний допингийн эсрэг байгууллага дараахь ажлыг ямар нэг хязгаарлалтгүй хийнэ:
14.22.1. Хувийн мэдээллийг хүчин төгөлдөр хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах;
14.22.2. Аливаа мэдээллийг энэ дүрэмтэй хамааралтай тамирчин, бусад этгээдэд хууль тогтоомж болон “Хувийн нууц ба хувийн мэдээллийг хамгаалах олон улсын стандарт”-д нийцсэн хэлбэрээр өгөх ба тэдний хувийн мэдээллийг Үндэсний допингийн эсрэг байгууллага болон эрх бүхий бусад этгээд энэ дүрмийг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулж болно.
Арван тав. Шийдвэрийг хэрэгжүүлэх
15.1. Үндэсний допингийн эсрэг байгууллага болон энэ дүрмийг зөвшөөрч гарын үсэг зурсан аливаа этгээд нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийг зөвшөөрч гарын үсэг зурсан допингийн эсрэг байгууллагууд, давж заалдах шатны хэрэг хянан шийдвэрлэх байгууллага, (энэ дүрмийн 13.8-д заасны дагуу), Спортын арбитрын шүүх болон Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитраас допингийн эсрэг үйл ажиллагаатай холбоотойгоор гаргасан доорх шийдвэрийг хүлээн авч, шууд дагаж мөрдөнө:
15.1.1. Дээр дурдсан байгууллагуудаас оноосон түр түдгэлзүүлсэн (энэ дүрмийн 7.12-т заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсний дараа тамирчин түр түдгэлзүүлэлтийг хүлээн зөвшөөрсөн, хэрэг хянан хэлэлцэхээс татгалзсан, түргэвчилсэн журмаар хийгдсэн хэрэг хянан хэлэлцэх болон давж заалдах ажиллагаа) шийдвэр гарсан даруйд тамирчин болон бусад этгээдийг шийтгэлийн хугацаанд энэ дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурагчдын зохион байгуулсан тэмцээн уралдаанд оролцохыг (энэ дүрмийн 10.63-т тодорхойлсноор) шууд хориглоно;
15.1.2. Дээр дурдсан байгууллагуудаас оноосон эрх хасах (хэрэг хянан хэлэлцсэний дараа, хэрэг хянан хэлэлцэхээс татгалзсан,) шийдвэр гарсан даруйд тамирчид болон бусад этгээдийг шийтгэлийн хугацаанд энэ дүрмийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурагчдын зохион байгуулсан тэмцээн уралдаанд оролцохыг (энэ дүрмийн 10.63-т тодорхойлсноор) шууд хориглоно;
15.1.3. Дээр дурдсан байгууллагуудаас оноосон дүрмийн зөрчилтэй холбоотой аливаа шийдвэрийг энэ дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурагч бүх талууд дагаж мөрдөнө;
15.1.4. Дээр дурдсан байгууллагуудаас оноосон энэ дүрмийн 10.53-т заасан хугацаанд үзүүлсэн бүх амжилтыг хүчингүй болгох тухай шийдвэрийн дагуу энэ дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурагчдын тухайн хугацаанд үзүүлсэн бүх амжилт хүчингүйд тооцогдоно.
15.2. Гарын үсэг зурагч бүр энэ дүрмийн 15.1-д заасны дагуу шийдвэрийг хүлээн авсан, эсхүл уг шийдвэр нь Олон улсын допингийн эсрэг захиргаа, удирдлагын систем (ADAMS)-д орсон өдрөөс эхлэн ямар нэг нэмэлт үйлдэл, тайлбар хийх эрхгүйгээр шууд хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж, дагаж мөрдөнө.
15.3. Гарын үсэг зурагч бүр Үндэсний допингийн эсрэг байгууллага, давж заалдах шатны хэрэг хянан хэлэлцэх байгууллага, Спортын арбитрын шүүх болон Монголын олон улсын болон Үндэсний спортын арбитраас гаргасан шийтгэлийг түдгэлзүүлсэн, цуцалсан тухай шийдвэрийг хүлээн авсан, эсхүл уг шийдвэр нь Олон улсын допингийн эсрэг захиргаа, удирдлагын систем (ADAMS)-д орсон өдрөөс ямар нэг нэмэлт үйлдэл, тайлбар хийх эрхгүйгээр шууд хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлж, дагаж мөрдөнө.
15.4. Гарын үсэг зурагч бүр энэ дүрмийн 15.1-д заасны дагуу үйл ажиллагаа зохион байгуулах хорооноос дүрмийн зөрчилтэй холбоотойгоор наадмын үеэр түргэвчилсэн журмаар гаргасан шийдвэрийг ердийн журмаар давж заалдах боломжийг тамирчинд олгох хүртэл дагаж мөрдөхгүй.
15.5. Гарын үсэг зурагчид нь Үндэсний допингийн эсрэг байгууллагаас гаргасан энэ дүрмийн 15.1-д заасан допингийн эсрэг бусад зөрчилтэй холбоотой тамирчин болон бусад этгээд хэрэг хянан хэлэлцэхээс өмнө түр түдгэлзүүлэлтийг хүлээн зөвшөөрсөн тухай шийдвэрийг дагаж мөрдөх тухай шийдвэр гаргаж болно.
15.6. Гарын үсэг зурагчид нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийг дагаж мөрдөхгүй гэдгээ илэрхийлсэн холбогдох байгууллагын баталсан допингийн эсрэг дүрмийг энэ дүрэмтэй нийцэж байна гэж үзвэл тухайн байгууллагын дүрмийг хүлээн зөвшөөрч шийдвэрийг хэрэгжүүлж болно.
Арван зургаа. Хөөн хэлэлцэх хугацаа
16.1. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 7 дугаар бүлэгт заасны дагуу дүрмийн зөрчил гаргасан тухай тамирчин, эсхүл бусад этгээдэд мэдэгдсэн, эсхүл зөрчил гаргасан нь тогтоогдсон өдрөөс хойш 10 (арав) жилийн дотор мэдэгдэл хүргэх оролдлого хийснээс бусад тохиолдолд аливаа тамирчин болон бусад этгээдэд допингийн эсрэг зөрчлийн хэрэг үүсгэхийг хориглоно.
Арван долоо. Допингийн эсрэг боловсрол
17.1. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь допинггүй спортын төлөө Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 18.2-т заасны дагуу мэдээлэл, боловсролын хөтөлбөрийг төлөвлөн, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ба тамирчин болон тамирчныг дэмжигч этгээдийн идэвхтэй оролцоог хангана.
17.2. Засгийн газар нь Монгол Улсын нэгдэн орсон спорт дахь допингийн эсрэг олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргийн хүрээнд тамирчин, бусад этгээдийн допингийн эсрэг боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр санхүүгийн болон бусад шаардлагатай тусламж дэмжлэгийг спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар дамжуулан үзүүлнэ.
Арван найм. Спортын холбоодын нэмэлт үүрэг, хариуцлага
18.1. Монгол Улсын спортын холбоод, түүний гишүүд нь Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон олон улсын стандартууд, энэ дүрмийг дагаж мөрдөх үүрэгтэй.
18.2. Монгол Улсын спортын холбоод түүний гишүүд нь Үндэсний допингийн эсрэг байгууллагыг Монгол Улсад допингийн эсрэг дүрмийг хэрэгжүүлэх эрх үүргийнхээ хүрээнд холбооны гишүүн тамирчин бусад этгээдтэй шууд харьцах шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн дүрэм, бодлого хөтөлбөртөө тусгана.
18.3. Монгол Улсын спортын Үндэсний холбоо бүр энэ дүрмийн үзэл санаа, шаардлагыг мөрдөн сахих бөгөөд дүрмийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний олимпын хорооноос санхүүгийн дэмжлэг авах нөхцөл үүсэхийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй.
18.4. Монгол Улсын спортын холбоо бүр энэ дүрмийг бүхэлд нь болон хэсэгчилсэн байдлаар өөрийн засаглалын бичиг баримт, дүрэмдээ тусгах бөгөөд гишүүдэдээ уг дүрмийг мөрдөн сахихыг шаардах үүрэгтэй бөгөөд допингийн эсрэг тэмцэх эрхийн хүрээнд уг дүрмийг тамирчид, болон бусад этгээдэд шууд хэрэглэж болно.
18.5. Спортын Үндэсний холбоод нь энэ дүрмийг засаглалын бичиг баримт, дүрэмдээ тусгаж баталснаар допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд Үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллаж, туслалцаа үзүүлнэ.
18.6. Спортын Үндэсний холбоод нь энэ дүрмийн хүрээнд Үндэсний допингийн эсрэг байгууллагаас оноосон шийтгэл болон бусад шийдвэр, түүний хэрэгжилтийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөнө.
18.7. Монгол Улсын спортын Үндэсний холбоо бүр Дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартууд, энэ дүрэмд нийцүүлэхийн тулд дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
18.7.1. Олон улсын холбооноос олгосон эрх хэмжээний хүрээнд Үндэсний допингийн эсрэг байгууллага болон бусад эрх бүхий байгууллагатай хамтран “Шинжилгээ, мөрдөн шалгалтын олон улсын стандарт”-ын дагуу шинжилгээ авах;
18.7.2. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 5.2.1-д заасны дагуу Үндэсний допингийн эсрэг байгууллагын эрх хэмжээг хүлээн зөвшөөрч, тухайн спортын төрөлд үндэсний хэмжээнд шинжилгээ авах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх;
18.7.3. Энэ дүрмийн 6.1-д заасны дагуу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн магадлан итгэмжлэгдсэн лабораториор сорьцын шинжилгээ хийлгэх;
18.7.4. Спортын Үндэсний холбоо нь үндэсний хэмжээнд гарсан допингийн эсрэг аливаа зөрчлийг илрүүлсэн бол энэ дүрмийн 8.1-д болон “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-д заасны дагуу хэрэг хянан хэлэлцэх ажиллагааг хараат бусаар зохион байгуулах.
