Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын төлөөх Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нью Майнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан түрүүлж, анх удаагаа Ерөнхийлөгчийн цомыг гардсан бол Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Монтед” констракшн, “Өнө мөнх хөгжил Констракшн” ХХК, “Валькан” групп, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Нью Прогресс ХХК, Хос Алтайн Хүчтэн ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Булган Өгөөж” ХХК, “Валькн групп”, “Нэгдэл” клуб, “Ховд” дэвжээний бөх, улсын харцага Г.Ганхуяг нар шалгарлаа.
Наймд улсын заан Н.Жаргалбаяр, улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Н.Золбоо, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар үлдэв.
Дараагийн барилдаан 2024 оны 01-р сарын 06-ны өдөр Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
Монгол түмэндээ 2024 ондоо аз жаргал, амжилт бүтээл дүүрэн эрүүл энх, саруул сайхан байхын ерөөл өргөн дэвшүүлье. Та бүхэн сайхан баярлаарай.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО