Монголын Үндэсний Бөхийн Холбооны Ёс Зүйн Дүрэм

/МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2023 оны 03 дугаар сарын 19-ны

өдрийн хурлаар батлав./

 

 МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ

ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монголын Үндэсний Бөхийн Холбоо НҮТББ /цаашид “Холбоо” гэх/-ны Ёс зүйн дүрэм /цаашид “Дүрэм” гэх/ нь хууль тогтоомж, Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм болон холбогдох бусад нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, Монгол үндэсний бөхийн уламжлалт жудаг ёсыг баримтлан Монгол үндэсний бөхийн барилдаанд оролцогч нийт бөхчүүд, барилдааныг зохион байгуулах шат шатны жаяг дэгийн багийн гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагын хэм хэмжээг тогтоон хэвшүүлэх үндсэн зорилготой болно.

1.2. Энэхүү Дүрмээр Дүрмийг мөрдвөл зохих этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах, оролцогчийн ёс зүй, сахилга хариуцлагын зөрчлийг тодорхойлох, тогтоох, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцно.

1.3. Хууль бус, ёс суртахуунгүй, ёс зүйд үл нийцсэн, Монгол үндэсний бөхийн уламжлалт жудаг ёс, нэр хүнд, холбооны эв нэгдлийг үгүйсгэхүйц үйлдэл гаргасан аливаа асуудлыг энэхүү Дүрмээр зохицуулж, хариуцлага хүлээлгэнэ.

1.4. Энэхүү Дүрэмд тусгагдаагүй аливаа ёс зүй, сахилга хариуцлагын асуудлыг хууль тогтоомж, Холбооны батлан гаргасан холбогдох дүрэм, журмууд, нийтээр хүлээн зөвшөөрсөн уламжлалын хэм хэмжээг удирдлага болгон шийдвэрлэнэ.

1.5. Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл нь холбогдох дүрэм, журам, хэм хэмжээний дагуу ёс зүй, сахилга хариуцлагын асуудлуудыг шийдвэрлэж ажиллана.

Хоёр. Хамрах хүрээ

2.1. Дүрмийн хамрах хүрээ нь:

2.1.1. Монгол үндэсний бөхөөр тамирчин бэлтгэж буй дэвжээд, клубууд

2.1.2. Улс, аймаг, сумын наадмын бөхийн барилдаанд барилдаж буй бөхчүүд, зохион байгуулж буй жаяг дэгийн баг;

2.1.3. Холбооноос зохион байгуулж буй хуваарьт барилдаанд барилдаж буй бөхчүүд, жаяг дэгийн баг;

2.1.4. Өсвөр үеийн, Залуучуудын, Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах барилдаанд барилдаж буй бөхчүүд, жаяг дэгийн баг;

2.1.5. Холбооноос шууд зохион байгуулаагүй боловч холбооны баталсан дүрэм журам, эрэмбэ дарааг хэрэглэн явагдаж буй бусад барилдаанд барилдаж буй бөхчүүд, зохион байгуулж буй жаяг дэгийн баг;

2.1.6. Бэлтгэл цугларалт, нийтийг хамарсан бусад төрлийн спортын баяр ёслол, хурал зөвлөгөөн, бусад арга хэмжээнд тус тус оролцож байгаа бөхчүүд, жаяг дэгийн баг;

2.1.7. Монгол үндэсний бөхийн багш, дасгалжуулагчид;

Гурав. Зарчим, хэм хэмжээ

3.1. Энэхүү дүрмийн 2.1-т хамаарах этгээдүүд нь дараахи зарчмуудыг баримтална. Үүнд:

3.1.1. Хууль, холбогдох дүрэм журмыг мөрдөх, хариуцлагатай байх;

3.1.2. Спортын шударга өрсөлдөөнийг эрхэмлэх;

3.1.3. Олон нийтийг хүндэтгэх, ёс суртахууны үлгэр дууриалалтай байх.

3.2. Хууль, холбогдох дүрэм журмыг мөрдөх, хариуцлагатай байх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

3.2.1. Монгол Улсын Үндсэн хууль, Биеийн тамир, спортын тухай хууль болон бусад хууль тогтоомж, дүрэм, журам, заавар, уламжлалт жудаг ёс, дэг журмыг чанд баримтлах;

3.2.2. Холбооноос гаргасан аливаа шийдвэрт хүндэтгэлтэй хандах, дүрэм, журмыг мөрдөж хэрэгжүүлэх;

3.2.3. Хууль, дүрэм, журмыг зөрчсөн аливаа үйлдэл, эс үйлдэхүйдээ хариуцлага хүлээх;

3.2.4. Хууль бус, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлах аливаа үйл ажиллагаа явуулахгүй, түүнд оролцохгүй, ил болон далдаар дэмжихгүй байх;

3.2.5. Холбооны дүрэмд заасан зорилго, чиглэлд болон Монгол үндэсний бөхийн уламжлал, жудаг ёсонд харш, үл нийцэх ажиллагааг явуулахгүй, түүнд оролцохгүй, ил болон далдаар дэмжихгүй байх;