18.8. Спортын Үндэсний холбоо бүр нь холбооноос, эсхүл гишүүн байгууллагаас зохион байгуулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа тамирчин, тамирчныг дэмжигч этгээд энэ дүрмийг хүлээн зөвшөөрч байгаа болон тэмцээнд оролцох шаардлага нь Дэлхийн допингийн эсрэг дүрэмд нийцэж байгаа тухай баталгааг үр дүнгийн удирдлагын ажиллагааг явуулах эрхтэй Үндэсний допингийн эсрэг байгууллагад илгээнэ.
18.9. Спортын Үндэсний холбоо бүр нь допингийн эсрэг аливаа зөрчилтэй холбоотой мэдээллийг Үндэсний допингийн эсрэг байгууллага болон олон улсын холбоонд өгөх ба эрх бүхий допингийн эсрэг байгууллага мөрдөн шалгалт явуулахад хамтран ажиллана.
18.10. Спортын холбоод нь хориглосон бодис, хориглосон аргыг хэрэглэсэн тамирчин, түүнийг дэмжигч этгээдэд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага болон спортын холбоодоос үзүүлэх тусламж, дэмжлэгийг хязгаарлах сахилгын дүрэмтэй байна.
18.11. Спортын Үндэсний холбоо бүр Үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран допингийн эсрэг боловсрол олгох үйл ажиллагааг зохион байгуулна.
18.12. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа спортын холбоод хүлээн зөвшөөрөх тухай актад гарын үсэг зурснаар энэ дүрмийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Арван ес. Үндэсний допингийн эсрэг байгууллагын нэмэлт үүрэг, хариуцлага
19.1. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 20.5 дахь заалтын дагуу хүлээсэн үүргээс гадна үйл ажиллагаа нь Дэлхийн допингийн эсрэг дүрэмд нийцэж буй талаар мөн дүрмийн 24.1.2-т заасны дагуу Дэлхийн допингийн эсрэг агентлагт тайлагнах үүрэгтэй.
19.2. Үндэсний допингийн эсрэг байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүд, захирал, албан хаагч, ажилтан зэрэг допингийн хяналттай холбоотой бүх этгээд холбогдох хууль, дүрэм болон Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 20.5.10-д заасныг сахин биелүүлж, дүрмийг санаатайгаар болон шууд зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээх тухай актад гарын үсэг зурна.
19.3. Холбогдох хууль тогтоомж болон Дэлхийн допингийн эсрэг дүрмийн 20.5.11-д заасны дагуу Үндэсний допингийн эсрэг байгууллагын боловсрол, нөхөн сэргээлтийн хөтөлбөрт хамаарахаас бусад допингийн хяналтын үйл ажиллагаатай холбоотой ажилтнууд нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийг даган мөрдөж байсан бол өнгөрсөн 6 (зургаа) жилийн хугацаанд түр түдгэлзүүлэх болон эрх хасах шийтгэл авч байгаагүй, эсхүл допингийн эсрэг дүрмийн зөрчлийг шууд, эсхүл санаатайгаар зөрчиж байгаагүй тухай актад гарын үсэг зурах шаардлагатай.
19.4. Үндэсний допингийн эсрэг байгууллага нь энэ дүрмийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа спортын холбоодод заавал танилцуулж, уг дүрмийг хүлээн зөвшөөрөх тухай актад гарын үсэг зуруулах үүрэгтэй.
Хорь. Тамирчны нэмэлт үүрэг, хариуцлага
20.1. Тамирчид нь дараахь нэмэлт үүрэг, хариуцлагыг хүлээнэ:
20.1.1. Энэ дүрэмд нэгдэх батламжид гарын үсэг зурах, цаашид дүрмийг дагаж мөрдөх, дүрмийн талаар мэдлэгтэй байх;
20.1.2. Допингийн шинжилгээ өгөхөд цаг үргэлж бэлэн байх;
20.1.3. Хэрэглэсэн зүйлийнхээ төлөө хариуцлагаа дангаар хүлээх;
20.1.4. Хориглосон бодис, хориглосон арга хэрэглэхгүй байх тухай эмч, эмнэлгийн ажилтанд сануулах, ямар нэг шалтгааны улмаас хийлгэж буй эмчилгээ нь допингийн эсрэг дүрмийг зөрчөөгүй гэдгийг нягтлан шалгах;
20.1.5. Өнгөрсөн 10 (арав) жилийн хугацаанд дүрмийн зөрчил гаргаж байгаагүй тухай энэ дүрмийг хүлээн зөвшөөрөөгүй хуулийн этгээдээс гаргасан шийдвэрийг Үндэсний допингийн эсрэг байгууллага болон олон улсын холбоонд мэдээлэх;
20.1.6. Энэ дүрмийн зөрчлийг мөрдөн шалгахад Үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллах;
20.1.7. Үндэсний допингийн эсрэг байгууллага, спортын Үндэсний холбоо болон допингийн эсрэг эрх бүхий бусад байгууллагын хүсэлтээр тамирчныг дэмжигч этгээдийн талаар мэдээлэл өгөх;
20.1.8. Допингийн хяналтад хамрагдсан тамирчин нь допингийн хяналтын ажилтан болон бусад этгээдийг доромжлох зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байх.
20.2. Тамирчны допингийн хяналтын ажилтан, эсхүл допингийн ажиллагаанд хамааралтай бусад этгээдийг доромжилсон үйлдэл нь допингийн хяналтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож буй үйлдэл биш боловч Үндэсний допингийн эсрэг байгууллага, эсхүл спортын холбооны ёс зүйн дүрмийн хүрээнд сахилгын шийтгэл оноох үндэслэл болно.
Хорин нэг. Тамирчныг дэмжигч этгээдийн нэмэлт үүрэг, хариуцлага
21.1. Тамирчныг дэмжигч этгээд дараахь нэмэлт үүрэг, хариуцлага хүлээнэ:
21.1.1. Энэ допингийн эсрэг дүрмийг даган мөрдөж, дүрмийн талаар мэдлэгтэй байх;
21.1.2.тамирчны шинжилгээний хөтөлбөрт хамтран ажиллах;
21.1.3. Допингийн эсрэг хандлагыг төлөвшүүлэхийн тулд тамирчны үнэлэмж, ухамсарт нөлөөлөх;
21.1.4. Тамирчин өнгөрсөн 10 (арав) жилийн хугацаанд дүрмийн зөрчил гаргаж байгаагүй тухай энэ дүрмийг хүлээн зөвшөөрөөгүй хуулийн этгээдээс гаргасан шийдвэрийг Үндэсний допингийн эсрэг байгууллага болон олон улсын холбоонд мэдээлэх;
21.1.5. Дүрмийн зөрчлийг мөрдөн шалгахад Үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллах;
21.1.6. Тамирчныг дэмжигч этгээд хүндэтгэх шалтгаангүйгээр хориглосон бодис, хориглосон аргыг хэрэглэж, эзэмшихийг хориглох;
21.1.7. Допингийн хяналтад хамрагдсан тамирчныг дэмжигч этгээд нь допингийн хяналтын ажилтан ба бусад этгээдийг доромжлох зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байх.
21.2. Тамирчныг дэмжигч этгээдийн гаргасан допингийн хяналтын ажилтан, эсхүл допингийн хяналтын ажиллагаанд хамааралтай бусад этгээдийг доромжилсон үйлдэл нь допингийн хяналтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож буй үйлдэл биш боловч энэ нь Үндэсний допингийн эсрэг байгууллага, эсхүл спортын холбооны ёс зүйн дүрмийн хүрээнд сахилгын шийтгэл оноох үндэслэл болно.
Хорин хоёр. Дүрэмтэй хамаарал бүхий этгээдийн нэмэлт үүрэг, хариуцлага
22.1. Дүрэмтэй хамаарал бүхий этгээд нь дараахь нэмэлт үүрэг, харилцлагыг хүлээнэ:
22.1.1. Энэ дүрмийг даган мөрдөж, дүрмийн талаар мэдлэгтэй байх;
22.1.2. Тамирчин өнгөрсөн 10 (арав) жилийн хугацаанд допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргаж байгаагүй тухай энэ дүрмийг хүлээн зөвшөөрөөгүй хуулийн этгээдээс гаргасан шийдвэрийг Үндэсний допингийн эсрэг байгууллага болон олон улсын холбоонд мэдээлэх;
22.1.3. Допингийн эсрэг дүрмийн зөрчлийг мөрдөн шалгахад Үндэсний допингийн эсрэг байгууллагатай хамтран ажиллах;
22.1.4. Хүндэтгэх шалтгаангүйгээр хориглосон бодис, хориглосон аргыг хэрэглэж, эзэмшихийг хориглох;
22.1.5. Допингийн хяналтад хамрагдсан тамирчныг дэмжигч этгээд нь допингийн хяналтын ажилтан ба бусад этгээдийг доромжлох зэрэг ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байх.
