Монголын Үндэсний Бөхийн Холбооны Дүрэм

МҮБХ-ны Ээлжит IX “Их Эе” хурлаар батлав.
2022 оны 04-р сарын 09-ний өдөр
                                                                              Улаанбаатар хот

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монголын үндэсний бөхийн холбоо нь Монгол Улсын Үндсэн Хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай болон бусад хууль тогтоомжинд нийцсэн Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.

1.2. Монголын үндэсний бөхийн холбооны оноосон нэр нь “Монголын үндэсний бөхийн холбоо”, товчилсон нэр нь МҮБХ мөн. Англи хэлээр “Mongolian National Wrestling Federation” гэнэ.

1.3. МҮБХ нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Баянзүрх дүүргийн 6-р хороо Энхтайвны өргөн чөлөө Монгол бөхийн өргөөнд байрлана.

1.4. МҮБХ-ны үүсгэн байгуулагдсан өдөр нь түүний анхны дүрмийг баталсан 1990 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр мөн.

1.5. МҮБХ нь туг, тэмдэг, бэлгэдэл хэрэглэнэ.

1.6. МҮБХ нь албан бичгийн нүүр, тамга тэмдэгтэй, банкинд төгрөгийн болон валютын данстай байна.

1.7. МҮБХ-ны үйл ажиллагаа нь ил тод байх ба үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нь олон нийтэд нээлттэй байна.

1.8. МҮБХ нь санхүүгийн тайлан тэнцэл, үйл ажиллагааныхаа тайланг холбогдох байгууллагад хуульд заасан хугацаанд нь гаргаж өгнө.

Хоёр. Зорилго

2.1. МҮБХ-ны зорилго нь үндэсний бөхийн соёл, дэг жаяг, өв уламжлалыг хадгалан хамгаалах, бөхийн залгамж үеийг тодруулан бэлтгэх, үндэсний бөхийг цаашид олон зууны туршид хөгжин дэлгэрэх оюун санааны болон эд зүйллэг үндсийг бүрдүүлэн хөгжүүлэхэд оршино.

Гурав. Үйл ажиллагааны үндсэн чиглэл

МҮБХ нь дор дурьдсан үндсэн чиглэлийг баримтлан ажиллана. Үүнд:

3.1. Монголын үндэсний бөхийн соёл, дэг жаяг, өв уламжлалыг баяжуулан хөгжүүлэх,

3.2. Монгол бөх судлалыг шинжлэх ухааны түвшинд хөгжүүлэх,

3.3. Залгамж үеийн бөхчүүдийг тодруулан бэлтгэх ажлыг зохион байгуулах,

3.4. Ахмад бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүдийн эрүүл мэнд, нийгмийн асуудлыг анхааран тэдэнд боломжит нөхцөлүүдээр туслан ажиллах,

3.5. Улс, аймаг, сумын баяр наадам болон үндэсний бөхийн бусад наадам, барилдаануудыг зохион байгуулах,

3.6. Шилдэг бөхчүүд, бөхийн зүтгэлтэн, жаяг дэгийн багийн гишүүд, бөх судлаачдын гаргасан амжилт, авъяас билэг, хөдөлмөр зүтгэлийг үнэлэн, өөрийн холбооны шагналаар шагнах, төр засаг болон бусад байгууллагын шагналд нэр дэвшүүлэн тодорхойлох,

3.7. Үндэсний бөхийг хөгжүүлэхтэй холбогдолтой бусад асуудлыг санаачлан хэрэгжүүлэх,

3.8 Бөх болон бөхийн барилдааныг ямар нэгэн байгууллага, хэсэг бүлэг хүмүүсийн хувийн эрх ашгийг хангах явцуу зорилгод үйлчлүүлэхгүй байна.

Дөрөв. МҮБХ ба аймаг, сумын бөхийн салбар холбоо

4.1. МҮБХ нь аймаг, сум бүрд салбар холбоо, нэгжтэй байна.

4.2. Аймгийн үндэсний бөхийн холбоо нь МҮБХ-ны салбар холбоо байх бөгөөд нэг аймаг нэг үндэсний бөхийн холбоотой байна.

4.3. Сумын үндэсний бөхийн холбоо нь аймгийн үндэсний бөхийн холбооны салбар нэгж байх бөгөөд нэг сум нэг үндэсний бөхийн холбоотой байна.

4.4. Аймаг, сумын үндэсний бөхийн холбоо нь өөрийн аймаг, суманд амьдарч байгаа бөх, бөхийн зүтгэлтэн, бөх судлаач, жаяг дэгийн багийн гишүүдийн эрх ашгийг хамгаалан ажиллана. 4.5. Дүрмийн 4.2 ба 4.3 заалтад заасан үндэсний бөхийн холбооны бөх, жаяг дэгийн багийн гишүүд нь холбогдох дүрэм журам, ёс зүйн алдаа зөрчил гаргавал дээд шатны байгууллагаас хариуцлагыг тооцно. 4.6. МҮБХ нь аймаг, сумын бөхийн холбоог мэргэжлийн зөвлөмж чиглэл өгч, дэмжин ажиллана.