3.3. Спортын шударга өрсөлдөөнийг эрхэмлэх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

3.3.1. Монгол үндэсний бөхөд зөв, шударга өрсөлдөөнийг үзүүлэх, аливаа хүчирхийллийн хэлбэрийг гаргахгүй, дэмжихгүй байх, допинг хэрэглэх, бусдад хэрэглүүлэхийг хориглох;

3.3.2. Хүчирхийллийн аливаа хэлбэрээс татгалзах, хэн нэгнийг үндэс угсаа, нутаг гарал, нийгмийн байдал, цол эрэмбээр нь ялгаварлан гадуурхсан үг, үйлдэл гаргахгүй байх;

3.3.3. Монгол үндэсний бөхийн барилдаанд барилдаж буй бөхчүүд даваа наймаалцах, үнэн хүчийг үзэлгүй барилдах, бууж өгөх болон бусад байдлаар аливаа шударга бус өрсөлдөөнийг үзүүлэхгүй байх, ард түмэн, үзэгч олон нийтийг хүндэтгэх;

3.4. Олон нийтийг хүндэтгэх, ёс суртахууны үлгэр дууриалалтай байх зарчмын хүрээнд дараах ёс зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Үүнд:

3.4.1. Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэж явах;

3.4.2. Үндэсний бөхийн барилдаанд оролцож байгаа бөхчүүд, жаяг дэгийн баг тухайн барилдаан, түүнийг зохион байгуулагч, ивээн тэтгэгч, үзэгч, олон нийтэд болон өрсөлдөгчиддөө хүндэтгэлтэй хандаж, товлосон цагийг баримталж байх;

3.4.3. Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх;

3.4.4. Холбооноос зохион байгуулж байгаа аливаа барилдаан, бусад үйл ажиллагаанд оролцохдоо бусадтай адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, тэдний нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх;

3.4.5. Холбооноос зохион байгуулж байгаа аливаа барилдаан, бусад үйл ажиллагаанд оролцохдоо согтууруулах ундаа болон мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бусад эм, бэлдмэл болон бусад бодис хэрэглэх, хэрэглэсэн байхыг хатуу хориглох;

3.4.6. Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;

3.4.7. Гэмт хэрэг, зөрчил үйлдэх, холбогдохыг хатуу хориглох;

Дөрөв. Ёс зүйн зөрчил

4.1. Ёс зүйн зөрчил гэдэг нь энэхүү Дүрмийн 2.1-т хамаарах этгээдүүдийн барилдааны үеэр болон барилдааны бус үед гаргасан, нийтээр хүлээн зөвшөөрсөн ёс суртахууны хэвийн зан үйлээс гадуур бусдыг ялгаварлан гадуурхсан, үл хүндэтгэсэн, доромжилсон, зүй бус үг хэллэг хэрэглэсэн, үйл хөдлөл гаргасан болон энэхүү дүрэм, Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм, холбогдох бусад дүрэм, журамд заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

4.2. Энэхүү Дүрмээр шууд тодорхойлоогүй боловч тухайн этгээдийн гаргасан бусдад чиглэсэн үйлдэл нь ёс зүйн хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан үйлд нийцэхгүй, зүй ёсны бус бол ёс зүйн зөрчилд тооцож болно.

4.3. Ёс зүйн зөрчил гэж тооцох шалгуур нь зөрчил гаргагч этгээдийн бусадтай харилцах харилцаа, хандлага нь Монгол үндэсний бөхийн уламжлал, жудаг ёсонд харшилсан, хүнлэг бус, бусдыг үл хүндэтгэсэн, доромжилсон, ёс зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зан үйлд үл нийцсэн үйлдэл байна.

Тав. Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл

5.1. Энэхүү дүрмийн 2.1-т хамаарах этгээдүүдийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж, шийдвэр гаргах эрх бүхий Холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл (цаашид “Ёс зүйн зөвлөл” гэх) ажиллана.

5.2. Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл нь дарга, гишүүд нийлсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд бөхчүүдийн төлөөлөл 3 хүн, бусад салбараас 6 хүнтэй байна. Холбооны тэргүүн нь Ёс зүй, сахилга хариуцлагын  зөвлөлийн дарга байна.

5.3. Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүдийг Холбооны Тэргүүлэгчдийн хурал Ажлын алба, удирдах бүрэлдэхүүний саналыг үндэслэн  дараах зарчмаар сонгоно. Үүнд:

5.3.1. Мэргэжлийн ур чадвар, шударга, ёс зүйтэй зан чанар, нийгэмд танигдсан байдал

5.3.2. Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хүсэл сонирхол, итгэл үнэмшил, идэвх зүтгэл

5.4. Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн гишүүн өөрөө ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд Холбооны Тэргүүлэгчдийн хурлаар тухайн гишүүнийг чөлөөлнө.

