Үндэсний Бөхийн Барилдааны Дүрэм

/МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2023 оны гуравдугаар сарын 19-ний

өдрийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулан батлав/

 

ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМ

Монгол түмний олон зуунаас уламжлан ирсэн эрийн гурван наадмын манлай нь хүчит бөхийн барилдаан юм. Монгол үндэсний бөхийн барилдааныг энэхүү дүрмийг баримтлан явуулна.

Бөхийн барилдааныг шат шатны үндэсний бөхийн холбоо /ҮБХ/-ноос томилсон жаяг дэгийн баг хариуцан явуулах бөгөөд жаяг дэгийн баг нь хөлийн цэц /ерөнхий цэц, цэцүүд/, гарын даа, засуул, тайлбарлагч, эмч, хаяавч, зохион байгуулагчаас бүрдэнэ. Жаяг дэгийн багийг ерөнхий цэц удирдан ажиллана. Уламжлал, ёс горим, дүрмээ судлан мэдэх, чандлан биелүүлэх, өвлүүлэн уламжлуулах нь үндэсний бөхийн холбоод, бөх, жаяг дэгийн багийн  үүрэг мөн.

Нэгдүгээр бүлэг. Бөхийн барилдааны зохион байгуулалт

 1.1. Барилдааны хэлбэр

а) Бөхчилсөн

б) Тойргийн

в) Багийн

г) Бусад хэлбэрийн

1.2. Барилдааны ангилал

а) Хөвгүүдийн (16-аас доош насны)

б) Залуучуудын (17-18 насны)

в) Хүчит бөхийн

г) Ахмад бөхийн (45 ба 51-ээс дээш насны)

Хоёрдугаар бүлэг. Бөхийн барилдаан

2.1. Хоёр бөх барилдахаар бие бие рүүгээ харан өрснөөр барилдаан эхлэх ба энэ үеэс цаг тооцно.

2.2. Их бие давамгай буюу бүтэн бие дээр байх үед уг бөхийг давуулна. Сунаж ойролцоо унавал хэн урьтаж толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр газардсаныг унасанд тооцно.

2.3. Барилдааны явцад бөхийг тавилцуулах шаардлага гарвал засуулууд өөрсдийн бөхийн элэг бүс, гараас барих буюу тэврэн “тавилц” хэмээн тодоор хэлж барилдааныг зогсоох ба барилдааныг цааш үргэлжлүүлэхдээ тавилцах үеийн барьц, байрлалыг хангана. Харин хоёр бөхийн санал нийлсэн тохиолдолд заавал анхны барьц, байрлалыг хангуулах шаардлагагүй.

2.4. Бөхийг дараах нөхцөлд дахин барилдуулна. Үүнд:

а) хаялцах үед давж байгаа бөхийн элэг бүс алдуурах буюу тасарвал, (унаж буй бөх хаяж байгаа байгаа бөхийн элэг бүсийг татаж тайлсанд энэ заалт хамаарахгүй)

б) учраагаа ямар нэгэн саад болох зүйл рүү түрж барьцанд хүрч, улмаар мэх хийх буюу тээглүүлж унагавал,

в) хайнцвал,

г) гутлын хүлэг, боолт, оймсны түрийнээс барьж унагавал,

д) гутлын өлмий дээр гишгэж унагавал

е) засуул барилдааныг түр зогсоох үед мөн учраагаа өмсгөлөө засаж байхад болон удааширсан барилдааны үед барьц бариулж байхад мэх хийж унагавал тус тус дахин барилдуулна.

ё) захалсан барилдааныг зогсоогоод голлуулах явцад учраа бөхөө өрөөгүй байхад мэх хийж хаясан тохиолдолд дахин баилдуулах

Харин барьц булаацалдан барилдаан өрнөж байхад барилдаанаа зогсоож, учраа бөхийнхөө ирийг дарах зорилгоор өрөлтөө орхин өндийх, эргэн явахад нь мэх хийж унагавал дахин барилдуулахгүй.

2.5. Аливаа барилдааны үндсэн хугацаа 20 минут байна.

2.5.1. Аль ч даваанд хоёр бөхийн үндсэн хугацаанд идэвхтэй барилдсан нь дараагийн барьцыг барих талаа сонгон сонгон барилдана гэж оруулах.

2.5.2. Үндсэн цагт хаялцаагүй тохиолдолд:

    • Сэнжиг элэг бүсний барьц болон суганы хонхор, зодогны хормойноос хав барьж хоёр талаар барилдана. Хав барьцнаас хаялцахгүй бол дан, давхар шуудагны барьцыг ээлжлэн барьж барилдана. Эдгээр барьцнаас барилдах нийт хугацаа 20 минут байна.
    • Үндсэн цагт болон барьцтай барилдах хугацаанд хаялцаагүй тохиолдолд Тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана. /Тэгш барьц нь нэг гар шуудаг, нөгөө гар сугадаж зодогноос барих барьцыг хэлнэ./

2.6. Тухайн дүйз барилдаан эхэлснээс хойш 10 минут өнгөрөхөд гарч ирээгүй бөхийг унасанд, нөгөө бөхийг давсанд тооцно.

