Засгийн газрын 2022 оны 257 дугаар
тогтоолын 2 дугаар хавсралт
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Үндэсний их баяр наадам (цаашид “Баяр наадам” гэх)-ын үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулахад Үндэсний их баяр наадмын тухай хууль болон энэ дүрмийг мөрдөнө.
1.2.Баяр наадмын үндэсний бөхийн барилдааныг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо (цаашид “Хороо” гэх)-оос байгуулсан үндэсний бөхийн салбар хороо (цаашид “Салбар хороо” гэх) зохион байгуулна.
Хоёр.Улс, аймаг, сумын баяр наадамд барилдах бөхийг бүртгэх, эрэмбэлэх
2.1.Салбар хороо, Монголын үндэсний бөхийн холбоо, аймаг, сумын салбар хороо болон тухайн орон нутгийн бөхийн салбар холбооноос томилсон гарын даа нар баяр наадамд барилдах бөхийг нээлттэйгээр бүртгэнэ.
2.2.Улсын баяр наадмын бөхийн барилдааны бүртгэлийг барилдаан эхлэхээс дөрөв хоногийн өмнө тогтоосон цагт эхлүүлж, барилдаан эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу 7 дугаар сарын 9-ний өдрийн 19.00 цагт дуусгана.
2.3.Аймгийн баяр наадмын бөхийн барилдааны бүртгэлийг барилдаан эхлэхээс хоёр хоногийн өмнө тогтоосон цагт эхлүүлж, барилдаан эхлэхээс нэг хоногийн өмнө дуусгана.
2.4.Сумын баяр наадмын бөхийн барилдааны бүртгэлийг барилдаан эхлэхээс 1 хоногийн өмнө тогтоосон цагт эхлүүлж, тухайн өдрийн 20.00 цагт дуусгана.
2.5.Улс, аймгийн баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөх нь ослын даатгалд даатгуулсан, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.2, 9.5-д заасны дагуу 16 насанд хүрсэн байх бөгөөд иргэний үнэмлэх, цолтой бөх нь цолны үнэмлэх зэрэг баримт бичигтэй өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
2.6.Гамшиг, ослын үед улс, аймаг, сумын баяр наадмын бөхийн барилдааны бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.
2.7.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.7-д заасны дагуу улс, аймаг, сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол, чимгээр нь ялгаварлахгүйгээр нээлттэйгээр ил тод бүртгэж, барилдуулна.
2.8.Энэ дүрмийн 2.2, 2.3, 2.4-т заасан хугацаанаас хойш бөхийг бүртгэхгүй бөгөөд бүртгүүлсэн бөхийг цол болон амжилтаар нь эрэмбэлсэн жагсаалтыг Монголын үндэсний бөхийн холбооны цахим хуудаст байршуулна.
2.9.Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд гоц мөргөх тооны бөх бүртгэхгүй.
2.10.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.8-д заасны дагуу Монголын үндэсний бөхийн холбоо бөхийг цол, амжилтаар нь дараахь журмаар эрэмбэлнэ:
2.10.1.ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэ нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь эрэмбэлэх бөгөөд энэ журмаар начин цолны даваа хүртэл тооцоход амжилт нь ижил байвал хэн түрүүлж одоогийн цолоо хүртсэн хугацаагаар, энэ нөхцөл мөн ижил байвал доод цолыг хүртсэн хугацааг тус тус харгалзаж;
2.10.2.нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр;
2.10.3.энэ дүрмийн 2.10.1, 2.10.2-т заасан нөхцөл ижил буюу өмнө нь цолгүй байсан бол тулгаж, барилдуулах жагсаалтад бичигдсэн дарааллаар;
2.10.4.энэ дүрмийн 2.10.1, 2.10.2, 2.10.3-т заасан журмаар эрэмбэ тогтоох боломжгүй бол шодож;
2.10.5.улсын аварга цолтны эрэмбийг улсад хоёр удаа ес даван түрүүлсэн улсын аварга, улсад нэг удаа ес даван түрүүлж, мөн нэг удаа ес даван үзүүрлэсэн улсын аварга, улсад нэг удаа арав даван түрүүлсэн улсын аварга гэсэн дарааллаар;
2.10.6.улсын аварга цолны болзол ижил бол энэ дүрмийн 2.10.1-д заасан журмын дагуу.
Гурав.Улс, аймаг, сумын баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийг тулгаж барилдуулах, амлах
3.1.Бөхийг улс, аймаг, сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны нэг, хоёр, дөрвийн даваанд цолны болон амжилтын эрэмбээр тулгаж, бусад даваанд энэ дүрмийн 2.8-д заасан цолны эрэмбээр ам авхуулж барилдуулна.
3.2.Ижил цолтой бөхчүүд энэ дүрмийн 2.10-т заасан журмаар тогтоосон эрэмбээр ам авна.
3.3.Улсын баяр наадамд аймаг, цэрэг, сумын цолтой бөх энэ дүрмийн 2.8-д заасан цолны эрэмбээр ам авна.
3.4.Сумын цолтой бөх аймгийн баяр наадамд энэ дүрмийн 2.8-д заасан цолны эрэмбээр ам авна.
3.5.бөхийн ам авах үйл ажиллагааг цахим программ ашиглан явуулж болно. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
3.6.Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны өмнөх давааны барилдаан дуусаж, тухайн бөхийн нэрийг ам авхуулахаар зарласнаас хойш ам авч эхлэх хугацаа 5 минутаас илүүгүй байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
3.7.Тухайн бөх ам авахаар бөхийн нэрийг дуудуулах, эсхүл цахим программыг ашиглаж эхэлснээс хойш ам авах хугацаа 4 минут байх бөгөөд уг хугацааг нэг удаа 1 минутаар сунгаж болно. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.8.Энэ дүрмийн 3.7-д заасан хугацаанд ам аваагүй бол тухайн бөх цолны эрэмбээр дараагийн хоёр бөх ам авсны дараа ам авахаар хойшлох бөгөөд цолны эрэмбээр дараагийн бөх ам авна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.9.Бөх ам авахдаа холбооны хэрэгсэл ашиглахыг хориглоно. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор нэмсэн)
3.10.Бөхийн цолыг дуудахдаа бөхийн үндсэн харьяа, цол, спорт хороо, бөхийн дэвжээ, нэг ивээн тэтгэгч аж ахуйн нэгж, байгууллагыг дуудна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор нэмсэн)
Дөрөв.Бөхийн барилдаан
4.1.Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд талбай дээр хоёр бөх барилдахаар өрснөөр барилдаан эхлэх цагийг тооцно.
4.2.Бөхийн цээжин хэсэг давамгай буюу бүтэн биеэрээ дээр байх үед уг бөхийг давсанд тооцно.
4.3.Барилдаж буй бөхчүүд ойролцоо унавал хэн урьтаж толгой, тохой, өвдөг зэрэг биеийн аль нэг хэсгээр газарт түрүүлж хүрсэн бөхийг унасанд тооцно.
4.4.Барилдааны явцад барьц тавиулах шаардлага гарвал засуулууд өөрийн бөхийн элэг бүс, гараас барих буюу тэврэн “тавилц” хэмээн тодоор хэлж, барилдааныг зогсоох бөгөөд барилдааныг цааш үргэлжлүүлэхдээ барьц тавилцах үеийн барьцаар бариулж, байрлалаар золгуулна.
4.5.Энэ дүрмийн 4.4-т зааснаар барьц тавилцсан хоёр бөхийн санал нийлсэн тохиолдолд заавал анхны барьц, байрлалыг хангуулахгүй байж болно.
4.6.Бөхийг дараахь тохиолдолд дахин барилдуулна:
4.6.1.хаялцах үед давж байгаа бөхийн элэг бүс алдуурах, тасрах;
4.6.2.учраа бөхөө ямар нэгэн саад болох зүйл рүү түрж барьцанд хүрэх, улмаар мэх хийх, эсхүл тээглүүлж унагах;
4.6.3.хайнцах;
4.6.4.гутлын хүлэг, боолт, оймсны түрийнээс барьж унагах;
4.6.5.гутлын өлмий дээр гишгэж унагах;
4.6.6.засуул барилдааныг түр зогсоох үед, эсхүл учраагаа өмсгөлөө засаж байхад болон барилдаан удааширсан үед барьц бариулж байхад мэх хийж унагах.
4.7.Барилдааны явцад унаж байгаа бөх хаяж байгаа бөхийн элэг бүсийг татаж тайлсан бол энэ дүрмийн 4.6.1-д заасан нөхцөл хамаарахгүй.
4.8.Барилдаан өрнөж байхад барилдаанаа зогсоох, учраа бөхийнхөө ирийг дарах зорилгоор өрөлтөө орхин өндийх, эргэн явахад нь мэх хийж унагавал дахин барилдуулахгүй.
4.9.Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёр бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацаа даваа тус бүрд 20 минут байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
4.10.Аймаг, сумын баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хоёр бөхийн барилдаан үргэлжлэх үндсэн хугацаа даваа тус бүрд 20 минут байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
4.11.Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны үндсэн хугацаа дуусахад хаялцаагүй бөхчүүдийн барилдааныг зогсоож, хөлийн цэц шодож, дараахь барьцыг хоёр бөхөөр ээлжлэн бариулж барилдуулах бөгөөд учраа бөхчүүд санал нийлсэн тохиолдолд дараахь барьцын дарааллыг баримтлахгүйгээр аль нэгийг сонгон барилдуулж болно:
4.11.1.сэнжигдэн элэг бүсдэх;
4.11.2.дан шуудагдах;
4.11.3.давхар шуудагдах.
