Монгол Үндэсний Бөхийн Ёс Уламжлалыг Дагаж Мөрдөх Журам

МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2023 оны гуравдугаар сарын 19-ний

өдрийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулан батлав/

 

МОНГОЛ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ЁС УЛАМЖЛАЛЫГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ

 

Монгол түмний уламжлалт дэлгэр дүүрэн эрийн гурван наадмын манлай нь хүчит бөхийн барилдаан юм. Монгол үндэсний бөхөөр хичээллэж байгаа хүүхэд залуучууд мөн  үндэсний бөхийн цол, жаяг дэгийн зэрэг цол  авсан бүх бөхчүүд, жаяг дэгийн багийн гишүүд  энэхүү дагаж мөрдөх журмыг баримтална.

Нэгдүгээр бүлэг. Бөх болон жаяг дэгийн гишүүдийн ёс уламжлал

Монгол үндэсний бөхөөр хичээллэж байгаа Хүүхэд залуучууд, барилдаж байгаа Идэр бөхчүүд, Ахмад бөх, жаяг дэгийн багийн гишүүд болох Хөлийн цэц, Тайлбарлагч, Гарын даа, Засуулууд олон зуунаас өвлөгдөн ирсэн монгол бөхийнхөө  жаяг, дэг  ёсыг сайтар баримтлах ба  бусдад үлгэрлэн зааварлаж байна.  Монгол бөхийн  жаяг, дэг  ёс нь:

  • Бөх, жаяг дэгийн гишүүдийн өвлөгдөн ирсэн ёс дэг
  • Бөхийн барилдаан болон барилдааны үе дэх ёс уламжлалууд
  • Бөх, жаяг дэгийн гишүүдийн хувцас хэрэглэлээ өмсөх ёс дэг
  • Бөх, жаяг дэгийн гишүүдийн биеэ авч явах ёс уламжлал
  • Бөх, жаяг дэгийн гишүүдийн бусадтай харьцах ёс дэг
  • Бөх, жаяг дэгийн гишүүд монгол үндэсний бөхөө хойч үедээ уламжлуулан үлдээх ёс дэг

Хоёрдугаар бүлэг. Бөхийг оноох, амлах ёсон

2.1. Аливаа бөхчилсөн барилдааны 1, 2, 4-ийн даваанд цол, амжилтын эрэмбийн дагуу хийсэн оноолтоор барилдах ба бусад даваанд цол, амжилтын эрэмбээр угтуул бөх нэр сонсон, ам авч барилдана.

2.2. Ижил цолтой бөхчүүдээс тухайн давааг олон давсан нь эхэлж амлах ба энэ нөхцөл тэнцвэл дүү давааг олон давсан нь түрүүлж амлана. Энэ жишгээр начин цолны босго даваа хүртэл тооцоход амжилт нь адил байвал түрүүлж одоогийн цолоо хүртсэн нь амлана. Энэ нөхцөл тэнцүү бол дүү цолуудыг хүртсэн хугацааг дэс дараалан харгалзана.

2.3. Нэг өдөр, адил даваагаар ижил цол авсан бөхчүүдээс өмнөх цолоо түрүүлж авсан нь эхэлж амлана. Энэ нөхцөл тэнцэх буюу өмнө нь цолгүй байсан бол оноолтод бичигдсэн дарааллаараа эхэлж ам авна. Энэ аргачлалаар эрэмбийг тогтоох боломжгүй бол шодож, дарааллыг тогтооно.

2.4. Бөх сондгойрвол хамгийн ахлах цол эрэмбэтой бөхөөс эхлэн гоц мөргүүлнэ.

2.5. Бөхчлөхөөс бусад хэлбэрийн барилдаанд тухайн барилдааныг явуулах зааврын дагуу оноолт хийнэ.

Гуравдугаар бүлэг. Бөхийн гараа

3.1. Бөх цол, амжилтын эрэмбэ болон оноолт амлалтын дарааллаар асраас гарч өрж зогсон, гуяа гурав алгадан ёс үйлдээд засуул руугаа дэвж очно. Зүүн талын магнайд хамгийн ахлах цол, эрэмбэтэй бөх, барууны магнайд удаах цол, эрэмбэтэй бөх гарах ба бусад бөх цол, амжилтынхаа эрэмбээр зүүн баруун жигүүрт солбин гарна. Ам бөхчүүд угтуул бөхчүүдийн араас аманд очих дарааллаараа гарна.

3.3. Зүүн талд гарсан бөх засуулынхаа зүүн мөрөн дээр, баруун талд гарсан бөх засуулынхаа баруун мөрөн дээр дарж, мөр солихгүйгээр засуулаа хагас тойрон өөрийн сүр жавхланг үзүүлэн халин дэлнэ.

3.4. Засуул нь бөхийн малгайг магнайн талаас нь хүндэтгэлтэйгээр аван, “тэр бөх хэний хэн бэ” гээд өөрийн бөхийн нэр, алдар цолыг уянгалуулан дуудаж бөхөө тавихад бөх туг, сүлд, индрийн зүг дэвж очин шаваад ахлах цол, эрэмбэтэй бөхийн сонгосон талбайд барилдахаар очно.