Тав. МҮБХ-ны зохион байгуулалтын бүтэц, удирдлагын тогтолцоо

5.1. МҮБХ нь Их эе, Тэргүүн, Тэргүүлэгчид, Гүйцэтгэх удирдлага, Барилдааны дүрмийн, Ёс зүй, сахилга хариуцлагын, Хяналтын зөвлөл гэсэн удирдлагын тогтолцоо, бүтэцтэй байна.

5.2. Их эе.

5.2.1. МҮБХ-ны эрх барих байгууллага нь Их эе байна. Их эе 4 жил тутамд 255 хүртэлх төлөөлөгч хуралдана. Их эед бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд, бөхийн зүтгэлтэн, бөх судлаачдаас бүрдсэн төлөөлөгчид оролцоно.

5.2.2. МҮБХ-ны Их эеийн товыг Тэргүүлэгчдийн хурлаас зарлаж, төлөөлөгч сонгох журмыг батална.

5.2.3. Их эе төлөөлөгчдийнхөө дийлэнх олонхын бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж шийдвэр гаргана.

5.2.4. Их эеийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг санал хураалтад оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэнэ.

5.2.5. Их эе хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд: а) МҮБХ-ноос Тэргүүн, Тэргүүлэгчдийн сонгуульт хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэх, б) МҮБХ-ны Санхүүгийн хяналтын албаны тайланг сонсох, в) МҮБХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, батлах, г) МҮБХ-ны Тэргүүнийг сонгох, д) Тэргүүлэгчдийг батлах, е) МҮБХ-ны өмч хөрөнгийг хэлэлцэх, ё) МҮБХ-ны үйл ажиллагаанд зөвлөмж, чиглэл өгөх, ээлжит зорилтыг тодорхойлох,

5.3. Тэргүүн.

5.3.1. Тэргүүн нь Монгол улсын хууль тогтоомж, МҮБХ-ны бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдагч мөн.

5.3.2. МҮБХ-ны Тэргүүний бүрэн эрхийн хугацаа нь 4 жил бөгөөд орон тооны бус байна. Тэргүүн нь 1 удааулиран сонгогдож болох бөгөөд бүрэн эрхийн хугацаа дараагийн Тэргүүн ажлаа хүлээн авснаар дуусгавар болно.

5.3.3. МҮБХ-ны Тэргүүн нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд: а) МҮБХ-г гадаад, дотоодод төлөөлөх, б) МҮБХ-ны үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, в) Тэргүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулж, даргалах, г) Гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлж, үйл ажиллагааг хянан, үнэлж дүгнэх,

5.3.4. МҮБХ-ны Тэргүүн нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, хэрэгжилтийг хангуулна.

5.3.5. Тэргүүн нь орон тооны бус 3 Дэд тэргүүнтэй байж болно. Дэд тэргүүнийг Тэргүүний санал болгосноор МҮБХ-ны Тэргүүлэгчид баталгаажуулна.

5.3.6. Үндэсний бөхийн асуудал хариуцсан Дэд тэргүүн нь Тэргүүний эзгүйд түүнийг орлон ажиллана.

5.4. Тэргүүлэгчид.

5.4.1. Тэргүүлэгчид нь Их эеийн хуралдаанаас бусад цагт хамтын шийдвэр гаргана.

5.4.2. Тэргүүлэгчид нь МҮБХ-ны Тэргүүн, аймаг болон Багануур, Налайх хотоос тус бүр нэг төлөөлөл, жаяг дэгийн багаас 1 төлөөллийг оролцуулсан 25 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

5.4.3. Тэргүүлэгчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. Үүнд: а) МҮБХ-ны жилийн төсвийг батлах, б) Бөхийн үйл хэргийн холбогдолтой зарим асуудлыг журамлан мөрдүүлэх, в) МҮБХ-ны Ажлын албанаас холбогдох журмын дагуу шалгаруулсан жаяг дэгийн багийн гишүүдэд зэрэг дэв олгох, хариуцлага хүлээлгэх, г) Цаг үеийн бусад асуудлыг тухай бүр авч хэлэлцэн шийдвэрлэх,

5.4.4. Тэргүүлэгчид нь сар тутам танхимаар хуралдана. Шаардлагатай тохиолдолд нэмэлт хурлыг танхимаар болон цахимаар хийж болно.

5.4.5. Тэргүүлэгчид 13-с дээш хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, олонхын саналаар шийдвэр гаргана.

5.4.6. Хүндэтгэх шалтгаангүйгээр хуралд 2 удаа оролцоогүй тохиолдолд тухайн Тэргүүлэгчийг чөлөөлнө.

5.4.7. Чөлөөлөгдсөн Тэргүүлэгчийн оронд тухайн аймаг, хотын төлөөлөлөөс дараагийн тэргүүлэгчийг санал болгон Тэргүүлэгчдийн хурлаар нөхөн батламжилна.