5.5. Ёс зүйн зөвлөлийн хуралдах, шийдвэр гаргах журмыг Ёс зүйн зөвлөл өөрөө тогтооно.

5.6. Ёс зүйн зөвлөл нь хагас жилд 1 удаа Холбооны Тэргүүлэгчдийн хуралд тайланг тавих бөгөөд ёс зүйн зөвлөл алдаатай шийдвэр гаргасан тохиолдолд гомдол гаргагч дахин Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлд гомдлыг гарган асуудлыг шалгуулж шийдвэрлэнэ.

Зургаа. Шийтгэл ногдуулах үндэслэл

6.1. Шийтгэл ноогдуулах:

6.1.1. Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл нь МҮБХ-ны Үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан цээр, зөрчлүүдийг гаргасан этгээдэд  энэхүү Дүрмийн дагуу ёс зүйн шийтгэлийг ноогдуулна.

6.1.2. Барилдааны явцад гарсан Үндэсний бөхийн барилдааны дүрмийн зөрчлүүдийг тухай бүрд нь тухайн барилдааны Хөлийн цэц шийдвэрлэнэ. Хөлийн цэц тухайн бөхийн гаргасан зөрчлийг МҮБХ-ны Тэргүүлэгчид болон Ёс зүйн зөвлөлөөр шийдүүлэх санал гаргана.

Долоо. Шийтгэлийн хэлбэр, хэм хэмжээ

7.1. Энэхүү Дүрмийг болон холбогдох дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд дараах нэг болон хэд хэдэн шийтгэлийг Ерөнхий цэц, МҮБХ-ны Тэргүүлэгчид, Ёс зүйн зөвлөл ногдуулна. Үүнд:

7.1.1. Сануулах;

7.1.2. Тухайн барилдаанаас хасах;

7.1.3. Бай шагнал олгохгүй байх;

7.1.4. Үзэгчдэд ёсолж, уучлал гуйхыг даалгах;

7.1.5. Барилдаанд оролцохыг тодорхой хугацаагаар түтгэлзүүлэх;

7.1.6. Барилдаанд оролцохыг тодорхой хугацаагаар хориглох;

7.2. Энэхүү Дүрмийн 7.1-д заасан шийтгэлийн төрлүүдийг дангаар болон давхардуулан оноох эсэх нь Ёс зүйн зөвлөлийн эрх хэмжээний асуудал болно.

7.3. Энэхүү Дүрмийн 7.1.2, 7.1.3-т заасан шийтгэлүүдийг тухайн барилдааны үеэр Хөлийн цэц оногдуулна.

7.4. Барилдаанд оролцохыг хориглох хариуцлага хүлээлгэсэн тохиолдолд Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл зөрчлийн шинж байдал, хэр хэмжээ, хариуцлага гэм буруугаа хүлээн биелүүлсэн, хувийн байдлаас шалтгаалан хөнгөрүүлэх талаар дүгнэлт гаргаж болно.

7.5. Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл нь зөрчил гаргасан этгээд, зөрчил гаргах /үйлдэх/ сэдэл, нөхцөл байдал, тухайн этгээдийн гэм буруутай байдал зэргээс хамаарч тухайн зөрчилд ногдуулах шийтгэлийн хэр хэмжээг тодорхойлно.

7.6. Давтан зөрчил:

7.6.1. Зөрчил гаргач этгээд 2 болон түүнээс дээш удаа Дүрмийг зөрчсөн тохиолдолд “давтан зөрчил” гэж үзэх бөгөөд ногдуулах шийтгэлийг хүндрүүлнэ.

7.7. Ноцтой зөрчил:

7.7.1. Дүрмийн нэгээс дээш заалтыг зэрэг зөрчсөн тохиолдолд “ноцтой зөрчил” гэж үзэх бөгөөд шийтгэл ногдуулахдаа зөрчлийн хэр хэмжээ, шинжээс хамаарч хүнд хэлбэрийн шийтгэл ногдуулж болно.

Найм. Зөрчил, мэдээллийг хүлээн авах, шалгаж шийдвэрлэх, мэдээллэх

8.1. Энэхүү Дүрмийн 2.1-т заасан этгээдүүд ёс зүйн зөрчил гаргасан талаар гомдол, мэдээлэл ирсэн, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд тодорхой мэдээлэл цацагдсан нь шалгалт явуулах үндэслэл болно.

8.2. Энэхүү Дүрмийн 8.1-т заасан тохиолдол бүрт Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ажлын алба нь шаардлагатай мэдээллийг цуглуулж нэгтгэн Холбооны Тэргүүнд өгөх бөгөөд Тэргүүн Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцүүлэх эсэх шийдвэр гаргана.

8.3. Ёс зүйн зөвлөлийн гишүүдийн 1/3-нээс доошгүй гишүүдийн саналаар тухайн асуудлыг Ёс зүйн зөвлөлөөр хэлэлцэж болно.

8.4. Ёс зүйн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг МҮБХ-ны цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.