22.2. Хамаарал бүхий этгээдийн гаргасан допингийн хяналтын ажилтан, эсхүл допингийн хяналтын ажиллагаанд хамааралтай бусад этгээдийг доромжилсон үйлдэл нь допингийн хяналтын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцож буй үйлдэл биш боловч энэ нь Үндэсний допингийн эсрэг байгууллага, эсхүл спортын холбооны ёс зүйн дүрмийн хүрээнд сахилгын шийтгэл оноох үндэслэл болно.
Хорин гурав. Спорт дахь допингийн эсрэг Үндэсний зөвлөл
23.1. Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцын хэрэгжилтийг хангуулах, Монгол Улсад спорт дахь допингийн эсрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Үндэсний зөвлөл (платформ)-ийг Засгийн газар байгуулна.
23.2. Спорт дахь допингийн эсрэг Үндэсний зөвлөлийн дарга нь спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байх бөгөөд Спорт дахь допингийн эсрэг Үндэсний зөвлөлд дараахь агентлаг, байгууллагын төлөөлөл заавал байна:
23.2.1. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
23.2.2. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага;
23.2.3. Цагдаагийн төв байгууллага;
23.2.4. Хяналтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
23.2.5. Гаалийн удирдах төв байгууллага;
23.2.6. Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага;
23.2.7. Монголын үндэсний олимпын хороо;
23.2.8. Монголын үндэсний паралимпын хороо;
23.2.9. Эмийн зөвлөл;
23.2.10. Авлигатай тэмцэх газар;
23.2.11.Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо;
23.2.12. Үндэсний допингийн эсрэг байгууллага.
23.3. Допингийн эсрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Үндэсний зөвлөлийн ажиллах журмыг Үндэсний зөвлөлийн дарга батална.
Хорин дөрөв. Дэлхийн допингийн эсрэг дүрмийн тайлбар
24.1. Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь Дэлхийн допингийн эсрэг дүрмийн албан ёсны эх бичвэрийг англи, франц хэлээр хэвлүүлнэ. Англи, франц хувилбаруудын хооронд ямар нэгэн үл ойлголцол зөрчил гарсан тохиолдолд англи эхийг баримтална.
24.2. Энэ дүрмийн заалтуудын талаар хийх тайлбарыг энэ дүрмийн үндсэн тайлбар болгон ашиглана.
24.3. Энэ дүрмийг бие даасан баримт бичиг болгон тайлбарлах бөгөөд гарын үсэг зурагч аль нэг тал болон Засгийн газрын холбогдох дүрэм, журмын дагуу тайлбарлахгүй.
24.4. Энэ дүрмийн хэсэг болон заалтад ашиглагдсан гарчиг нь зөвхөн ойлгомжтой болгох үүднээс хийгдсэн тул энэ дүрмийн ямар нэгэн бүрэлдэхүүн хэсэг гэж тооцогдохгүй бөгөөд энэхүү заалтад хийсэн аливаа тайлбарт сөргөөр нөлөөлөхгүй (энэ дүрмийг өөрийн орны стандартад нийцүүлэн боловсруулсан болно).
24.5. Дэлхийн допингийн эсрэг дүрэм, эсхүл олон улсын стандартад хэрэглэсэн “өдөр” гэсэн нэр томьёог онцгойлон өөрөөр заагаагүй бол хуанлийн өдрүүд гэж ойлгоно.
24.6. Энэ дүрэм нь батлагдах өдрөөс өмнө аль нэг гарын үсэг зурагч талын хүлээн зөвшөөрсөн буюу тухайн улсын хууль тогтоомжид заасан асуудлуудад хамаарахгүй. Гэхдээ энэ дүрэм гарахаас өмнө үүссэн допингийн эсрэг дүрмийг зөрчсөн аливаа үйлдэл нь анхны зөрчил буюу хоёр дахь зөрчил гэх мэтчилэн тоологдож энэ дүрмийн 10 дахь хэсэгт заасны дагуу холбогдох дүрэм батлагдсаны дараахь зөрчлийн тоонд оруулах эсэхийг тодорхойлох зорилгоор ашиглагдана.
24.7. Дэлхийн допингийн эсрэг хөтөлбөрүүд болон энэ дүрмийн зорилго, хүрээ, зохион байгуулалт болон хавсралт тодорхойлолт нь энэ дүрмийн салшгүй хэсэг болно.
Хорин тав. Бусад зүйл
25.1. Энэ дүрэмд хэрэглэсэн “өдөр” гэсэн нэр томьёог өөрөөр заагаагүй бол хуанлийн өдөр гэж ойлгоно.
25.2. Энэ дүрэм нь бие даасан баримт бичиг болно.
25.3. Энэ дүрмийг Дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартыг баримтлан боловсруулсан бөгөөд Дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартад нийцүүлэн тайлбарлана.
25.4. Энэ дүрэм нь Дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартын салшгүй хэсэг бөгөөд үүнтэй холбоотой маргаан үүсвэл Дэлхийн допингийн эсрэг дүрэм, олон улсын стандартыг баримтална.
25.5. Хавсралт нь Үндэсний допингийн эсрэг дүрмийн салшгүй хэсэг байна.
25.6. Энэ дүрмийн заалтыг тайлбарлахад Дэлхийн допингийн эсрэг дүрмийн заалтын тайлбарыг ашиглана.
25.7. Энэ дүрэм нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилнэ.
25.8. Энэ дүрэм нь батлагдсан өдрөөс өмнө буцаан хэрэглэхгүй.
25.9. Энэ дүрэм хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан допингийн эсрэг зөрчилд уг дүрмийн 10 дахь хэсэгт заасан зохицуулалтыг хэрэглэх зорилгоор хүчин төгөлдөр болсны дараагаас эхний, эсхүл хоёр дахь зөрчил гэж тоолно.
25.10. Энэ дүрэм хүчин төгөлдөр болохоор хүлээгдэж байх хугацаанд гарсан аливаа зөрчил, эсхүл хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан ч хүчин төгөлдөр болсны дараа илэрсэн аливаа зөрчлийг зөрчил гарсан үед хүчин төгөлдөр үйлчилж байсан допингийн эсрэг дүрмийн дагуу шийдвэрлэх ба хэрэг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн нь хэргийн нөхцөл байдалд хөнгөрүүлсэн шийтгэлийн (лекс митиор) зарчмыг зохих ёсоор хэрэгжүүлээгүй бол тухайн үед хүчин төгөлдөр байсан допингийн эсрэг дүрмийн дагуу шийдвэрлэхгүй. Энэ тохиолдолд өмнөх зөрчил гарсан үеийг энэ дүрмийн 10.52-т заасны дагуу хэд хэдэн зөрчил гэж үзэж шийдвэрлэх ба энэ дүрмийн 16 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг буцаан хэрэглэнэ (энэ дүрмийн 16 дахь хэсгийг зөвхөн энэ дүрэм хүчин төгөлдөр болсон өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа зөрчлийн тохиолдолд буцаан хэрэглэнэ).
25.11. Энэ дүрэм хүчин төгөлдөр болохоос өмнө гарсан, энэ дүрмийн 2.4.4-т заасан байршлын мэдээллийн алдааны аливаа зөрчлийг “Үр дүнгийн удирдлагын олон улсын стандарт”-ын дагуу үргэлжлүүлэн мөрдөнө. Энэ заалт нь хэрэг үүссэнээс хойш 12 сарын хугацаа дуусмагц хүчингүй болно.
25.12. Энэ дүрэм хүчин төгөлдөр болохоос өмнө дүрмийн зөрчлийн эцсийн шийдвэрийг хүлээн авсан тохиолдлуудын хувьд, эрх хасах шийтгэлийн хугацаа нь үргэлжилж байгаа тамирчин, бусад этгээд нь Үндэсний допингийн эсрэг байгууллага, эсхүл тухайн дүрмийн зөрчлийн үр дүнгийн удирдлагыг хариуцаж буй допингийн эсрэг бусад байгууллагад энэ дүрмийн хүрээнд эрх хасах шийтгэлийг бууруулах талаар хандан хүсэлт гаргаж болно. Хүсэлтийг заавал одоо үргэлжилж буй эрх хасах шийтгэлийн хугацаа дуусахаас өмнө гаргасан байх шаардлагатай. Шийдвэрийг энэ дүрмийн 13.5-д заасны дагуу давж заалдаж болно. Дүрмийн зөрчил гаргасан тухай эцсийн шийдвэр гарсан бөгөөд уг шийдвэрийн дагуу оноосон эрх хасах шийтгэлийн хугацаа дууссан бол энэ дүрмийн хүрээнд шийтгэл бууруулах хүсэлт гаргаж болохгүй.
25.13. Энэ дүрмийн 10.42-т заасны дагуу хоёр дахь зөрчил гарсан үед эхний зөрчилд оноосон шийтгэл нь энэ дүрэм хүчин төгөлдөр болохоос өмнө хэрэгжиж эхэлсэн бол хоёр дахь зөрчилд оноосон эрх хассан шийтгэлийн хугацааг энэ дүрмийн дагуу эхний эрх хасах шийтгэлийн хугацаа дууссан өдрөөс үргэлжлүүлэн тооцно.