4.12.Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны барилдах үндсэн хугацаа дуусахад дан болон давхар шуудагны барьцтай барилдуулах хугацаа даваа тус бүрд 20 минут байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
4.13.Энэ журмын 4.12-т заасан дан болон давхар шуудагны барьцтай барилдаж хоёр бөх хаялцаагүй бол тухайн хоёр бөхийн барилдааныг зогсоож, хөлийн цэц барилдааны явцад идэвхтэй барилдсан бөхийн талаар сонгуулж тэгш барьцтай барилдуулна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор нэмсэн)
4.14.Тэгш барьц гэж бөхийн нэг гар учраа бөхийн шуудагнаас, нөгөө гар сугадаж барьсан барьцыг хэлэх бөгөөд уг барьцтай барилдуулах хугацаа даваа тус бүрд 20 минут байна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор нэмсэн)
4.15.Барилдааны үндсэн, дан болон давхар шуудагны барьцтай барилдах, тэгш барьцтай барилдах нийт 60 минутын хугацаанд бөхийн санаачилга харна. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор нэмсэн)
4.16.Тухайн дүйз барилдаан эхэлснээс хойш 10 минут өнгөрөхөд талбайд гарч ирээгүй бөхийг унасанд, учраа бөхийг давсанд тооцно.
4.17.Нэг даваанд бөхийн эмчилгээ хийлгэх хугацаа нийт 3 минутаас хэтрэхгүй байх бөгөөд хэтэрсэн тохиолдолд учраа бөхийг давсанд тооцно.
4.18.Учраа бөхөд энэ дүрмийн 5.3, 5.4-т заасныг зөрчиж гэмтэл учруулсны улмаас 4.17-д зааснаас илүү хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон бол гэмтэл учруулсан бөхийг барилдаанаас хасаж, эмчилгээ хийлгэж байгаа бөхийг давсанд тооцно. (Энэ заалтад Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
4.19.Хоёр бөх барилдан хаялцсаны дараа хэн унаснаас үл хамааран бага цолтой бөх нь илүү цолтой бөхөд ирж, тахим өгч, авалцана.
4.20.Хөлийн цэц маргаантай барилдааны шүүлтэд албан ёсны эрхтэй шууд дамжуулж байгаа телевизийн дуу-дүрсний бичлэгийг ашиглаж болно.
4.21.Хөлийн цэцийн олонхын саналаар гаргасан шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд унасан бөх барилдааны талбайг чөлөөлнө.
4.22.Барилдаж байгаа бөх эмчилгээ хийлгэх, эсхүл зодог, шуудгаа солих зайлшгүй шалтгааны улмаас зодог, шуудгаа барилдааны талбайгаас гадна тайлахаас бусад тохиолдолд зодог, шуудгаа талбай дээр тайлахгүй. (Энэ заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор нэмсэн)
Тав.Бөхийн эрх, үүрэг
5.1.Баяр наадамд барилдах бөх дараахь эрхтэй:
5.1.1.энэ дүрэмд заасны дагуу цол, амжилтынхаа эрэмбээр ам авах;
5.1.2.барилдааны үед гарсан аливаа асуудал, маргааныг засуул, хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх;
5.1.3.Дархан аварга цолтой бөх зодог тайлах хүсэлт гаргавал тавын даваа эхлэхийн өмнө түүний цолыг дуудан Есөн хөлт цагаан тугийг тойруулж, зодог тайлах ёслол үйлдүүлж, хүндэтгэл үзүүлж болно.
5.2.Баяр наадамд барилдах бөх дараахь үүрэгтэй:
5.2.1.энэ дүрмийг судлан мэдэж, сахин биелүүлэх;
5.2.2.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 13.1-д заасан стандартад нийцүүлэн хийсэн малгай, зодог, шуудаг, гутал, хүлэг боолт хэрэглэх;
5.2.3.бөхийн барилдаан эхлэхэд цол, амжилтын эрэмбээр жагсан талбайд гарч, үзэгч олноо хүндэтгэн харилцах, барилдааны үед засуул, хөлийн цэцээс дүрмийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлэх;
5.2.4.бөхийн барилдааны үед засуул, хөлийн цэцийн дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэх, барилдааны талбайд даруу төлөв, ёс жудагтай байх;
5.2.5.бөхийн барилдааны шуурхай байдлыг ханган, дайчин шалмаг барилдах;
5.2.6.энэ дүрмийн 5.1.3-т заасан зодог тайлсан бөх дахин баяр наадамд барилдахгүй байх.