2.7. Нэг даваанд бөхийн эмчилгээ хийлгэх хугацаа нийтдээ 3 минутаас хэтрэхгүй бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд учраа бөхийг нь давсанд тооцно. Харин өрсөлдөгч бөх нь цээрээ зөрчин гэмтэл учруулсны улмаас учраа бөх дээрхээс илүү хугацаагаар эмчлүүлэхэд хүрвэл гэмтэл учруулсан бөхийг барилдаанаас хасаж, эмчилгээтэй бөхийг давсанд тооцно.

2.8. Маргаантай барилдааны шүүлтэд тухайн барилдааныг албан ёсны эрхтэйгээр дамжуулж буй телевизийн камерын бичлэг ашиглана. Мөн шаардлагатай тохиолдолд тал бүрээс бүрэн харагдахуйц бичлэгүүдийг ашиглаж болно..

Гурав. Бөх

3.1. Монгол үндэсний бөх гэж  сум, аймаг цэрэг, улсын цолтой бүх бөхчүүд тодорхойлогдоно. Мөн төрт ёсны болон уламжлалт барилдаанд бүртгүүлэн барилдаж байгаа этгээдийг хэлж болно.

3.2. Бөх нь дараах эрх эдэлнэ. Үүнд:

а) үндэсний бөхийн бүх шатны барилдаанд барилдах, бөх засах,

б) дүрэмд заасан даваанаас эхлэн цол, амжилтынхаа эрэмбээр ам авах,

в) барилдааны үед гарсан аливаа асуудал, маргааныг засуул, хөлийн цэцэд тавьж үнэн зөв шийдвэрлүүлэх,

г) зодог тайлах ёслолыг уламжлалын дагуу үйлдэх,

3.3. Бөхийн үүрэг.

Бөх нь дараах үүрэг хүлээнэ.

а) бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж, сахин биелүүлэх,

б) малгай, зодог, шуудаг, гутлаа бөхийн өмсгөлийн шаардлагад нийцүүлэн хийж хэрэглэх,

в) бөх өөрийн цол амжилтыг илтгэсэн тэмдэг, залаа бүхий малгайг өмсөх,

г) аливаа наадам, барилдаанд барилдахдаа өөрийн биеэр болон цахим бүртгэлийн системээр бүртгүүлж оролцоно. Бүртгэл хийлгэхдээ цолны үнэмлэхээр бүртгүүлнэ.

д) зал танхимын  барилдаанд оролцохдоо барилдаан эхлэхэд жагсан гарч, үзэгч олноо хүндэтгэх,

е) барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэн, барилдааны талбарт даруу төлөв, ёс жудагтай байх,

ё) наадамчин, үзэгч олон түмэнтэй соёлч боловсон харилцаж, хүндэтгэлтэй хандах,

ж) барилдааны шуурхай байдлыг ханган, дайчин шалмаг барилдах,

Дөрөв. Бөхийн цээр ба ёс зүйн зөрчил

4.1. Бөх нь чандлан сахих цээртэй байх бөгөөд цээрээ зөрчвөл хариуцлага хүлээнэ.

4.2. Хориотой буюу буруу барьц барихыг цээрлэнэ. Үүнд:

  • шуудагнаас цавчиж удаан барих,
  • элэг бүснээс, мөн нэг сэнжигний ар өврөөс хоёр гараар удаан зуурах,
  • зодогны ар өврийн сэнжгийг нийлүүлэн атгах,
  • гутлын түрий, оймс, хүлэгнээс барих,
  • зодогны ханцуйны амсрыг эргүүлэн дарж барих,

4.2.1. Дээрх цээрийн аль нэг заалтыг зөрчсөн бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш дахин зөрчих буюу хэд хэдэн цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр уг бөхийг барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай шагналыг олгохгүй.

4.3. Гэмтээх барьц барих ба хөдөлгөөн хийхийг цээрлэнэ. Үүнд:

  • цохиж халах (даллан цохих, шуугаар халах),
  • хоолой шахах,
  • зориуд мөргөх,
  • ямар нэг байдлаар алгадах, цохих, гэмтээхүйцээр шилдэх,
  • өшиглөх, тийрэх,
  • унасан бөхийн дээрээс өвдөглөх, тохойлдох, нитгэрэх, биеийн жингээр дарж жигнэх,
  • өвдөглөн барьц тавиулах,
  • хоёр гарыг давхар хөших,
  • сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөө гараар элэг бүснээс барьж  тохой хөших,
  • бусад хэлбэрээр үений эсрэг хөших.