25.14. Хориглосон бодис, хориглосон аргатай хамааралтайгаар хориглосон жагсаалт, техникийн бичиг баримтад орсон өөрчлөлтийг тусгайлан өөрөөр заагаагүй бол буцаан хэрэглэж болно. Тамирчин, бусад этгээдийн одоогийн эрх хасах шийтгэл авахад хүргэсэн хориотой бодис, хориотой арга хориглосон жагсаалтаас хасагдсан бол тамирчин болон бусад этгээд хориглосон жагсаалтаас хасагдсан хориглосон бодис, хориглосон аргатай холбоотой авсан эрх хасах шийтгэлийн хугацааг энэ дүрмийн дагуу багасгах, цуцлуулах хүсэлтийг Үндэсний допингийн эсрэг байгууллага, эсхүл тухайн зөрчлийн үр дүнгийн удирдлагыг хариуцаж байгаа допингийн эсрэг байгууллагад хандан гаргаж болно.
—о0о—
Дүрмийн хавсралт
НЭР ТОМЬЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТУУД
–ОЛОН УЛСЫН ДОПИНГИЙН ЭСРЭГ ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН СИСТЕМ (ADAMS): Мэдээллийг хамгаалах хууль тогтоомжтой уялдуулан сонирхогч талууд болон Дэлхийн допингийн эсрэг агентлагийн допингийн эсрэг үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилготой өгөгдөл оруулах, хадгалах, хуваалцах, тайлагнах цахим хуудсанд суурилсан мэдээллийн сангийн удирдлагын тогтолцоог хэлнэ.
–ЗАХИРГАА: Хориотой бодис, хориотой аргыг өөр хүн ашиглах, ашиглахыг оролдохыг завдах, нийлүүлэх, хяналт тавих, дэмжих, бусад байдлаар оролцохыг хэлнэ. Энэхүү тодорхойлолт нь жинхэнэ болон хууль ёсны эмчилгээний зорилгоор ашигласан хориотой бодис, хориотой арга, бусад хүлээн зөвшөөрөгдөх үндэслэл бүхий эрүүл мэндийн ажилтнуудын үйлдлүүдийг багтаахгүй бөгөөд өрсөлдөөнөөс гадуур хориглоогүй хориотой бодистой холбоотой үйлдэлд үл хамаарна. Нөхцөл байдал бүхэлдээ ийм хориотой бодисууд нь жинхэнэ болон хууль ёсны эмчилгээний зорилгоор зориулагдаагүй, эсхүл спортын гүйцэтгэлийг сайжруулах зорилготой биш гэдгийг нотлохоос бусад тохиолдолд туршилт хийхэд хамаарна.
-СӨРӨГ АНАЛИТИК ИЛЭРЦ: Дэлхийн допингийн эсрэг агентлагаас магадлан итгэмжилсэн шинжилгээний лаборатори, эсхүл Дэлхийн допингийн эсрэг агентлагаас хүлээн зөвшөөрсөн шинжилгээний лабораторийн олон улсын стандартын дагуу явуулсан шинжилгээний хүрээнд сорьцоос хориотой бодис, түүний метаболит, эсхүл маркер илэрсэн, эсхүл хориотой арга хэрэглэснийг нотолсон дүгнэлтийг хэлнэ.
-ПАСПОРТЫН СӨРӨГ ИЛЭРЦ: Олон улсын стандартад заасан паспортын үр дүнгээр сөрөг илэрц гэж тооцогдох дүгнэлтийг хэлнэ.
-ХҮНДРҮҮЛСЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ: Стандарт журмаар шийтгэл (санкц) оногдуулахаас өөрөөр эрх хасах шийтгэлийг илүү урт хугацаагаар ногдуулахад хүргэх аливаа нөхцөл байдал, үйлдлийг хэлнэ. Эдгээр хүндрүүлсэн нөхцөл байдал, эсхүл үйлдэлд дараахь нөхцөл байдлыг хамруулна:
- тамирчин, эсхүл бусад этгээд олон төрлийн хориглосон бодис эсхүл хориглосон хэд хэдэн аргуудыг нэгэн зэрэг ашигласан;
- тамирчин, эсхүл бусад этгээд хориглосон бодис эсхүл хориглосон аргыг удаа дараа ашигласан бөгөөд допингийн эсрэг дүрмийг удаа дараагийн үйлдлээр зөрчсөн;
- энгийн этгээд эрх хасах өөр шийтгэлийн үед допингийн эсрэг дүрмийн зөрчлийн үр дагаврыг бууруулах зорилгоор бусад үйлдлийг хийсэн;
- допингийн эсрэг дүрмийг зөрчсөнийг илрүүлэхгүй байх зорилгоор эсхүл допингийн эсрэг дүрмийг зөрчиж, мөрдөн шалгах, шүүх ажиллагаа явуулж байх үед хуурамч мэдээлэл өгөх, далдлан нуух үйлдэл гаргасан;
- шинжилгээний хариуг хуурамчаар үйлдсэн зэрэг үйлдэл, нөхцөл байдлыг тус тус хэлнэ.
Дээрх жагсаалтад дурдаагүй бусад нөхцөл байдал, үйлдлийг мөн хүндрүүлсэн нөхцөл байдалд тооцож, илүү урт хугацааны эрх хасах шийтгэлийг мөн оногдуулах боломжтой юм.
-ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА нь:
- допингийн эсрэг бодлого, үзэл суртлыг сурталчлах, энэ чиглэлээр мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх;
- шинжилгээний хуваарилалтыг төлөвлөх;
- шинжилгээний бүртгэлийг хөтлөх;
- тамирчдын биологийн паспортыг хөтлөх болон хянах;
- шинжилгээ авах;
- дээжсийн шинжилгээ, хяналтыг зохион байгуулах;
- мөрдөн шалгах болон судалгааны зорилгоор мэдээлэл цуглуулах;
- мөрдөн шалгах ажиллагааг явуулах, эмчилгээний зориулалтаар ашиглах зорилгоор хориглолтоос чөлөөлөх хүсэлт (TUE application)-ийг хянан шийдвэрлэх;
- аливаа гарсан үр дагавар болон шийтгэл оногдуулсан үйл явцыг хянаж үзэх, судлан шалгах болон дүн шинжилгээ хийх;
- Дэлхийн допингийн эсрэг агентлагаас баталсан дүрэм, журам, энэ дүрэм болон олон улсын стандартад нийцсэн допингийн эсрэг аливаа эрх зүйн зохицуулалтыг дагаж мөрдөхөд чиглэсэн бусад чиг үүргийг тус тус хэлнэ.
-ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА: Дэлхийн допингийн эсрэг агентлаг, эсхүл допингийн эсрэг хяналт, шалгалтын бүх шатны үйл явцыг санаачлах, хэрэгжүүлэх, хэрэгжилтийг хангахтай холбоотой дүрэм, журмыг баталж, дагаж мөрдөхөөр хүлээн зөвшөөрсөн Хэлэлцэн тохиролцогч талын байгууллагыг хэлнэ.
-ТАМИРЧИН: Олон улсын түвшинд (олон улсын холбоо тус бүрээр тодорхойлсон), эсхүл үндэсний түвшинд (Үндэсний допингийн эсрэг байгууллага тухай бүр тодорхойлсон) спортын тэмцээнд оролцож буй аливаа этгээдийг хэлнэ. Дэлхийн допингийн эсрэг агентлаг нь олон улсын зэрэглэлийн тамирчин, улсын зэрэглэлийн тамирчин бус тамирчдад допингийн эсрэг дүрмийг өөрийн үзэмжээр хэрэглэж, “Тамирчин” гэсэн тодорхойлолтод багтаах эрхтэй. Олон улсын болон үндэсний хэмжээний тамирчин бус тамирчдын хувьд Дэлхийн допингийн эсрэг агентлаг дараахь арга хэмжээг авч болно:
- хязгаарлагдмал шинжилгээ хийх, эсхүл огт шинжилгээ өгөхгүй байх;
- хориглосон бодисын бүрэн цэснээс бага дээжийг шинжлэх;
- хаана байгаа талаар мэдээлэл шаардах;
- мөрдөн шалгах урьдчилсан ажиллагааг явуулахгүй байх зэрэг.
Хэдий тийм ч энэ дүрмийн 2.4, 2.4.3 болон 2.4.5-д заасан зөрчлийг гаргасан аливаа тамирчин, эсхүл бусад этгээдийн хувьд (Үндэсний допингийн эсрэг байгууллага шинжилгээ авахаар сонгосон) олон улсын түвшнээс доогуур түвшний тэмцээнд оролцож буйгаас үл хамаарч түүнд допингийн эсрэг дүрмийн дагуу зөрчлийг тооцож, шийтгэл оногдуулна.
Энэ дүрмийн 2.4.8, 2.4.9-д заасан зорилгоор, түүнчлэн допингийн эсрэг мэдээлэл цуглуулах, соён гэгээрүүлэх зорилгоор хэлэлцэн тохиролцогч аливаа нэг тал, Засгийн газар, эсхүл дүрмийг хүлээн зөвшөөрсөн бусад спортын байгууллагын удирдлага дор спортоор хичээллэж буй аливаа этгээдийг тамирчин хэмээн тооцож мөн болно.
-ТАМИРЧНЫ БИОЛОГИЙН ПАСПОРТ: Шинжилгээ болон мөрдөн шалгах олон улсын стандарт (International Standard for Testing and Investigations) болон лабораторийн олон улсын стандартад (International Standard for Laboratories) тус тус дурдсан мэдээллийг цуглуулах хөтөлбөр, арга хэрэгслийн цогцыг хэлнэ.
-ТАМИРЧИНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭГЧ ЭТГЭЭД: Тамирчинд тэмцээнд оролцоход, эсхүл эмчилгээ хийлгэхэд нь тусламж, дэмжлэг үзүүлж буй аливаа дасгалжуулагч, зааварлагч, менежер, төлөөлөгч, багийн ажилтан, албан тушаалтан, эмнэлгийн ажилтан, пара-эмнэлгийн ажилтан, эцэг эх болон бусад этгээдийг тус тус хэлнэ.
-ОРОЛДЛОГО: Допингийн эсрэг дүрэм зөрчихөд хүргэхээр төлөвлөж буй зан үйлийн явцад томоохон алхам болох үйлдлийг зориудаар хийхийг хэлнэ. Нөгөө талаас, хэрэв тухайн хүн оролдлогод оролцоогүй гуравдагч этгээд илрүүлэхээс өмнө тухайн хүн оролдлогоосоо татгалзсан тохиолдолд зөвхөн зөрчил гаргах оролдлого дээр үндэслэсэн допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргаагүй хэмээн тооцно.
-ХЭВИЙН БУС ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУ: Дэлхийн допингийн эсрэг агентлагийн магадлан итгэмжлэгдсэн шинжилгээний лаборатори, эсхүл Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хүлээн зөвшөөрсөн шинжилгээний лабораторийн хийсэн шинжилгээний хариуг хэлэх бөгөөд уг хариу нь олон улсын шинжилгээний стандарын дагуу, эсхүл сөрөг илэрцийн хариуг тодорхойлдог техникийн баримт бичгийн дагуу үргэлжлүүлэн судлах шаардлагатай хэмээн тооцсон дүгнэлттэй хариуг хэлнэ.
-ХЭВИЙН БУС ПАСПОРТЫН ХАРИУ: Олон улсын стандартын дагуу хэвийн бус олдворыг олсон шинжилгээний хариу дүгнэлтийг хэлнэ.
-САШ (CAS): Спортын арбитрын шүүхийг хэлнэ.
-ДҮРЭМ: Дэлхийн допингийн эсрэг дүрмийг хэлнэ.
-ТЭМЦЭЭН: Нэг удаагийн уралдаан, тэмцээн, тоглоом, эсхүл ганцаарчилсан спортын тэмцээнийг тус тус хэлнэ. Тухайлбал, сагсан бөмбөгийн тэмцээн, эсхүл хөнгөн атлетик, олимпын 100 метрийн уралдааны финал. Шагналыг өдөр бүр болон бусад завсрын байдлаар олгодог тайзны уралдаан болон бусад спортын тэмцээний хувьд тэмцээн ба тэмцээн хоорондын ялгаа нь холбогдох Олон улсын холбооны дүрмийн дагуу зохицуулна.
-ДОПИНГИЙН ЭСРЭГ ДҮРМИЙН ЗӨРЧЛИЙН ҮР ДАГАВАР (“ҮР ДАГАВАР”): Тамирчин, эсхүл бусад этгээд допингийн эсрэг дүрмийг нэг удаагийн, эсхүл олон удаагийн үйлдлээр зөрчсөнөөс болж гарах дараахь үр дагаврыг хэлнэ:
- Эрх хасуулах гэж тодорхой нэг тэмцээн, арга хэмжээнд тамирчны гаргасан үр дүн, оноог хүчингүй болгож, түүний хүртсэн медаль, оноо болон бусад шагналыг хураан авахыг хэлнэ;
- Эрхийг түдгэлзүүлэх гэж энэ дүрмийн 10.63-т зааснаар допингийн эсрэг дүрмийг зөрчсөн тамирчин эсхүл бусад этгээдэд аливаа нэг тэмцээн эсхүл бусад үйл ажиллагаа, эсхүл санхүүжилтэд оролцох эрхийг нь тодорхой хугацаагаар түдгэлзүүлэхийг хэлнэ;
- Түр түдгэлзүүлэх гэж энэ дүрмийн 8 дугаар хэсэгт зааснаар тамирчин эсхүл бусад этгээдийн хувьд аливаа нэг тэмцээн, эсхүл бусад арга хэмжээнд шүүх ажиллагааны эцсийн дүгнэлт гарах хүртэл эрхийг нь түр хугацаанд түдгэлзүүлэхийг хэлнэ;
- Санхүүгийн үр дагавар гэж допингийн эсрэг дүрмийг зөрчсөн, эсхүл допингийн, эсхүл дүрмийг зөрчсөн санхүүгийн үр дагаврыг арилгахтай холбоотойгоор оногдуулсан аливаа нэг санхүүгийн хориг арга хэмжээг хэлнэ;
- Олон нийтэд ил тод болгох гэж энэ дүрмийн 14 дүгээр хэсэгт зааснаар мэдээллийг сонирхогч бүхий этгээдүүдээс бусад этгээдүүд болон олон нийтэд ил тод болгох, түгээх үйлдлийг хэлнэ.
Багийн спортын төрөлд оролцож буй багийн хувьд мөн 11 дүгээр хэсэгт заасан дээрх үр дагаврууд хамаарч болно.
-БОХИРДСОН БҮТЭЭГДЭХҮҮН: Тухайн бүтээгдэхүүний шошго дээр, эсхүл цахим эх үүсвэрээс хайлт хийхэд илэрц гарч ирэхгүй, ил тод бус хориотой бодисыг агуулсан бүтээгдэхүүнийг хэлнэ.
-ШИЙДВЭР ГАРГАХ ДЭЭД ХЯЗГААР: Олон улсын лабораторийн стандартад тодорхойлсноор дээж дэх босго бодисын үр дүнгийн утга бөгөөд түүнээс дээш дүн шинжилгээний сөрөг үр дүнгийн ойлголтыг хэлнэ.
-ТОМИЛОГДСОН ГУРАВДАГЧ ЭТГЭЭД: Допингийн хяналтын болон допингийн эсрэг боловсролын хөтөлбөрүүдийн аль нэг хэсгийг Үндэсний допингийн эсрэг байгууллагад шилжүүлсэн аливаа этгээдийг хэлэх бөгөөд үүнд дээж цуглуулах, допингийн хяналтын бусад үйлчилгээ, допингийн эсрэг боловсролын үйлчилгээ эрхэлдэг гуравдагч этгээд болон бусад этгээдийг тус тус хэлнэ. Үндэсний допингийн эсрэг байгууллагад зориулсан хөтөлбөрүүд, эсхүл Үндэсний допингийн эсрэг байгууллагад допингийн хяналтын үйлчилгээ үзүүлдэг бие даасан гэрээт гүйцэтгэгчээр ажилладаг хувь этгээдийг мөн хамруулна (жишээ нь: Допингийн хяналтын ажилтан, эсхүл харгалзагч зэрэг). Энэ тодорхойлолтод Спортын арбитрын шүүхийг хамруулахгүй.
-ЭРХ ХАСАХ: Допингийн эсрэг дүрэм зөрчсөний үр дагавар хэсгээс тодорхойлолтыг үзнэ үү.
-ДОПИНГИЙН ХЯНАЛТ: Шинжилгээний хуваарилалтыг төлөвлөхөөс эхлүүлээд аливаа давж заалдах хүсэлтийг эцэслэн шийдвэрлэх, үр дагаврыг хэрэгжүүлэх хүртэлх бүх үе шат, үйл явц, түүнчлэн, туршилт, мөрдөн шалгалтын ажиллагаа, судлан шинжлэх, илрүүлэх ажиллагаа, дээж цуглуулах, зохицуулах зэрэг бүхий л үе шат, үйл явцуудыг хамруулж ойлгоно. Лабораторийн шинжилгээ, үр дүн 10.63-т заасныг зөрчсөнтэй холбоотой удирдлага, мөрдөн байцаалт, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (Эрх хасагдах буюу түр түдгэлзүүлсэн үеийн байдал)-г тус тус ойлгоно.
-БОЛОВСРОЛ: Спортын сэтгэлгээг төлөвшүүлэх, хамгаалах зан үйлийг төлөвшүүлэх, санаатай болон санамсаргүй допинг хэрэглэхээс урьдчилан сэргийлэхэд суралцах үйл явцыг хэлнэ.
-АРГА ХЭМЖЭЭ: Удирдлага, зохион байгуулалтыг нэг байгууллагаас явуулж байгаа хэд хэдэн цуврал тэмцээнийг хэлнэ (жишээ нь, Олимпын тэмцээн, олон улсын холбооны тэмцээнүүд болон панамерикийн тэмцээн зэрэг).
-АРГА ХЭМЖЭЭГ ЯВУУЛАХ ҮЕ: Арга хэмжээг удирдан, зохион байгуулагч байгууллагаас тогтоосон арга хэмжээ эхлэх, дуусах хүртэлх цаг хугацааг хэлнэ.
-АРГА ХЭМЖЭЭГ ЯВУУЛАХ ГАЗАР: Арга хэмжээг удирдан, зохион байгуулагч байгууллагаас арга хэмжээг зохион байгуулахаар тогтсон газрыг хэлнэ.
-АЛДАА: Тодорхой нэг тохиолдлын хувьд хариуцлага алдах, аюулгүй байдлаа хангахгүй байх аливаа үйлдлийг хэлнэ. Тамирчин, эсхүл бусад этгээдийн гэм буруугийн түвшнийг тогтоохдоо зарим үзүүлэлтийг харгалзаж үзэх хэрэгтэй. Тухайлбал:
- тамирчны, эсхүл бусад этгээдийн туршлагын хэмжээ;
- тамирчин, эсхүл бусад этгээд хамгаалагдсан этгээд байсан эсэх;
- тамирчны эрсдэлийн түвшин, ялагдах магадлал зэргийг тооцож үзсэн эсэх;
- тамирчны эрсдэлийн түвшинг тооцохдоо хянамгай хандсан эсэх зэрэг.