5.3.Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөх дараахь хориотой, эсхүл буруу барьц барихгүй:
5.3.1.шуудагнаас цавчиж удаан барих;
5.3.2.элэг бүснээс, эсхүл нэг сэнжигний ар, өвөрөөс хоёр гараар удаан зуурах;
5.3.3.зодогны ар, өвөрийн сэнжигийг нийлүүлэн атгах;
5.3.4.гутлын түрий, оймс, хүлэгнээс барих;
5.3.5.зодогны ханцуйны амсрыг эргүүлэн дарж барих.
5.4.Баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдах бөх дараахь гэмтээх барьц барих болон хөдөлгөөн хийхгүй:
5.4.1.цохиж халах, даллан цохих, шуугаар халах;
5.4.2.хоолой шахах;
5.4.3.зориуд мөргөх;
5.4.4.ямар нэг байдлаар алгадах, цохих;
5.4.5.өшиглөх, тийрэх;
5.4.6.унасан бөхийн дээрээс өвдөглөх, тохойлдох, нидрэх, биеийн жингээр дарж жинлэх;
5.4.7.өвдөглөж барьц тавиулах;
5.4.8.хоёр гарыг давхар хөших;
5.4.9.сарвуу буюу шуунаас нэг гараар барьж, нөгөө гараар элэг бүснээс барьж тохой хөших;
5.4.10.бусад хэлбэрээр үений эсрэг хөших;
5.4.11.өлмий дээр гишгэж унагах.
Зургаа.Жаяг дэгийн баг
6.1.Ерөнхий цэц, хөлийн цэц, гарын даа, засуул, тайлбарлагч, эмч, хаяавч, холбогч, зохион байгуулагч зэрэг бүрэлдэхүүнтэй жаяг дэгийн багийг Салбар хорооноос томилох бөгөөд уг жаяг дэгийн багийг Ерөнхий цэц удирдана.
6.2.Энэ дүрмийн 6.1-д заасан хаяавч, холбогч нь зөвхөн улсын баяр наадамд ажиллана.
6.3.Монголын үндэсний бөхийн холбоо Хөлийн цэцээр Үндэсний их баяр наадмын тухай хууль болон Монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийн бүрэн мэдлэгтэй, цэгц шударга, хурц хараа, шалмаг хөдөлгөөнтэй бөх, бөхийн зүтгэлтнээс сонгон санал болгосноор Салбар хороо томилж, гэрээ байгуулан ажиллуулна.
6.4.Хөлийн цэц дараахь эрхтэй:
6.4.1.бөхийн өмсгөлийн шаардлагыг хангуулах;
6.4.2.энэ дүрмийн 5.3, 5.4-т заасныг зөрчсөн бөх, дүрэмд заасан үүргийг зөрчсөн гарын даа, хаяавч, засуул, тайлбарлагч, эмчид энэ дүрмийн дагуу хариуцлага хүлээлгэх;
6.4.3.ам авах бөх дүрэмд заасан хугацаанд ам авахаар ирээгүй, эсхүл бэлэн биш бол түүнийг 5 минут хүлээж, хугацаа дуусмагц дараагийн бөхөөр ам авхуулах зөвшөөрлийг Ерөнхий цэц Ахлах гарын даад олгох;
6.4.4.хөлийн цэцийн шийдвэр гараагүй байхад малгайгаа авч өмсөх, туг тойрох, эсхүл шийдвэр гарсан үед тахимаа өгөөгүй тохиолдолд учраа бөхөд тахим авалгүйгээр туг тойрохыг зөвшөөрч, тухайн бөхийн бай шагналыг хасах.
6.5.Хөлийн цэц дараахь үүрэгтэй:
6.5.1.энэ дүрмийг чанд сахин биелүүлэх;
6.5.2.үүргээ биелүүлэх, дүрмээ зөрчихгүй байхыг бөх, гарын даа, засуул, тайлбарлагч, эмчээс шаардах;
6.5.3.будилаантай барилдааныг хөлийн цэцийн бүрэлдэхүүнээр шуурхай хэлэлцэн шийдвэрлэж, гарсан шийдвэрийг тухай бүр тайлбарлагчид хэлж, олон түмэнд мэдээлэх;
6.5.4.бөхчүүдийг тогтоосон хугацаанд ам авхуулах;
6.5.5.барилдааны үед гарсан зөрчил, түүнийг шийдвэрлэсэн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлын талаарх саналаа Салбар хороонд албан ёсоор гаргах;
6.5.6.барилдааны үндсэн, дан болон давхар шуудагны барьцтай барилдах, тэгш барьцтай барилдах хугацаанд буюу санаачилга харах 60 минутын хугацаанд хоёр бөхийн идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах зэрэг үйлдлийг харгалзан үзэж идэвх санаачилгагүй барилдсан бөхөд хоёр удаа сануулж, дээрх хугацаа дууссаны дараа хоёр бөх хаялцаагүй бол хоёр бөхийн идэвх санаачилга, барьц барих, хорьж барих, илт хамгаалах үйлдэл, сануулгыг харгалзан үзэж улмаар барилдаанаас хасаж, учраа бөхийг давсанд тооцох эсэхийг бүх цэцүүд зөвлөлдөн олонхын саналаар шийдвэрлэх; (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
6.5.7.Ерөнхий цэц жаяг дэгийн багийн бүрэлдэхүүн дэх эмчийг удирдан ажиллах бөгөөд эмч нь шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлэх, эрүүл мэндийн хувьд барилдах боломжгүй болсон бөхөд магадалгаа олгох, барилдааны талбай, байрны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах.