4.3.1. Дээрх цээрийн аль нэг заалтыг зөрчиж учраа бөхдөө гэмтэл учруулаагүй бол уг бөхөд цэц сануулга өгөх ба сануулснаас хойш хоёр дахиа зөрчих буюу хэд хэдэн цээрийг зэрэг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр уг бөхийг барилдаанаас хасах бөгөөд энэ тохиолдолд давааны бай шагналыг олгохгүй. Харин гэмтэл учруулсан мөн монгол бөхийн нэр хүндэд ноцтой хор нөлөө үзүүлэх үйлдэл гаргасан бол бай мөрийг олгохгүйгээр барилдаанаас хасаж, Тэргүүлэгчдийн эсвэл Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн хурлын шийдвэрээр тухайн бөхийн барилдах эрхийг нь гурван сараас гурван жил хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ

4.4. Учраа бөхөө санаатайгаар гэмтээхийг цээрлэнэ. Энэ заалтыг зөрчсөн үйлдэл нь хуулийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хөлийн цэцийн шийдвэрээр уг барилдаанаас хасаж бай шагналыг олгохгүй байхын хамт гэмтсэн бөхийн даатгал болон эмчилгээний зардлыг төлүүлэх, Тэргүүлэгчдийн эсвэл  Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн хурлын шийдвэрээр тухайн бөхийн барилдах эрхийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хасах шийтгэлийг оногдуулна.

4.5. Учраа бөх, жаяг дэгийн багийн гишүүд, үзэгч олныг үг хэлээр доромжлох, гүтгэх, ёс зүйгүй үг хэллэг хэлж Хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлага, шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж маргах зэргээр олон нийтийн өмнө жудаггүй зан авир гаргахыг цээрлэнэ.

4.5.1. Дээрх цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр барилдаанаас хасах бөгөөд ноцтой цаашид гарах сөрөг үр дагавартай гэж үзвэл Тэргүүлэгчдийн эсвэл Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн хурлын шийдвэрээр тухайн бөхийн барилдах эрхийг нь 1-2 жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд цолны хишиг, шагнал олгохгүй.

4.6. Аливаа наадам, барилдааны товлосон хугацаанаас хоцрохыг цээрлэнэ.  Энэ цээрийг зөрчин, бөхийн бүртгэл дууссан хойно ирсэн бөхийг тухайн барилдаанд барилдуулахгүй.

4.6.1. Аливаа наадам, барилдаанд бөх барилдахаар бүртгүүлчихээд /цахимаар/ барилдаанд ирж барилдахгүй байхыг цээрлэнэ. Энэ цээрийг зөрчвөл тухайн бөхийг дараагийн 3 барилдаанд барилдахыг түдгэлзүүлэх /хүндэтгэн үзэх шалтгаантай бол эргэн мэдэгдэж бүртгэлээс хасуулах/ Барилдахаар зодоглосон бөх танилцуулгад жагсаж гарахгүй байхыг цээрлэнэ. Энэ цээрийг зөрчвөл тухайн бөхийг дараагийн 3 барилдаанд барилдахыг түдгэлзүүлэх.

4.7. Нэгэнт ам авсан бөх амаа солих, өөрөөсөө хойно эрэмбэтэй бөхийг өмнөө ам авахыг зөвшөөрөх буюу албадах, тэрчлэн хэн нэг бөхийг амлан авахыг өөр бөхөд тулган шахахыг цээрлэнэ.

4.7.1. Энэ цээрийг зөрчихийг завдсан бөхөд ахлах гарын даа сануулах ба сануулгыг эс биелүүлэн маргавал барилдаанаас хасах саналыг ерөнхий цэцэд тавьж шийдвэрлүүлнэ.

4.7.2. Бөх ам авахдаа түргэн шуурхай ам авна. Ам авхуулахаар уригдсан бөх 5 минут хүлээгээд амаа авахгүй бол дараагийн бөхөөр ам авхуулах ба тухайн бөхийг амлах эрхийг өгөх,

4.8. Бөхийн өмсгөлийн шаардлагыг зөрчих, элэг бүс, шуудагны уяаг хэт чанга, хэт сул болон гүйж саарахаар, алдуурч сулрахаар уяхыг цээрлэнэ.

4.8.1. Дээрх заалтыг зөрчвөл засуул, цэцийн зүгээс шаардлага тавин засуулах бөгөөд дахин зөрчих буюу шаардлагыг эс биелүүлбэл хөлийн цэц барилдаанаас хасна.