Тамирчны, эсхүл бусад этгээдийн гэм буруугийн түвшинг тооцохдоо түүний эрхэд халдаж, түүнд хязгаарлалтын арга хэмжээ авах шийдвэр гаргах гэж байгаагаа тооцож улмаар тухайн тамирчин, эсхүл бусад этгээдийн хийсэн үйлдлийн зорилго, зорилтыг мөн харгалзаж, зохих тайлбарыг авах нь зүйтэй. Жишээ нь: эрх хасах үед тухайн тамирчин их хэмжээний санхүүгийн хохирол амсах болохыг, эсхүл дөнгөж тамирчны карьерыг эхлүүлсэн тамирчин аливаа ирээдүйн боломжуудыг алдах болохыг, тамирчин хугацаа ихээр алдах болох зэрэг тамирчны хувьд үүсэх сөрөг үр дагаврыг бүрэн харгалзаж энэ дүрмийн 10.16-д заасан эрх хасах шийдвэрийг гаргах нь зүйтэй.
-САНХҮҮГИЙН ҮР ДАГАВАР: Допингийн эсрэг дүрмийн 2 дугаар хэсэгт заасан зөрчлийн үр дагаврын тодорхойлолтыг үзнэ үү.
-ТЭМЦЭЭНИЙ ҮЕ: Тамирчны оролцох гэж буй тэмцээн эхлэхээс өмнөх өдрийн шөнийн 23:59 минутаас эхэлж, тухайн тэмцээн бүрэн дуусаж, тухайн тэмцээнтэй холбоотой дээж цуглуулах ажиллагаа бүрэн дуусах хүртэл үргэлжилнэ. Нөгөө талаас, Дэлхийн допингийн эсрэг агентлагаас аливаа нэг тэмцээн, эсхүл спортын төрлийн хувьд тэмцээний үеийн талаар өөр тодорхойлолтыг тогтоож болно. Энэ тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллага уг тодорхойлолтыг дагаж мөрдөх, бусад спортын байгууллагууд мөн уг тэмцээн, спортын төрлийн хувьд ийнхүү тодорхойлолтыг дагаж мөрдөх үүрэгтэй.
-ХАРААТ БУС АЖИГЛАГЧДЫН ХӨТӨЛБӨР: Допингийн эсрэг хяналтын үйл явцыг хянаж, тус үйл явцын талаар зааварчилгаа өгөх үүрэг бүхий Дэлхийн допингийн эсрэг агентлагийн удирдлага дор ажиллах ажиглагч, эсхүл аудиторуудын багийг хэлнэ. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн мониторингийн хөтөлбөрийн хүрээнд ажиллаж буй эдгээр баг нь арга хэмжээ зохион байгуулах үед болон арга хэмжээний дараа явуулах допингийн эсрэг хяналтын үйл явцыг ажиглаж, өөрийн ажиглалтын талаар танилцуулга хийх үүрэгтэй.
-ГАНЦААРЧИЛСАН СПОРТЫН ТӨРӨЛ: Багийн спортоос бусад бүх спортын төрлийг хэлнэ.
-ЭРХ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ: Допингийн эсрэг дүрмийн 2 дугаар хэсэгт заасан зөрчлийн үр дагаврын тодорхойлолтыг үзнэ үү.
-БАЙГУУЛЛАГЫН ХАРААТ БУС БАЙДАЛ: Давж заалдах шийдвэрийг гаргаж буй хороо нь шинжилгээний хариуг гаргаж буй допингийн эсрэг байгууллагуудаас бүрэн хараат бус байхыг хэлнэ. Иймээс эдгээр хороо болон түүний гишүүд нь допингийн эсрэг байгууллагуудаас бүрэн хараат бус байж, улмаар эдгээр допингийн эсрэг байгууллагаас хорооны гишүүдийг томилдог, томилохыг санал болгодог зэрэг аливаа нэг байдлаар хамааралтай байхыг бүрэн хориглоно.
-ОЛОН УЛСЫН АРГА ХЭМЖЭЭ: Олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хороо, Олон улсын холбоо, томоохон арга хэмжээний спортын байгууллага, эсхүл өөр олон улсын спортын байгууллага нь тухайн тэмцээнийг удирдах байгууллага байж, тухайн тэмцээний техникийн ажилтнуудыг томилдог тогтолцоотой арга хэмжээ, эсхүл тэмцээнийг хэлнэ.
-ОЛОН УЛСЫН ТҮВШНИЙ ТАМИРЧИН: Олон улсын холбоо тус бүрээр тодорхойлсон шинжилгээ, мөрдөн шалгах олон улсын стандартад нийцсэн спортын төрөлд олон улсын түвшинд өрсөлддөг тамирчныг хэлнэ.
-ОЛОН УЛСЫН СТАНДАРТ: Дүрмийг дэмжих зорилгоор Дэлхийн допингийн эсрэг агентлагаас баталсан стандартыг хэлнэ. Олон улсын стандартыг дагаж мөрдөх нь (өөр өөр стандарт, практик, эсхүл процедурын эсрэг) олон улсын стандартад заасан журмыг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэхэд хангалттай. Олон улсын стандартад олон улсын стандартын дагуу гаргасан техникийн баримт бичгүүд мөн багтана.
-ТОМООХОН АРГА ХЭМЖЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУД: Аливаа тив, бүс нутаг болон бусад олон улсын арга хэмжээг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Үндэсний олимпын хороо болон бусад олон улсын спортын байгууллагуудын тивийн холбоодыг хэлнэ.
-ТЭМДЭГЛЭГЭЭ (МАРКЕР/МАРКЕРУУД): Хориотой бодис, хориотой аргыг хэрэглэснийг тодорхойлох биологийн нэгдэл, нэгдлүүдийг хэлнэ.
-МЕТАБОЛИТ: Биологийн өөрчлөлтийн явцад үүссэн аливаа бодисыг хэлнэ.
-ТАЙЛАГНАХ ХАМГИЙН БАГА ТҮВШИН: Дээж дэх хориотой бодис, түүний метаболит (метаболитууд), эсхүл маркер (маркерууд)-ын тооцоолсон концентрацийн төв, түүнээс доош Дэлхийн допингийн эсрэг агентлагаас итгэмжлэгдсэн шинжилгээний лабораториуд тухайн дээжийг шинжилгээний сөрөг үр дүн гэж мэдээлэх ёсгүй байх зарчмыг хэлнэ.
–НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮН: Арван найм (18) нас хүрээгүй этгээдийг хэлнэ.
-ҮНДЭСНИЙ ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА (БАЙГУУЛЛАГУУД): Допингийн эсрэг дүрэм батлах, хэрэгжүүлэх, дээж цуглуулах, шинжилгээний хариуг удирдах, үр дүнгийн менежментийг үндэсний хэмжээнд явуулах үндсэн эрх, үүрэг бүхий улс бүрээс томилогдсон байгууллага/байгууллагуудыг тус тус хэлнэ. Энэхүү томилгоог тухайн улсын Засгийн газрын эрх бүхий байгууллага хийгээгүй бол тухайн байгууллага нь тухайн улсын Үндэсний олимпын хороо буюу түүнийг томилсон байгууллага байх ёстой. Монгол Улсын хувьд энэ байгууллага нь Үндэсний допингийн эсрэг байгууллага байна.
-ҮНДЭСНИЙ АРГА ХЭМЖЭЭ: Олон улсын хэмжээнд бус, олон улсын болон үндэсний хэмжээний тамирчдыг оролцуулсан спортын арга хэмжээ, тэмцээнийг хэлнэ.
-ҮНДЭСНИЙ ХОЛБОО: Монгол Улсын харьяалах бүс нутгийн олон улсын холбооны үйл ажиллагаа явуулж буй байгууллагаас Монгол Улсын хувьд, эсхүл тухайн бүс нутгийн хувьд үндэсний холбоо хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний эсхүл, бүс нутгийн байгууллагыг хэлнэ.
-ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ ТАМИРЧИН: Үндэсний допингийн эсрэг байгууллага тус бүрээр тодорхойлсон олон улсын сорил, шалгалтын стандартын дагуу үндэсний хэмжээнд спортын тэмцээнд оролцож буй тамирчныг хэлнэ. Монгол Улсын хувьд Үндэсний хэмжээний тамирчдыг эдгээр допингийн эсрэг дүрмийн танилцуулгад (“Допингийн эсрэг эдгээр дүрмийн хамрах хүрээ” хэсэг) заасны дагуу тодорхойлсон байдаг.
-ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРОО: Олон улсын олимпын хорооноос хүлээн зөвшөөрсөн байгууллагыг хэлнэ. “Үндэсний олимпын хороо” гэсэн нэр томьёонд Үндэсний спортын холбоо нь Үндэсний олимпын хорооны допингийн эсрэг ердийн үүрэг хариуцлагыг хүлээдэг улс орнуудын Үндэсний спортын холбоог мөн хамруулна. Монгол Улсад Үндэсний олимпын хороо нь Монголын үндэсний олимпын хороо юм.
