Монгол үндэсний бөхийн үүслийг түүх, археолеогийн судалгаагаар VIII зуунаас эхлэлтэй гэж үздэг. Энэ нь Дундговь аймгийн Өлзийт сумын Дэл хадны зураг бичээсээр нотлогддог. Цаг тооллын хувьд түүхийн дараа үеийн эх сурвалж нь болох Монголын нууц товчоонд Бүри бөх, Хасар, Бэлгүтэй нарын барилдаан, бөхийн хүч чадлыг бичиж үлдээсэн байна. Түүний дараах он тооллоор 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын Ширээ Цагааннуурт анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарт Мандал өргөж анхны Долоон хошуу даншиг наадам хийгджээ. Долоон хошуу даншиг наадам 1911 он хүртэл зохион байгуулагдаж ирсэнээс 1805 оноос хойших бөхийн барилдаан, хурдан морины цувааны оноо данс тэмдэглэгдэн үлдсэн байна. 1912 оноос өнөөдрийг хүртэл Ардын засгийн наадам, Цэргийн наадам, Улсын баяр наадам, Үндэсний их баяр наадам нэрээр төрт ёсны баяр цэнгэл болж ирсэн бөгөөд үүний гол төлөөлөл нь үндэсний бөхийн барилдаан юм.
- Үндэсний бөхийн цол
Ардын хувьсгал 1921 онд ялж тусгаар тогтносон Монгол улсын анхны таван яам болох Шүүх яамны сайд Магсаржав хурц бүртгэн туурвиж, эмхтгэн 1927 онд хэвлүүлсэн “Халхын долоон хошуу даншиг наадам” ном нь Монгол бөхийн цол, амжилт, дурсамж, түүхийг хойч үедээ үлдээсэн томоохон бүтээл бөгөөд дараагийн ном бүтээлийн үндсэн эх сурвалж болсон. Тус номонд 1805-1911 он хүртэлх Даншиг наадмын бөхийн барилдааны оноо данс, хурдан морины уралдааны цувааг дэлгэрэнгүй тэмдэглэн үлдээсэн байна. Мөн халхын 4 аймгийн хошуу бүр, урианхай, ховдын хязгаараас нэр заагдсан шигшмэл бөхчүүд нь ирж оролцдог Арван засгийн наадмын оноо дансыг бүртгэн оруулсан байна. Энэхүү түүхэн бүтээл буюу архивын материалд 1805-1905 он хүртэл Монгол бөхийн цол нь шонхор, тулгат, начин, заан, арслан, аварга цолтой байсан ба аварга цол нь аварга, даян аварга, дархан аварга гэж амжилтаар ялгагдаж байв. Монгол улсын шинэ түүх эхэлсэн буюу 1921 оноос Үндэсний их баяр наадам хуулиар зохицуулагддаг болох хүртэл бөхчүүдэд начин, заан, арслан, аварга, даян аварга, дархан аварга цолыг наадмыг зохион байгуулах комисс болон мэргэжлийн холбоо болох Бөхийн холбооноос олгож ирсэн байна. Мөн хүүхдийн бөхийн барилдаанд амжилт гаргасан өсвөр бөхчүүдэд шонхор, тулгат цолыг олгож байв. Үндэсний их баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдаж даваа бүрийг цолтой болгосноор Улсын баяр наадамд:
– 5 давсан бөхөд улсын начин,
– 6 давсан бөхөд улсын харцага,
– 7 давсан бөхөд улсын заан,
– 8 давсан бөхөд улсын гарди,
– 9 давсан бөхөд улсын арслан,
– 10 давсан бөхөд улсын аварга цолуудыг Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гарган олгохоор хуульчилсан.