6.6.Салбар хороо Ерөнхий цэцийн саналыг үндэслэн үүргээ хангалтгүй биелүүлсэн цэцэд ажлын хөлсийг олгохгүй бөгөөд дараахь тохиолдолд цаашид цэцээр ажиллуулахгүй:
6.6.1.аливаа асуудлыг шийдвэрлэхдээ байгууллага, хувийн болон нутаг усны явцуу үзэл гаргах;
6.6.2.асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бөхчүүдийг маргалдуулах, үзэгчдийг чилээх.
6.7.Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааныг үндэсний бөхийн мэргэжлийн тайлбарлагч наадамчид, үзэгчдэд тайлбарлана.
6.8.Тайлбарлагч дараахь эрхтэй:
6.8.1.барилдааны явцад бөх, засуул, үзэгч бөхийн барилдааны дүрэм, ёс жудгийг зөрчсөн тохиолдолд түүнийг засуулах зорилгоор анхааруулах;
6.8.2.зарлаж мэдээлэх зүйл нь албан ёсны бөгөөд хэл найруулгын хувьд зөв байх, тухайн барилдаантай холбоотой хөтөлбөр, лавлагааг шаардах.
6.9.Тайлбарлагч дараахь үүрэгтэй:
6.9.1.энэ дүрмийг судалж, бүрэн мэдлэгтэй болох, сахин биелүүлэх;
6.9.2.радио, телевизийн нэвтрүүлэгчид тавигддаг мэргэжлийн шаардлагыг хангасан байх;
6.9.3.бөхийн нэр алдар, харьяалал, цол, чимэг, амжилт, барилдааны ур чадвар, онцлог, тухайн барилдааны явцад хоёр бөхийн харилцан хийж байгаа мэхийн нэр, хувилбар, даац, үлдэц зэргийг үзэгч, сонсогч олонд үнэн зөв, уран яруу, ойлгомжтой тайлбарлах;
6.9.4.байгууллага, хувь хүнээс ирүүлсэн зарлал, мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлийг үндэслэн зарлах, мэдээлэх;
6.9.5.монгол бөхийн талаарх мэдлэг, нэвтрүүлэгчийн ур чадвараа байнга дээшлүүлэх;
6.9.6.барилдааны явцад холбогдох хууль, дүрэм, журам болон монгол бөхийн ёс жудгийн талаар үзэгч, сонсогчдод товч тодорхой тайлбарлан таниулж байх;
6.9.7.тухайн барилдааны үеэр тайлбарлан таниулах баримт сэлтийг уншин судалж, бэлдсэн байх.
6.10.Тайлбарлагч нь энэ дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн тохиолдолд гарын даа, Ерөнхий цэц түүнд сануулах, тухайн барилдааныг тайлбарлуулахаас татгалзах, ажлын хөлсийг хасах зэрэг хариуцлага хүлээлгэх бөгөөд Салбар хороо дараахь тохиолдолд баяр наадмын бөх тайлбарлагчаар ажиллуулахгүй:
6.10.1.барилдсан хоёр бөхийн хэн давсан нь тодорхойгүй, маргаан шийдвэрлэгдээгүй байхад давсан, унасныг зарлах;
6.10.2.барилдаж буй бөхчүүдэд хандан мэх заах, зөвлөх, тэднийг хувь хүний хувьд доромжилсон, зохисгүй үг, хэллэгээр тодорхойлох;
6.10.3.бөхийн барилдааны маргаанд оролцох;
6.10.4.барилдааны үед улс төр, бизнесийн сурталчилгаа болон барилдаанд хамааралгүй бусад зүйлийг дур мэдэн ярих, мэдээлэх, зарлах;
6.10.5.зохих зөвшөөрөл, эрхгүй хүнд чанга яригчийг шилжүүлэх.
6.11.Засуул нь Үндэсний их баяр наадмаар бөхийн барилдаанд бөхийг засаж, цолыг дуудна.
6.12.Засуул дараахь эрхтэй:
6.12.1.Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд засуулаар ажиллах, цол дуудах;
6.12.2.бөхийн өмсгөл стандартад нийцэж байгаа эсэхийг шалгах, засуулах, шаардлагатай тохиолдолд хөлийн цэцэд мэдүүлж шийдвэрлүүлэх;
6.12.3.дүрмийн шаардлагыг биелүүлээгүй болон өмсгөл нь шаардлага хангаагүй бөхийг засахаас татгалзах;
6.12.4.үүргээ биелүүлээгүй, дүрэм зөрчсөн бөхийн барилдааныг зогсоож, тухайн бөхийг барилдаанаас хасах саналыг хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх.