-ГЭМ БУРУУГҮЙ БАЙХ, ЭСХҮЛ ҮЛ ХАЙХАРСАН ҮЙЛДЭЛ ГАРГАХ: Хориотой бодис хэрэглэсэн, эсхүл хориотой арга хэрэгсэл ашиглаж допингийн эсрэг дүрмийг зөрчсөн тамирчин, эсхүл бусад этгээд нь туйлын анхаарал болгоомжтой байсан хэдий ч уг үйлдлээ мэдээгүй, мэдэх боломжгүй байсан, эсхүл таамаглаагүй зэргийг нотлон батлахыг хэлнэ. Тусгай хамгаалалттай этгээд эсхүл сонирхогч-тамирчнаас бусад тамирчин эсхүл бусад этгээд нь дүрмийн 2.4.1-д заасны дагуу үл мэдсэн уг үйлдлээ батлахдаа тухайн хориотой бодис нь түүний бие организмд хэрхэн нэвтэрснийг нотлох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, өөрийн мэдээгүй байсан гэм буруугүй үйлдлээ бүрэн нотлох үүрэг хүлээнэ.
-ГЭМ БУРУУГИЙН ХЭМЖЭЭ БАГА БАЙХ, ЭСХҮЛ ҮЛ ХАЙХАРСАН ҮЙЛДЭЛ ГАРГАХ: Допингийн эсрэг дүрмийг зөрчсөн тамирчин, эсхүл бусад этгээдийн гэм буруутай үйлдлийг тоймлон тооцоход үр дагавар нь төдийлөн их хэмжээний гэм буруутай байгаагүй гэдгийг нотлохыг хэлнэ. Тусгай хамгаалалттай этгээд, эсхүл сайн дурын тамирчнаас бусад тамирчин, эсхүл бусад этгээд нь Дүрмийн 2.4.1-д заасны дагуу үл мэдсэн уг үйлдлээ батлахдаа тухайн хориотой бодис нь түүний бие организмд хэрхэн нэвтэрснийг нотлох үүрэгтэй.
-ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАРААТ БУС БАЙДАЛ:
- Мөрдөн шалгах ажиллагаа болон хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед бүх допингийн эсрэг байгууллагын удирдах зөвлөлийн гишүүд, ажилтнууд, комиссын гишүүд, зөвлөхүүд болон үр дүнгийн менежментийг хариуцдаг албан тушаалтнууд, эсхүл түүний харьяа байгууллагууд (жишээ нь: гишүүн холбоо, холбоо)-ын албан тушаалтнууд зэрэг хамаарал бүхий этгээд нь допингийн эсрэг байгууллагын сонсголын хэсгийн гишүүн, эсхүл нарийн бичгийн даргаар томилогдохыг хориглох, өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны бие даасан байдлыг хангах зарчмыг хэлнэ;
- Сонсголын зөвлөлүүд нь допингийн эсрэг байгууллага болон аливаа гуравдагч этгээдийн хөндлөнгийн оролцоогүйгээр сонсгол, шийдвэр гаргах үйл явцыг явуулах боломжтой байх ёстой. Зорилго нь шүүх хуралдааны бүрэлдэхүүний гишүүд, эсхүл шүүх хуралдааны шийдвэрт өөр байдлаар оролцсон хүмүүсийг хэргийн мөрдөн байцаалтад оролцуулахгүй байх, хэргийг үргэлжлүүлэх шийдвэр гаргахгүй байх явдал юм.
-ТЭМЦЭЭНИЙ БУС ҮЕ: Тэмцээнээс бусад үеийг хэлнэ.
-ОРОЛЦОГЧ: Аливаа тамирчин эсхүл тамирчныг дэмжих хүнийг хэлнэ.
-ЭТГЭЭД: Хувь хүн, байгууллага эсхүл бусад аж ахуйн нэгжийг хэлнэ.
-ЭЗЭМШИЛ: Бодит эзэмшилд байх, эзэмшилд байх боломжийг хэлнэ. Тодруулбал:
- хориотой бодис, эсхүл хориотой аргыг, эсхүл хориотой бодис болон хориотой арга хэрэгсэл агуулагдаж байгаа барилга байгууламжийг тус тус хянах, удирдах боломжтой, эсхүл хянах эрх бүхий этгээдийн эзэмшлийг,
- хориотой бодис, эсхүл хориотой аргыг, эсхүл хориотой бодис болон хориотой арга хэрэгсэл агуулагдаж байгаа барилга байгууламжийг тус тус хянах, удирдах шууд эрх мэдэл тухайн этгээдэд байхгүй хэдий ч энэхүү мэдээлэл байх, ашиглах боломж байх эсэхийг тооцох нөхцөлийг харгалзаж үзнэ.
- Түүнчлэн, допингийн эсрэг зөрчил үүсээгүй бөгөөд хориотой бодис, эсхүл хориотой аргыг, эсхүл хориотой бодис болон хориотой арга хэрэгсэл агуулагдаж байгаа барилга байгууламжийг тус тус хянах, удирдах шууд эрх мэдэл бүхий этгээд нь допингийн эсрэг зөрчил гаргахыг завдаагүй, хэрэглээнд нэвтрүүлээгүй бөгөөд нэвтрүүлэх сэдэл байгаагүй гэдгээ нотолбол түүний уг эзэмшлийн хувьд гэм буруу гэж үзэхгүй байх нөхцөл бүрдэж болно.
-ХОРИОТОЙ ЖАГСААЛТ: Допингийн эсрэг дүрмийн 2.4.2-т заасан зөрчлийн үр “Хориотой бодис болон хориотой арга” хэсэгт заасан тодорхойлолтыг үзнэ үү.
-ХОРИГЛОСОН АРГА: Допингийн эсрэг дүрмийн 2.4.2-т заасан Хориотой жагсаалтад дурдсан аргыг хэлнэ.
-ХОРИГЛОСОН БОДИС: Допингийн эсрэг дүрмийн 2.4.2-т заасан Хориотой жагсаалтад дурдсан бодисыг хэлнэ.
-ХАМГААЛАГДСАН ХҮН: Допингийн эсрэг дүрмийг зөрчсөн үед:
- арван зургаа (16) нас хүрээгүй;
- арван найман (18) нас хүрээгүй бөгөөд бүртгэгдсэн сорилтын санд ороогүй, нээлттэй төрөлд олон улсын тэмцээнд огт оролцож байгаагүй;
- наснаас бусад шалтгаанаар холбогдох үндэсний хууль тогтоомжийн дагуу эрх зүйн чадамжгүй болох нь тогтоогдсон этгээдийг тус тус хэлнэ.
-УРЬДЧИЛСАН СОНСГОЛ: Дүрмийн 7.12-т заасан зорилгоор дүрмийн 8 дугаар хэсэгт заасан сонсголыг хийхээс өмнө зохион байгуулсан товчилсон сонсголыг хэлнэ. Уг урьдчилсан сонсгол нь тамирчин, эсхүл бусад этгээдэд өөрийн байр сууриа бичгээр болон амаар илэрхийлэх боломж олгож байгаа юм.
-ТҮР ХУГАЦААГААР ТҮДГЭЛЗҮҮЛЭХ: Допингийн эсрэг дүрмийн 2 дугаар хэсэгт заасан “Допингийн эсрэг дүрэм зөрчсөний үр дагавар” хэсгээс дэлгэрүүлж үзнэ үү.
-ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЭХ: Допингийн эсрэг дүрмийн 2 дугаар хэсэгт заасан “Допингийн эсрэг дүрэм зөрчсөний үр дагавар” хэсгээс дэлгэрүүлж үзнэ үү.
-СОНИРХОГЧ-ТАМИРЧИН: Монгол Улсын хувьд эдгээр допингийн эсрэг дүрмийн танилцуулгад тодорхойлсон сонирхогч тамирчныг хэлнэ (дүрмийн 1.3-т заасан “Допингийн эсрэг эдгээр дүрмийн хамрах хүрээ” хэсгээс үзнэ үү).
-БҮС НУТГИЙН ДОПИНГИЙН ЭСРЭГ БАЙГУУЛЛАГА: Допингийн эсрэг дүрэм батлах, хэрэгжүүлэх, дээжийг төлөвлөх, цуглуулах, допингийн эсрэг үндэсний хөтөлбөрийн өөрт хуваарилагдсан хэсгийг зохицуулах, удирдах зорилгоор гишүүн орнуудаас томилсон бүс нутгийн байгууллагыг хэлнэ. Тус байгууллага нь мөн эмчилгээний зориулалтаар ашиглах зорилгоор хориглолтоос чөлөөлөх хүсэлт (TUE application)-ийг үнэлэх, сонсгол явуулах, боловсролын хөтөлбөрүүдийг бүс нутгийн түвшинд явуулах үүрэгтэй аж.
-ШИНЖИЛГЭЭНИЙ БҮРТГЭЛИЙН САН: Олон улсын холбоодоос олон улсын түвшинд, үндэсний хэмжээнд Допингийн эсрэг үндэсний байгууллагуудаас тусад нь байгуулдаг, тэмцээний болон тэмцээний гадуурх сорилтод хамрагдах хамгийн өндөр ач холбогдол бүхий тамирчдын нэгдсэн сан юм. Түүний зорилтод мөн Допингийн эсрэг дүрмийн 5.11, 5.12-т болон Шинжилгээ, мөрдөн шалгах олон улсын стандартад тус тус заасан байршлыг тогтоох чиг үүрэг багтана. Монгол Улсын хувьд Үндэсний допингийн эсрэг байгууллагын Бүртгэгдсэн сорилтын сангийн асуудлыг дүрмийн 5.11, 5.12-т заасны дагуу тодорхойлогдоно.
-ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ДҮГНЭХ: Шинжилгээний үр дүнг үнэлэх тухай олон улсын стандартын 5 дугаар хэсэгт заасан үйл явцын хоорондын цаг хугацааг, эсхүл зарим онцгой тохиолдолд (жишээ нь: хэвийн бус шинжилгээний үр дүн, тамирчны биологийн паспорт мэдээллийг буруу үзүүлэх зэрэг) нэхэмжлэл гаргахаас эхлүүлж анхан шатны, эсхүл давж заалдах (давж заалдсан тохиолдолд) шатны шийдвэр гарах хүртэлх буюу Шинжилгээний үр дүнг үнэлэх тухай олон улсын стандартын 5 дугаар хэсэгт шууд заасан урьдчилсан мэдүүлгийн үе шатуудыг тус тус хэлнэ.
-ДЭЭЖ, ЭСХҮЛ СОРЬЦ: Допингийн хяналтын зорилгоор цуглуулсан аливаа биологийн материалыг хэлнэ.
-ХЭЛЭЛЦЭН ТОХИРОЛЦОГЧ ТАЛУУД: Энэ дүрмийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан, баталсан бөгөөд дүрмийн 20 дахь хэсэгт зааснаар дүрмийг дагаж мөрдөхөө нотолсон талуудыг хэлнэ.
-ТОДОРХОЙЛСОН АРГА: Дүрмийн 4.6, 4.7-д заасныг үзнэ үү.
-ТОДОРХОЙЛСОН БОДИС: Дүрмийн 4.6, 4.7-д заасныг үзнэ үү.
-ХАТУУ ХАРИУЦЛАГА: Дүрмийн 2.4.1 болон 2.4.2 дугаар зүйлд тус тус зааснаар тамирчныг допингийн эсрэг дүрмийг зөрчихдөө санаатай, гэм буруутай, хайхрамжгүй, ухамсарласан үйлдэл гаргасан эсэхийг допингийн эсрэг байгууллага тогтоохгүйгээр шийдвэр гаргах зарчмыг хэлнэ.
-БУРУУГААР ХЭРЭГЛЭХ БОДИС: Дүрмийн 4.8-д заасныг үзнэ үү.
-БОДИТ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ: Дүрмийн 10.23-т заасны дагуу их хэмжээний тусламж үзүүлж буй этгээд нь:
- допингийн эсрэг дүрмийн зөрчил болон тодорхойлсон бусад ажиллагаатай холбоотой өөрийн мэдэж буй бүх мэдээллээ ил тодоор өгөхийн зэрэгцээ мэдээллээ бичгээр, гарын үсэг зурж өгөхийг;
- тухайн мэдээлэлтэй холбоотой аливаа хэрэг, асуудлыг мөрдөн байцаах, шийдвэрлэхэд бүрэн хамтран ажиллах, тухайлбал, допингийн эсрэг байгууллагаас хүсэлт гаргасан бол шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх, шүүх хуралдаанд оролцох зэрэг идэвхтэй хамтын ажиллагааг хангахыг тус тус хэлнэ;
- Цаашилбал, өгсөн мэдээлэл нь үнэмшилтэй байх ёстой бөгөөд аливаа хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чухал хэсгийг бүрдүүлсэн байх ёстой, эсхүл хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгээгүй бол хэрэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах хангалттай үндэслэл болсон байх ёстой гэдгийг мөн харгалзаж тус тус “Бодит тусламж үзүүлсэн” эсэхийг нь тогтооно.
-ХУУРАМЧААР ҮЙЛДЭХ: Хориотой арга хэрэгслийн жагсаалтад багтаагүй хэдий ч допингийн хяналт, шалгалтын үйл явцад сөргөөр нөлөөлөх санаатай үйлдлийг хэлнэ. Хуурамчаар үйлдэх үйлдэлд дараахь үйлдлийг ойлгоно. Үүнд:
- үйлдэл/эс үйлдлийн төлөө авлигал өгөх, өгөхийг завдах;
- сорьц авах үйл явцыг болиулах;
- шинжилгээний үр дүнг хуурамчаар үйлдэх, үр дүнг гажуудуулах;
- Допингийн эсрэг байгууллагад өгөх мэдээллийг хуурамчаар үйлдэх;
- допингийн эсрэг үйлдлийг хэлэлцэж буй шүүх ажиллагааны үед хуурамч мэдээлэл өгөх, гэрчийн мэдүүлгийг өөрчлөхийг завдах;
- Допингийн эсрэг байгууллагын сонсголын ажиллагааны үед үнэн бодит үр дүнг гажуудуулах аливаа үйлдэл гаргах зэрэг.
Допингийн хяналт, шалгалтын үр дүнд аливаа нэг байдлаар хуурамч мэдээллийн тусламжтайгаар хөндлөнгөөс оролцож, үнэн бодит үр дүнг гажуудуулах бүхий л үйлдлийг тус тус хэлнэ.
-ЗОРИЛТОТ СОРИЛТ: Туршилт, судалгааны олон улсын стандартад заасан шалгуурын дагуу сорилтод хамрагдах тодорхой тамирчдыг сонгохыг хэлнэ.
-БАГИЙН СПОРТЫН ТӨРӨЛ:Тэмцээний үеэр тамирчдыг сэлгэн тоглуулах боломжтой спортын төрлийг хэлнэ.
-ТЕХНИКИЙН БАРИМТ БИЧИГ: Олон улсын стандартад заасны дагуу допингийн эсрэг тодорхой сэдвүүдээр заавал биелүүлэх техникийн шаардлагуудыг агуулсан, Дэлхийн допингийн эсрэг агентлагаас үе үе баталж, нийтэлсэн баримт бичгийг хэлнэ.
-ШИНЖИЛГЭЭ: Допингийн хяналтын үйл явцын шинжилгээг хуваарилах төлөвлөлт, дээж цуглуулах, дээжтэй харьцах, шинжилгээний лабораторид хүргэх зэрэг үйл явцыг тус тус хэлнэ.
-ЭМЧИЛГЭЭНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ЧӨЛӨӨЛӨЛТ (TUE): Эмчилгээний хэрэглээнээс чөлөөлөгдөх нь эрүүл мэндийн эмгэгтэй тамирчинд хориотой бодис, хориотой аргыг хэрэглэх боломжийг олгодог боловч 4.10-д заасан нөхцөл болон Эмчилгээний хэрэглээнээс чөлөөлөх олон улсын стандартыг хангасан тохиолдолд л зөвшөөрөхийг хэлнэ.
-ХУУЛЬ БУС НАЙМАА: Тамирчин, тамирчинд дэмжлэг үзүүлэх этгээд, эсхүл бусад этгээдийн хориотой бодис эсхүл хориотой арга хэрэгслийг худалдаалах, хангах, тээвэрлэх, илгээх, хүргүүлэх, эсхүл түгээхийг тус тус хэлнэ. Энэ тохиолдолд хориотой бодисыг эмчилгээний болон бусад хүлээн зөвшөөрөгдсөн зорилгоор ашиглаж буй сайн дурын эмнэлгийн ажилтны үйлдэл, тэмцээний бус үед хүлээн зөвшөөрөгдсөн зорилгоор хуульд заасан аргаар ашиглаж буй бусад этгээдийн үйлдлийг хамааруулахгүй.
-ЮНЕСКО-ГИЙН КОНВЕНЦ: 2005 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий бага хурлын 33 дугаар чуулганаар баталсан “Спорт дахь допингийн эсрэг олон улсын конвенц” болон тус конвенцод нэгдсэн улсууд болон Допингийн эсрэг олон улсын конвенцод оролцогчдын бага хурлаас баталсан аливаа нэмэлт, өөрчлөлтийг тус тус ойлгоно.
-АШИГЛАХ: Хориотой бодис, хориотой аргыг ямар ч аргаар ашиглах, хэрэглэх, залгих, тарих, хэрэглэхийг тус тус хэлнэ.
-“WADA”: Дэлхийн допингийнн эсрэг агентлагийг хэлнэ.
-ХОХИРОЛГҮЙГЭЭР ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ: Дүрмийн 10.23, 10.39-т заасны дагуу Допингийн эсрэг байгууллага болон тамирчин, бусад этгээдийн хооронд байгуулсан бичгээр хийсэн гэрээ бөгөөд тухайн тамирчин болон бусад этгээд нь тодорхой хугацаанд Допингийн эсрэг байгууллагад мэдээлэл өгөх боломжийг олгох тохиролцоог хэлнэ. Хохиролгүйгээр хэлэлцээр хийх зарчимд дараахийг ойлгоно:
- их хэмжээний тусламж үзүүлэх гэрээ, эсхүл хэргийг шийдвэрлэх гэрээ эцэслэн батлагдаагүй бол тухайн нөхцөлд тамирчин, эсхүл бусад этгээдийн өгсөн мэдээллийг Допингийн эсрэг байгууллага тамирчны эсрэг ашиглахыг хориглоно;
- дүрмийн дагуу үр дүнгийн менежментийн үйл ажиллагаанд оролцож буй бусад этгээд, мөн энэ нөхцөлд Допингийн эсрэг байгууллагаас өгсөн мэдээллийг тамирчин, эсхүл бусад этгээд Допингийн эсрэг байгууллагын эсрэг ашиглахыг хориглоно.
Ийм тохиролцоо нь Допингийн эсрэг байгууллага, тамирчин болон бусад этгээдийг гэрээнд заасан тодорхой хугацааны хязгаараас бусад эх сурвалжаас цуглуулсан аливаа мэдээлэл, нотлох баримтыг ашиглахад саад болохгүй байх ёстой.