МҮБХ-ны Ёс Зүй, Сахилга Хариуцлагын Зөвлөлийн Хурлын Дэг

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн 2023 оны
05-р сарын  11-ны өдрийн 2-р хурлаар батлав.

 

МҮБХ-НЫ ЁС ЗҮЙ, САХИЛГА ХАРИУЦЛАГЫН

ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ДЭГ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/-ийн хурал /цаашид “Хурал” гэх/-ын дэгийн зорилго нь зөвлөлийн хурлыг зохион байгуулах, хурлаар асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах, шийдвэрийг албажуулах, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Зөвлөлийн хурлыг энэхүү дэгийг баримтлан явуулна.

1.3. Хурал нь хууль дээдлэх, шударга ёсыг эрхэмлэх, бие даасан, хараат бус байх, цөөнхийн саналыг хүндэтгэх, олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэх, хэлэлцэх асуудал, хуралдаанаас гарсан шийдвэр ил тод байх зарчмыг баримтална.

Хоёр. Хурлын бэлтгэл, тов тогтоох

2.1. Хурлын бэлтгэл, зохион байгуулалт, хуралд оролцуулах шаардлагатай этгээдийг бэлэн байлгах зэрэг асуудлыг МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ажлын алба хариуцна.

2.2. Хурлаар хэлэлцэх асуудлыг Зөвлөлийн дарга төлөвлөж оруулна.

2.3. МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ажлын алба нь энэхүү дэгийн 2.2-т заасан асуудалд холбогдох мэдээлэл, материал, танилцуулгыг боловсруулах бөгөөд ээлжит хурал болохоос 7-оос багагүй өдрийн өмнө, ээлжит бус хурал болохоос 1-5 өдрийн өмнө зөвлөлийн гишүүдэд цаасаар, эсвэл цахимаар хүргүүлсэн байна.

2.4. Зөвлөлийн хурал нь ээлжит болон ээлжит бус байна.

2.5. Ээлжит хурал нь улиралд 1 удаа хуралдах бол цаг үеийн нөхцөл байдал, хэлэлцэх асуудлаас шалтгаалж Зөвлөл ээлжит бусаар хуралдаж болно. Ээлжит бус хурал хуралдуулах шийдвэрийг Зөвлөлийн дарга, эсвэл Зөвлөлийн гишүүдийн 1/3-ээс доошгүй гишүүний саналаар гаргана.

2.6. Ээлжит болон ээлжит бус хурал хийх товыг Зөвлөлийн дарга Зөвлөлийн гишүүдийн саналыг харгалзан тогтооно.

Гурав. Хурал

3.1.Хуралд Зөвлөлийн дарга, гишүүдийн 7-оос доошгүй нь хүрэлцэн ирэх буюу оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно.

3.2. Хурал нь танхимаар, цахимаар, эсвэл танхим-цахим хосолсон хэлбэрээр хуралдаж болно.

3.3. Хурлыг Зөвлөлийн дарга даргалах бөгөөд түүний эзгүйд танхимд ирсэн гишүүдийн хамгийн ахмад нь даргална. Хурал бүтэн цахимаар явагдах тохиолдолд мөн адил зарчмыг баримтална.

3.4. Зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаантайгаас бусад тохиолдолд хуралд оролцох үүрэгтэй.

3.5. Хурал нь дараах дараалал, журмын дагуу явагдана.

3.5.1. Хурал даргалагч хэлэлцэх асуудал, дарааллыг гишүүд зөвшөөрч байгаа эсэх, хэлэлцэх асуудалтай холбогдуулан хуралдаанаар нэмж хэлэлцүүлэх шаардлагатай асуудал бий эсэхийг лавласны үндсэн дээр хэлэлцэх асуудлыг тогтооно. Хуралд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх асуудлын дарааллыг өөрчилж болно.

3.5.2. Тодорхой асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэн буцаах, тодорхой хугацаа тогтоон дахин боловсруулж, хуралд оруулахаар хойшлуулж болно.

3.5.3. Хурлаар хэлэлцүүлж буй асуудлаар МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ажлын алба танилцуулга хийсний дараа хурал даргалагчийн зөвшөөрснөөр гишүүд асуулт асууж, хариулт авна. Асуултын хугацаа 3 минутаас ихгүй, хариултын хугацаа 5 минутаас ихгүй байна. Тодотгосон нэмэлт асуулт, хариулт нь 2 минутаас ихгүй байна.

3.5.4. Асуулт, хариулт дууссаны дараа гишүүд 1 удаа саналаа хэлнэ. Санал хэлэх хугацаа таван минутаас ихгүй байна.

3.5.5. Санал хэлж дууссаны дараа хурал даргалагч хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулна. Санал хураалтыг илээр явуулах бөгөөд гишүүд “зөвшөөрсөн”, “татгалзсан”, эсхүл “түтгэлзсэн” саналын аль нэгийг өгч, ердийн олонхийн саналаар шийдвэр гарна.

3.5.6. Санал тэнцсэн тохиолдолд зөвшөөрсөн санал өгсөн нэг, татгалзсан санал өгсөн нэг гишүүн тус тусын үндэслэлээ тайлбарласны дараа дахин санал хураалт явуулж олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ. Дахин  санал хураалт явуулаад мөн санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагчийн санал эцсийн шийд болно.

3.5.7. Санал хураалтыг тухайн асуудал хэлэлцэж дууссан тухай бүрт явуулж, шийдвэр гаргаснаар дараагийн асуудлыг дэгийн дагуу хэлэлцэж эхэлнэ.

3.5.8. Хурлаар хэлэлцэх асуудал нь аль нэг гишүүнд ашиг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй тохиолдолд энэ талаараа урьдчилан мэдэгдэнэ. Хуралд оролцож байгаа зөвлөлийн бусад гишүүд тухайн гишүүнийг уг асуудлыг хэлэлцэхэд оролцуулах эсэх дээр санал хураана. Санал хураалтын дүнг энэхүү дэгийн 3.5.5, 3.5.6-д заасан зарчмаар гаргана.

3.6. Хурлаар хэлэлцсэн асуудлаар гаргах шийдвэр нь МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн тогтоол /цаашид “тогтоол” гэх/ хэлбэртэй байна. Хуралд танилцуулсан асуудлаар даалгавар, үүрэг, чиглэл өгөх тэмдэглэл гаргаж болно.

3.7. Хурлаас тогтоол баталж гаргахаар шийдвэрлэсэн бол хурал даргалагч тогтоолын төсөл уншиж сонсгон тогтоолын төслийн эцсийн найруулгыг санал хураалтаар батална.

Дөрөв. Хурлын тэмдэглэл

4.1. Хурал бүрийн тэмдэглэлийг МҮБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, ажлын алба хөтлөх бөгөөд дараах зүйлийг тусгана:

4.1.1. Хурал эхэлсэн, завсарласан, дууссан он, сар, өдөр, цаг, минут;

4.1.2. Ирцийн байдал /тоо, хувиар/, хуралд оролцоогүй гишүүний нэр, шалтгаан, хуралд хоцорч ирсэн, хуралдааны дундуур чөлөө авсан гишүүний нэр, цаг, минут;

4.1.3. Хурлаар асуудал хэлэлцэхэд оролцсон, байлцсан хүмүүсийн албан тушаал, нэр;

4.1.4. Хэлэлцсэн асуудал

4.1.5. Гишүүдээс тавьсан асуулт, түүний хариулт, гишүүдээс гаргасан санал, шүүмж, хэлсэн үгийн товч утга;

4.1.6. Санал хураалтын дүн;

4.1.7. Гарсан шийдвэрийн агуулга;

4.1.8. Гишүүдийн тусгайлан тэмдэглүүлэхээр хэлсэн үг болон өөрөө бичиж өгсөн санал;

4.1.9. Бусад.

4.2. Хурлын тэмдэглэлийг нийтэд танилцуулахгүй, хэвлэн нийтлэхгүй бөгөөд МҮБХ архивлан хадгална.

Тав. Хурлын шийдвэр, тэмдэглэлийг албажуулах

5.1. Хурлаар баталсан тогтоолыг ажлын хоёр өдөрт багтаан албажуулна. Тогтоолын төсөлд хурал даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.

5.2. Тухайн асуудлаар хурал даргалагч өөр саналтай байсан ч олонхиор шийдсэн асуудалд гарын үсэг зурах үүрэгтэй.

5.3. Хурлаас гарсан шийдвэрт хуралдаан болсноос хойш засвар өөрчлөлт оруулахыг хориглоно. Техникийн шинжтэй засвар, өөрчлөлт оруулсан тохиолдолд гишүүдэд танилцуулна.

5.4. Хурлын тэмдэглэлийг хурал болсон өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор төсөл байдлаар гаргаж хуралд оролцсон гишүүдэд танилцуулсны дараа ажлын 3 өдрийн дотор бичгээр нэг хувь үйлдэн хурал даргалагч гарын үсэг зурж албажуулна.

Зургаа. Бусад

6.1. Хурлаас гарсан шийдвэрийн талаар МҮБХ-ны цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

6.2. Хуралд оролцогч нь даргалагчийн зөвшөөрснөөс бусад тохиолдолд гар утас, дуу, дүрсний төхөөрөмж ашиглан хурлын явцыг баримтжуулах, бичлэг хийх, хуралд гишүүдээс гарсан санал, байр суурь зэргийг бусдад задруулахыг хориглоно.

6.3. Хурлаар хэлэлцсэн асуудлын тойм, гишүүдийн хуралд оролцсон ирцийн байдал, хурлаас гарсан шийдвэр, өгсөн үүрэг даалгавар, тэдгээрийн биелэлтийн судалгааг ажлын алба хагас, бүтэн жилээр нэгтгэн гаргаж, хуралд танилцуулна.