6.13.Засуул дараахь үүрэгтэй:
6.13.1.энэ дүрмийг судлан мэдэж, дүрмийн шаардлагад нийцүүлэн шударга ажиллах;
6.13.2.бөхийн цолыг энэ дүрмийн дагуу зөв дуудах;
6.13.3.бөхийн мэх, барилдааны ур чадварыг судлан мэдэж, засаж байгаа бөхдөө барилдааны арга мэхийг зааж зөвлөх;
6.13.4.барилдааны явцад анхааралтай байж, зөв шийдвэр гаргах, маргаан гарвал бөхөө төлөөлж хөлийн цэцэд үнэн зөвөөр мэдүүлэх.
6.14.Энэ дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн тохиолдолд засуулд Ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллахгүй байх, ажлын хөлсийг хасах шийтгэл хүлээлгэж, үүргээ удаа дараа, эсхүл дараахь байдлаар ноцтой зөрчвөл Салбар хороо засуулчаар ажиллуулахгүй:
6.14.1.барилдааны явцад бөх тэнцвэр алдах, эсхүл унах үед хүч нэмэн дэмжсэн байдлаар бөхөө түлхэх, алгадах, түших;
6.14.2.хувийн харилцаа, нутаг усны явцуу үзэл, шударга бус хандлага гаргах;
6.14.3.маргаантай барилдааны шийдвэр гараагүй байхад бөхийн малгайг өмсүүлэх;
6.14.4.дүрэм зөрчсөн бөхтэй эвлэрэнгүй хандах;
6.14.5.бөхөд дүрмийн бус шаардлага тавих, бөх болон жаяг дэгийн багийн гишүүд, наадамчидтай зүй бус харьцах;
6.14.6.өөрийн засаагүй бөхийн барилдааны маргаанд хөндлөнгөөс оролцох.
6.15.Баяр наадамд Гарын даа ажиллах бөгөөд ахлагчтай байна. Гарын даагийн ахлагч нь хаяавч, холбогчийг удирдан ажиллана.
6.16.Гарын даа дараахь эрхтэй:
6.16.1.барилдаан товлосон цагаас өмнө бүртгүүлсэн бөхчүүдийн ирцийг хянах;
6.16.2.бөхийн ам авсан байдалд хяналт тавьж, хэрэгжилтийг хангах;
6.16.3.шаардлагатай үед бөхийн цолны үнэмлэхийг үзэж шалгах, зөрчилтэй бол зохих журмын дагуу шийдвэрлүүлэх.
6.17.Гарын даа дараахь үүрэгтэй:
6.17.1.энэ дүрмийг судлан мэдэж, сахин биелүүлэх;
6.17.2.барилдаан товлосон хугацаанаас өмнө ирж, бүртгэлийн дагуу оноолт хийх;
6.17.3.оноолт хийх, ам авхуулахдаа бөхчүүдийн цол, амжилтын эрэмбийг хатуу баримтлах;
6.17.4.Гарын даагийн ахлагч ам авч байгаа бөхөд ам бөхчүүдийн нэр, цолыг тод хэлж танилцуулах;
6.17.5.Ерөнхий цэцийн өгсөн албан ёсны зөвшөөрлийг үндэслэн ам авах хугацаанд ирээгүй бөхийг хүлээхгүйгээр дараагийн бөхөөр ам авхуулж, амлах дарааллаас хоцорч ирсэн бөхийг тухайн үед нь ам авхуулах;
6.17.6.бөхийн оноолт, ам авсан байдлыг бөхийн тайлбарлагч нарт шуурхай хүргэх;
6.17.7.барилдааны дараа зохих баримт бичгийг эмхлэн бүрдүүлж, Салбар хороонд өгөх.
6.18.Энэ дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн тохиолдолд Гарын даа, хаяавчид Ерөнхий цэц сануулах, тухайн барилдаанд ажиллахгүй байх, ажлын хөлсийг хасах шийтгэл хүлээлгэж, үүргээ удаа дараа, эсхүл дараахь байдлаар ноцтой зөрчвөл Салбар хороо Гарын даагаар ажиллуулахгүй:
6.18.1.бөхийн цол, эрэмбийг санаатай зөрчиж оноолт хийсэн;
6.18.2.ам авахаар нэр сонсож буй бөхөд ам бөхчүүдийн нэрийг бүрэн сонсгохгүй, санаатай нуун дарагдуулах, ам авч байгаа бөхөд зөвлөх нэрээр хэн нэгнийг амлуулахаар албадах, ятгах, бөхийн барилдааны маргаанд оролцох, давсан унасан бөхийг буруу тэмдэглэх, давсан бөхийн нэрийг санаатай нуун дарагдуулсан.