5.4.8. Тэргүүлэгчдийн хурал нь хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл хөтлөн, тогтоол гаргана.

5.5. Зөвлөл

5.5.1. МҮБХ нь Барилдааны дүрмийн, Ёс зүй сахилга хариуцлага, Хяналтын гэсэн гурван зөвлөлтэй байна. а) Барилдааны дүрмийн зөвлөл. Уг зөвлөл нь 25 хүний бүрэлдэхүүнтэй байх ба Их эеийн хурлын төлөөлөгчдөөс бүрдүүлж бөхийн асуудал эрхэлсэн Дэд тэргүүн хуралдуулж ажиллана. б) Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх ба 6 гишүүн нь олон нийтийн төлөөлөлөөс 3 гишүүн нь бөхийн төлөөлөлөөс байна. Тус зөвлөлийг Тэргүүн хуралдуулж шийдвэр гарган ажиллана. в) Хяналтын зөвлөл нь Их эеийн төлөөлөгчдөөс 5 гишүүний бүрэлдэхүүнтэй бүрдсэн хараат бус зөвлөл байна.

5.6. Гүйцэтгэх удирдлага.

5.6.1. МҮБХ нь орон тооны Гүйцэтгэх захиралтай байх ба Тэргүүн санал болгож, Тэргүүлэгчдийн хурлаар батламжилна.

5.6.2. Гүйцэтгэх захирал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. а) Монгол улсын хууль тогтоомж, МҮБХ-ны удирдах байгууллагын бодлого, чиглэл, удирдамж шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулан гүйцэтгэх, б) МҮБХ-ны тухайн жилийн ажлын тайлан, төсвийн гүйцэтгэл, дараа оны төсвийн төслийг боловсруулан, Тэргүүнд өргөн мэдүүлэх, в) МҮБХ-ны ажилтан, ажилчдыг ажилд томилох, чөлөөлөх, г) МҮБХ-ны эд хөрөнгийг Тэргүүний олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулах, д) Санхүүгийн баримтанд нэгдүгээр гарын үсэг зурах, е) Үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулах, ё) Өдөр тутмын бусад ажлыг хариуцан гүйцэтгэх,

5.7. Гүйцэтгэх захирал нь эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргана.

5.8. МҮБХ-ны Ажлын албаны үйл ажиллагааны талаар Тэргүүн, Тэргүүлэгчдийг мэдээллээр ханган ажиллана.

5.9. МҮБХ-ны Тэргүүн ба Гүйцэтгэх захирал нь Ажлын нэг албатай байна.

Зургаа. МҮБХ-ны сан хөрөнгө, өмч түүний харилцаа

6.1. МҮБХ-ны сан хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ. Үүнд: а) Бөхийн барилдааны орлого, б) Монгол бөхийн өргөөний түрээсийн орлого, в) Бөхийн дэмжигч болон байгууллагын хандив, г) Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, д) Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө,

6.2. МҮБХ нь өөрийн эд хөрөнгийн өмчлөгч мөн. Үүнд: а) Монгол бөхийн өргөөний газар болон Монгол бөхийн өргөөний барилга, б) Монгол бөхөд холбогдох нэр томьёо болон цол, жаяг дэгийн багийн уламжлалт нэрс,

6.3. Дүрмийн 7.2.б-д заасан нэрсээс гадна үндэсний бөхтэй холбогдолтой зураг, тэмдэг, дарцаг ба эдгээрийг ашигласан бараа бүтээгдэхүүний зохицуулалт, мөн бөхийн барилдааныг өмчлөгчийн хувьд бүрэн эрхийн хүрээнд зохион байгуулах зөвшөөрөл олгоно.

6.4. МҮБХ-ны өмч болох Монгол бөхийн өргөө, эзэмшил газрыг хувьчлах, худалдах, барьцаанд тавихыг хориглоно.

Долоо. МҮБХ ба бусад байгууллага

7.1. МҮБХ нь үйл ажиллагаагаа явуулахдаа бусад байгууллагатай хуулийн хүрээнд эрх тэгш харилцах зарчмыг баримтална.

7.2. МҮБХ нь төрийн ба төрийн бус, бусад байгууллагуудтай Монгол улсын хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллана.

7.3. МҮБХ нь үйл ажиллагааны хүрээнд гадаад улс орны спортын ба бусад байгууллагуудтай хамтран ажиллана.

7.4. МҮБХ нь Монгол Бөхийн Олон Улсын Холбооны үүсгэн байгуулагч байна.

Найм. МҮБХ-г өөрчлөн байгуулах, татан буулгах

8.1. МҮБХ-г өөрчлөн байгуулах, татан буулгах асуудлыг Их эеийн хурлаар дийлэнх олонхын саналаар шийдвэрлэнэ.

8.2. МҮБХ-г өөрчлөн байгуулсан буюу татан буулгасан тохиолдолд түүний эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий байгууллагад шилжүүлэх бөгөөд хэрэв тийм байгууллага байхгүй бол байгууллагын зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.