4.9. Тахим өгөлцөж авалцах үедээ бие биенээ цохих, нудрахыг цээрлэнэ.  Энэ цээрийг зөрчвөл түүнд учраа бөхтэйгөө гар барих, эсвэл дүрмийн дагуу дахин тахим өгөлцөж авалцах, үзэгчдэд хандаж мэхийн уучлал гуйхыг хөлийн цэц шаардан гүйцэтгүүлнэ. Эл шаардлагыг эс биелүүлбэл тухайн бөхийн давааны бай шагналыг хасч Тэргүүлэгчдийн эсвэл Ёс зүй сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаар асуудлыг шийдвэрлүүлэх,

4.10. Хөлийн цэцийн шийдвэр гараагүй үед малгайгаа шүүрч өмсөх, туг тойрох, хөлийн цэцийн шийдвэр гарсан үед тахим өгөхгүй байхыг цээрлэнэ.  Энэ цээрийг зөрчвөл хөлийн цэцийн шийдвэрээр тухайн бөхийн бай мөрийг хасах ба хөлийн цэц учраа бөхөд тахим авалгүйгээр туг тойрохыг зөвшөөрнө.

4.11. Хүч үзэн барилдалгүй бууж өгөх, буулгахыг цээрлэнэ. Энэ заалтыг зөрчсөн нь нотлогдвол Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр хоёр бөхийн тухайн барилдааны бай шагналыг олгохгүй байх, цалин болон цолны хишгийг тодорхой хугацаагаар буюу бүрмөсөн хасах, улсын наадамд барилдах эрхийг нэг удаа түдгэлзүүлэх шийтгэл оногдуулна.

4.12. Хөлийн цэц идэвхгүй барилдсан бөхөд сануулга өгөх явцад цэцийн шийдвэрийг эсэргүүцэж барилдаанаа дуусгалгүй орхихыг цээрлэнэ.

4.13. Бэртлийн улмаас барилдах боломжгүй бол дур мэдэн тахимаа өгөхийг цээрлэх.  Энэ цээрийг зөрчвөл дараагийн 3 барилдаанд барилдахыг түдгэлзүүлэх

4.13.1. Бэртлийн улмаас барилдах боломжгүй бол эмчид хандан магадлагаа авч цэцэд мэдэгдэн тайлбарлагчаар зарлуулж барилдааныг дуусгах,

4.14. Барьц барьж барилдахгүй илэрхий зугтан захалж, барилдахгүй зогсох, юм ярих, барилдаанаа орхиж явах, юм уух зэрэг илт идэвхгүй байхыг цээрлэнэ.  Энэ цээрийг зөрчсөн бөхийг эхний удаад талбайн гол төв хэсэгт оруулж барилдуулна. Хоёр дахь удаа давтагдвал сануулна. Гурав дахиа давтагдвал уг бөхийг унасанд тооцон хасаж, бай мөрийг олгохгүй.

4.15. Допингийн жагсаалтад орсон хориотой эм бэлдмэл хэрэглэхийг цээрлэнэ. Энэ цээрийг зөрчсөн бөхийг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар  хэлэлцэн Допингийн эсрэг үндэсний журамд заасан хариуцлагыг ноогдуулна. Харин Үндэсний их баяр наадмын барилдаанд оролцохдоо допингийн зөрчил гаргасан бөхийг ҮИБНЗХороо хариуцлага тооцож шийтгэлийг ноогдуулна.

4.16. Гэмт хэрэг үйлдэж, монгол бөхийн нэр хүндийг гутаахыг цээрлэнэ. Энэ цээрийг зөрчин, баривчлах ба хорих ялаар шийтгэгдсэн бөхийн барилдах эрхийг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр ял шийтгэлтэй байх хугацаанд нь түдгэлзүүлж, цолны хишиг, цалин, шагнал олгохгүй.

4.17. Монгол үндэсний бөхийн барилдаанд барилдаж байгаа болон бусад хэлбэрээр оролцож байгаа бөхчүүд энэхүү дүрмийн IV бүлэгт заасан цээрүүд болон Ёс зүйн бусад зөрчлүүдийг гаргавал  дараах эрх бүхий төлөөлөлүүд  хариуцлага ногдуулна.

  • Барилдааны үед ажиллаж байгаа Ерөнхий цэц
  • Ёс Зүй Сахилга Хариуцлагын Зөвлөл
  • МҮБХ-ны Тэргүүлэгчид

Тав. Бусад

5.1. Монгол үндэсний бөхийн цэвэр шударга өрсөлдөөнийг бөх, дасгалжуулагчид эрхэмлэж салбар холбоод, гал дэвжээдийг допингийн шинжилгээ авах болон түүнд хөндлөнгийн хяналт тавих үйл ажиллагаанд татан оролцоно.