Дөрөвдүгээр бүлэг. Бөхийг цоллох ёсон

4.1. Наадмын барилдааны гурав, тав, долоогийн даваанд зүүн, баруун талын тэргүүн болон дагавар магнайн бөхчүүдийн цолыг тогтсон уламжлал, баталсан зааврын дагуу нийтлэг гуншин тухайн бөхийн өөрийн нь цол, чимгийг хэлж дуудна. Наадмаас бусад барилдааны гурвын даваанд цол дуудаж болно.

4.2. Нийтлэг гуншин нь “Манлайлан дэвэгч, мандан бадрах, маш гайхамшигт, өргөн их цолоо дуудуулагч, өнө удаан жилийн баясгалант, олон түмэн ардынхаа дундаас онцгойрон шалгарч, шандас шөрмөс, хүч чадал  бүрдэн төрсөн, цог залийг бадруулагч, энэ их баяр цэнгэлийн түгээмэл жавхланг бүрдүүлсэн” болно.

4.3. Цолоо дуудуулж буй магнайн бөхийг дэлэхээс урьтан аль ч талын бөх дэлэхгүй бөгөөд ам бөхийн нэрийг дуудах үед амласан амлуулсан хоёр бөхөөс бусад бөх дэлэлтээ түр зогсооно.

4.4. Хоёр тал цоллож дуусмагц бөхөө тавих бөгөөд засуул нь бөхийнхөө хойноос цол чимгийг шогшоо дуудлагаар дуудан дагаж явна.

4.5. Аливаа наадам, барилдааны түрүү үзүүрийн хоёр бөхийг барилдахаар гарахад хоёр талын бүх засуул магнайн засуулын араас ханаран хагас суусан байдалтай үлдэж, хүндэтгэл үйлдэнэ.

Тавдугаар бүлэг. Барилдааны дараах ёсон

5.1. Давсан бөх давснаа илэрхийлэн сүлд, туг, индэрийн зүг дэвж ёслол үйлдээд нар зөв эргэн ирнэ.

5.2. Унасан бөх элэг бүсээ тайлан унаснаа зөвшөөрч дүү цол, эрэмбэтэй бөх нь уламжлалын дагуу ахлах цол, эрэмбэтэй бөхийнхөө баруун суган доогуур бөхийсхийн нар зөв тойрон гарч хоёр бөх тахим өгөх авах ёслолыг хүндэтгэлтэйгээр үйлдэнэ. Залуу бөхчүүдийн унасан нь давсныхаа баруун суган доогуур дээрхийн адил тойрч тахим өгнө.

5.3. Засуул давсан бөхийн малгайг магнайн талаас нь хүндэтгэлтэй өмсгөн бөхийнхөө цол, чимэг, нэрийг дуудан, давсныг үзэгчдэд дуулдахаар хэлэхэд бөх сүлд, тугийг нар зөв тойрон дэвж, өмнө нь ирээд нар зөв эргэн өөрийн талын асар /суудал/-т элэг бүсээ тайлахгүйгээр гүйж очно.

5.4. Тахим өгч авсны дараа унасан бөхийн малгайг засуул гарт  нь өгнө.

5.5. Тухайн даваанд гоц мөргөсөн бөх засуул дээрээс гарч давсан бөхийн ёслол үйлдэнэ.

Зургаадугаар бүлэг. Бөхийн зодог тайлах ёсон

6.1. Монгол үндэсний бөхийн зодог тайлах ёслол нь үндэсний бөхийн уламжлагдан ирсэн зан үйлийн нэг юм.

6.2. Зодог тайлж байгаа бөх өөрийн үр хүүхэд, ах дүүс, төрөл төрөгсөд, шавь нартаа өөрийн өмсөж хэрэглэж байсан зодгийг өгөх аль эсвэл бөхийн зүлэг ногоон дэвжээндээ хүндэтгэл үзүүлэн зодгоо тайлж болно.

6.3. “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д улсын дархан аварга цолтой бөх зодог тайлах ёс үйлдлийг улсын баяр наадамд үйлдэж болно гэж хууьчилсаны дагуу зодог тайлах ёслолыг үйлдэж болно.

6.4. Сум, аймаг, улсын цолтой бөх зодог тайлах ёслолыг Төрийн их баяр наадмаас бусад бөхийн барилдаан дээр үйлдэж болно.

6.5. Зодог тайлсан бөх үндэсний бөхийн аливаа хэлбэрийн барилдаанд дахиж барилдахгүй байна.

Долдугаар бүлэг. Бусад зүйл

7.1. Монгол үндэсний бөхөөр хичээллэж байгаа хүүхэд залуучууд, барилдаж байгаа  бөхчүүд, ахмад бөх, жаяг дэгийн багийн зэрэг цолтой гишүүд бүр Энэхүү монгол бөхийнхөө  жаяг, дэг  ёсыг  баримтлах дүрэм журмыг даган ажиллана.