Сээрэн дунгуй мэх гэдэг нь сэнжигний барьцнаас барьж халах зуураа өрсөлдөгчийнхөө болон өөрийнхөө барьсан гарын тохой доогуур шургаж сул чөлөөтэй гараараа өвдөгний дээд талаар хөшиж цээжээрээ эргэж учраагаа эргэлдүүлэн хөмөрч унагахыг хэлдэг. Сэнжигний барьцнаас асар хурдтай хийгддэг болохоор хурц шалмаг хөдөлгөөн шаардсан мэх бөгөөд самбаатай, хурдан хөдөлгөөнтэй хүн хийхэд их тохиромжтой, учраа бөхөө найдвартай унагаадаг уран мэхэнд тооцогддог байна. Сээрэн дунгуй нь өмсөх мэхийн уран хэлбэр тул энэ мэхийг өрсөлдөгч бөхөөсөө намхан хүн бариа зөрөөн дээр хийхэд тун тохиромжтой, хийгдэх агшин нь ч даацтай гайхалтай уран цогтой харагдуулдаг. Энэ мэхийг дутуу хийсэн ч залгуулаад хөлийг нь хамж, сээрэн дунгуй хийдэг бөхийн толгойг нь барьцтай гарын доогуур шургуулахгүй байх, эсвэл барьцыг нь өгөхгүйгээр хүчлэн барих хамгаалалт болдог байна.
Монгол улсын соёлын гаьяат зүтгэлтэн, улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид :
“Сээрэн дунгуй бол миний жинхэнэ дархан мэх, хийхэд хэцүү, биеэр үзүүлэхгүй бол амаар яриад нэмэргүй л дээ. Энэ мэхийг хийхэд хэр баргийн хүн тогтдоггүй, ямар ч хариулт байхгүй. Гурван хөдөлгөөн зэрэг хийгддэг мэх. Баруун талынх нь суганд толгойгоо хийгээд цочингуут нь баруун хөлийг нь аваад, зүүн гараараа сэнжигнээс нь татаж, эргэх гэсэн гурван хөдөлгөөн зэрэг хийдэг. Мөн зүүн талаараа ч хийж болно. Хүний суган доогуур толгойгоо хийхэд заавал цочдог. Цочоод сугаараа толгой хавчингуут нь хөлийг нь аваад ганцхан эргээд татчихдаг. Тэгэхэд хүний дор унана гэж байхгүй заавал дээр нь унадаг. Уг нь чөлөөт бөх, жүдогийнийн тамирчид энэ мэхийг сайн сурвал учраа болгоноо цэвэр тавих боломжтой сайн мэх. Барилдаж байгаа хүн гурваас доошгүй угсраа мэхтэй байх ёстой” хэмээн сургаж үлдээжээ.
Сээрэн дунгуй хийх мэхийг чадмаг эзэмшсэн бөхчүүдийн гол төлөөлөл гэвэл :
-Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу одоогийн Булган аймгийн Сайхан сумын харьяат тэнхээ ихт, даншиг их наадмын начин Пүрэв даамай сайн хийдэг байжээ. Мөн аймгийн Сэлэнгэ сумын харьяат 1925 оны улсын заан М.Гонжоон тохой доогуур босоодуу шургаж энэ мэхийг гаргууд хийдэг байсан. Ховд аймгийн Буянт сумын харьяат уран шалмаг барилдаантай, овсгоо самбааны эзэн 1940 оны улсын арслан Ш.Ванчинхүү, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат уран хурц барилдаанч, угсраа олон мэхний ур чадварын эзэн, үндэсний бөхийн нэрт тайлбарлагч, МУСГЗ, 1954 оны улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид энэ мэхээр монгол түмэндээ алдаршсан нэгэн. Завхан аймгийн Их-Уул сумын харьяат 1960 оны улсын начин Ц.Гомбо мөн гаргуун эзэмшсэн. Булан аймгийн Сайхан сумын харьяат, МУХБ, МУГТ, 2017 оны улсын заан Н.Түвшинбаяр их спортод адил хувилбараар хийж, алдар цуут амжилтынхаа эзэн болсон түүхтэй. Орчин үеийн үндэсний бөхийн барилдаанд залуу бөхчүүд, сум, аймаг, цэрэг, улсын цолтой бөхчүүд энэ мэхийг тэр болгон сайн эзэмшээгүй төрөл бүрийн барилдаан, улсын баяр наадамд ч хийгдэхгүй, ховор мэх хэвээр байна.
Сээрэн дунгуй хийх мэхийг их спортоор хичээллэж буй хүүхэд, залуучууд маш сайн эзэмших хэрэгтэй юм шүү.
Г.Төгсхуяг