Долоо.Бөхөд цол, чимэг олгох
7.1.Улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд таваас дээш давж шөвгөрсөн бөхчүүдэд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан цолыг олгоно.
7.2.Улсын баяр наадамд шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн улсын цолтой бөхөд дараахь чимгийг дэс дарааллаар олгоно:
7.2.1.тав давсан бөхөд өсөх идэр, улам нэмэх, хурц шаламгай, уран мэхт, өрнөн дэлгэрэх, улам өрнөх, цог нэмэх, идэр шаламгай, хурдан гарамгай;
7.2.2.зургаа давсан бөхөд үнэн зоригт, цогт гарамгай, үлэмж дэлгэрэх, үнэн итгэлт, саруул шаламгай, өнөд амгалант, чин хүчит, идэвхит итгэлт, бат ерөөлт;
7.2.3.долоо давсан бөхөд саруул сайжрах, хууринан шуугигч, өлзий бадрах, үлэмж хичээнгүй, онц бярдагч, бат нягт, чин зоригт, бахдам гарамгай, хичээнгүй нягт;
7.2.4.найм давсан бөхөд үлэмж бадрах, бууршгүй хүчит, тод сонин, баатар зоригт, бат өлзийт, тонж гарамгай, нэн дуурсгалт, харилтгүй жавхлант, хэтэрхий хурц, өнөд түвшин;
7.2.5.ес давсан бөхөд баяр наадмын манлай, түмнээс төгөлдөр, улс даяар гайхамшигт, тод сонин үзэсгэлэнт, олныг баясуулагч, бүхнээ дуурсгалт, үнэхээр бишрэлт, өнөд баясгалант, уламжлан дуурсах;
7.2.6.арав давсан бөхөд хотлоорыг баясуулагч, харилтгүй үзэсгэлэнт, үлэмж хэтэрхий, тонж гарамгай жавхлант, аугаа хүчит, бүхнээ сонсголонт.
7.3.Аймгийн баяр наадамд шөвгөрсөн, үзүүрлэсэн, түрүүлсэн аймаг, цэргийн цолтой бөхөд дараахь чимгийг олгоно:
7.3.1.тав давсан бөхөд өсөх, өрнөх, өлзийт, нэмэх, зоригт, шаламгай;
7.3.2.зургаа давсан бөхөд цогт, хичээнгүй, хүчит, идэвхит, гарамгай, сайжрах, нягт, баясгалант;
7.3.3.долоо давсан, эсхүл долоо даван түрүүлсэн бөхөд хурц, бадрангуй, хичээлт, итгэлт, ерөөлт, харилтгүй, дуурсгалт, сонсголонт, бишрэлт, жавхлант.
7.4.Сумын баяр наадамд үзүүрлэсэн, түрүүлсэн бөхөд чимэг олгохгүй.
Найм.Хүүхдийн барилдаан
8.1.Улсын баяр наадмаар 16 хүртэлх насны хүүхдийн барилдааныг зохион байгуулж болно.
8.2.Хүүхдийн барилдааныг энэ дүрмийг баримтлан зохион байгуулах бөгөөд түрүүлсэн хүүхдэд улсын шонхор, үзүүрлэсэн хүүхдэд улсын шандас цол олгоно.
8.3.Аймгийн баяр наадмаар 16 хүртэлх насны хүүхдийн барилдааныг зохион байгуулж болох бөгөөд түрүүлсэн хүүхдэд аймгийн шонхор, үзүүрлэсэн хүүхдэд аймгийн шандас цол олгоно.
8.4.Сумын баяр наадмаар 16 хүртэлх насны хүүхдийн барилдааныг зохион байгуулж болох бөгөөд түрүүлсэн хүүхдэд сумын шонхор, үзүүрлэсэн хүүхдэд сумын шандас цол олгоно.
8.5.Баяр наадмын хүүхдийн барилдааны бүртгэлийг бөхийн барилдаан эхлэхээс дөрөв хоногийн өмнө тогтоосон цагт эхлүүлж, барилдаан эхлэхээс хоёр хоногийн өмнө дуусгана.
Ес.Бөхөд хүлээлгэх хариуцлага
9.1.Хөлийн цэц тахим өгөлцөх, авалцах үедээ бие биенээ цохисон, нударсан тохиолдолд учраа бөхтэйгөө гар бариагүй, эсхүл дүрмийн дагуу дахин тахим өгөлцөж, авалцаагүй, үзэгчдэд хандаж мэхийн уучлал гуйгаагүй тохиолдолд тухайн бөхийн давааны бай шагналыг хасна.
9.2.Хөлийн цэц дараахь тохиолдолд бөхийг барилдаанаас хасаж, учраа бөхийг давсанд тооцсон шийдвэр гаргана:
9.2.1.энэ дүрмийн 5.3, 5.4-т заасан хориотой буюу гэмтээх барьц барьсан нь учраа бөхдөө гэмтэл учруулаагүй бол уг бөхөд сануулга өгөх бөгөөд сануулснаас хойш хоёр дахь удаагаа зөрчих, нэг дор хоёр зөрчлийг зэрэг гаргасан;
9.2.2.ам авсан бөх амаа солих, өөрөөсөө хойно эрэмбэтэй бөхийг өмнө ам авахыг зөвшөөрөх болон албадах, эсхүл амлан авах бөхийг нэр заан бусад бөхөд тулгасан;
9.2.3.хөлийн цэц, засуулаас дүрмийн дагуу тавьсан шаардлага, гаргасан шийдвэрийг биелүүлэхгүй байх, эсэргүүцэж маргах, олон нийтийн өмнө ёс жудаггүй зан авир гаргасан;
9.2.4.бөхийн өмсгөлийн стандартын шаардлагыг зөрчих, эсхүл элэг бүсээ хэт чанга, хэт сул болон гүйж саарах, алдуурч сулрахаар уясныг засуулах шаардлагыг биелүүлэхгүй байсан;
9.2.5.энэ дүрмийн 4.9, 4.10, 4.12, 4.14-т заасан хугацаанд санаачилгагүй барилдсан хоёр бөхийн барилдааны нийт хугацаа дуусахад хөлийн цэцүүд хэлэлцээд, санаачилга харах хугацаанд идэвх санаачилга болон барьц барих, хорьж барих, илт хамгаалах зэрэг хөдөлгөөний үйлдлийг харгалзан идэвх санаачилгагүй барилдсан бөхөд хоёр удаа сануулж, улмаар барилдаанаас хасаж, учраа бөхийг давсанд тооцно. (Энэ дэд заалтыг Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан)
9.3.Салбар хороо доор дурдсан тохиолдолд дараахь шийдвэрийг гаргаж, тухайн бөхөд хариуцлага хүлээлгэнэ:
9.3.1.хөлийн цэцийн шийдвэр гараагүй байхад засуулын гараас малгайгаа авах, туг тойрох зэргээр дүрмийн бус үйлдэл хийсэн бөхийн учраа бөхийг давсанд тооцож, зөрчил гаргасан бөхийн давааны бай шагналыг хасах шийдвэрийг хөлийн цэцийн саналыг үндэслэн гаргах;
9.3.2.хөлийн цэц болон засуулаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй удаа дараа хориотой болон буруу, гэмтээх барьц барих, эсхүл гэмтээх хөдөлгөөн хийх үйлдэл гаргасан бөхийг барилдаанаас хасах;
9.3.3.наадамчин олон, баяр наадмыг үл хүндэтгэх, төрийн ёслол, зан уламжлалыг зөрчсөн үйлдэл хийсэн, учраа бөхөө санаатай гэмтээх тохиолдолд тухайн бөхийн барилдах эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах;
9.3.4.хүч үзэн барилдалгүй бууж өгсөн, буулгасан тохиолдолд хөлийн цэцийн саналыг үндэслэн хоёр бөхийн тухайн барилдааны бай шагналыг олгохгүй бөгөөд баяр наадамд барилдах эрхийг нэг удаа түдгэлзүүлэх;
9.3.5.допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон бол тухайн бөхийн баяр наадамд давсан давааг хүчингүй болгож, шинээр олгосон цолыг хураах, цол, чимэг авах даваанд уг бөхөд унасан бөхийг тухайн даваанд давснаар тооцож, зохих цол, чимгийг олгуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлэх;
9.3.6.олон улсын эрх бүхий байгууллагаас гаргасан допингийн жагсаалтад орсон хориотой эм, бэлдмэл, бодис хэрэглэсэн нь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тохиолдолд Үндэсний их баяр наадмын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу хариуцлага оногдуулах.
Арав.Бусад зүйл
10.1.Бөхийн барилдаан зохион байгуулахтай холбогдон гарсан маргааныг Хөлийн цэцийн шийдвэрийг үндэслэн Салбар хороо шийдвэрлэнэ. Салбар хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд хандан эцэслэн шийдвэрлүүлнэ. (Энэ дэд заалтад Засгийн газрын 2023 оны 254 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)
10.2.Дүрэм зөрчсөн, үүргээ биелүүлээгүй бөх, засуул, цэц, гарын даа, тайлбарлагчид хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг Салбар хороо барилдаан дууссанаас хойш 21 хоногийн дотор хуралдаж шийдвэрлэнэ.
10.3.Баяр наадмаар ажилласан жаяг дэгийн багийн гишүүдэд ажлын хөлс, барилдсан бөхчүүдэд бай шагналыг холбогдох журмын дагуу олгоно.
—o0o—