/МҮБХ-ны Тэргүүлэгчдийн 2023 оны гуравдугаар сарын 19-ний
өдрийн хурлаар нэмэлт өөрчлөлт оруулан батлав/
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООНЫ ЖАЯГ ДЭГИЙН БАГИЙН ГИШҮҮДИЙН ДАГАЖ МӨРДӨХ ЖУРАМ
Монгол түмний олон зуунаас уламжлан эрийн гурван наадмын нэг нь хүчит бөхийн барилдаан юм. Бөхийн барилдааныг шат шатны үндэсний бөхийн холбоо /ҮБХ/-ноос томилсон жаяг дэгийн баг хариуцан явуулах бөгөөд жаяг дэгийн баг нь хөлийн цэц /Ерөнхий цэц, цэцүүд/, гарын даа, засуул, тайлбарлагч, эмч, хаяавч, зохион байгуулагчаас бүрдэнэ. Жаяг дэгийн багийг Ерөнхий цэц удирдан ажиллана. Уламжлал, ёс горим, дүрмээ судлан мэдэх, чандлан биелүүлэх нь үндэсний бөхийн холбоод, бөх, жаяг дэгийн багийн үүрэг мөн.
Нэгдүгээр бүлэг. Жаяг дэгийн баг
1.1. Жаяг дэгийн баг нь хөлийн цэц гарын даа, засуул, тайлбарлагч, эмч, хаяавч, зохион байгуулагчдаас бүрдэх бөгөөд бөхийн барилдааныг зөв, шударга, түргэн шуурхай, үзэгч олон түмний сэтгэлд нийцтэй байхаар зохион байгуулна. Бөхийн барилдааны гол зохион байгуулалтыг жаяг дэгийн багийн гишүүд хийж ажиллах бөгөөд барилдаан хэрхэн болох нь жаяг дэгийн багийн гишүүдээс шууд хамааралтай.
Хоёрдугаар бүлэг. Хөлийн цэц
Хөлийн цэц нь Улсын ахлах цэц, Улсын цэц, Улсын дэд цэц, Аймгийн ахлах цэц, Аймгийн цэц, Аймгийн дэд цэц, Сумын цэц гэсэн зэрэг дэвтэй байна. Цэцийн зэрэг цолыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар баталсан журамд заасан шаардлагуудыг хангасан цэцүүдэд олгоно.
2.1. Хөлийн цэцээр цэгц шударга шаардлагатай, хурц хараа, шалмаг хөдөлгөөнтэй бөхчүүд, дээрх шаардлагыг хангасан жаяг дэгийн багийн гишүүдээс улс, аймаг, сумын наадам болон бусад барилдаануудад томилон ажиллуулна.
2.2. Хөлийн цэц нь улсын ахлах хөлийн цэц, улсын хөлийн цэц, улсын дэд хөлийн цэц, аймгийн ахлах хөлийн цэц, аймгийн хөлийн цэц, аймгийн дэд хөлийн цэц, сумын хөлийн цэц гэсэн зэрэг дэвтэй байна.
2.3. Хөлийн цэцийн эрх
Хөлийн цэц нь дараах эрх эдэлнэ.
а) бөхийн өмсгөлийн шаардлагыг хангуулах,
б) цээрээ зөрчсөн бөх, гарын даа, засуул, тайлбарлагч, эмчид энэ дүрмийн дагуу зэм шийтгэл хүлээлгэх
в) ам авах бөх хугацаандаа ирээгүй буюу бэлэн байгаагүй бол түүнийг таван минут хүлээгээд дараагийн бөхөөр ам авхуулах зөвшөөрлийг ерөнхий цэц ахлах гарын даад олгох,
г) энэ дүрэмд заасан бусад эрхийг эдлэх.
2.4. Хөлийн цэцийн үүрэг
Хөлийн цэц дараах үүрэг хүлээнэ.
а) барилдааныг явуулахдаа энэ дүрмийг чанд сахин биелүүлэх,
б) үүргээ биелүүлэх, цээрээ зөрчихгүй байхыг бөх, гарын даа, засуул, тайлбарлагч, эмчид шаардан хангуулах,
в) будлиантай барилдааныг хөлийн цэцийн бүрэлдэхүүнээр болон тухайн барилдааныг албан ёсны эрхтэйгээр дамжуулж буй телевизийн камерын бичлэгийг ашиглан хэлэлцэж, шуурхай шийдвэрлэн, гаргасан шийдвэрээ тухайн үед нь олон түмэнд мэдээлэх,
г) бөхчүүдийг тогтоосон хугацаанд ам авхуулах,
д) барилдааны үед гарсан зөрчил, түүнийг шийдсэн байдал, цаашид шийдвэрлүүлэх асуудлаар саналаа удирдах байгууллагадаа албан ёсоор гаргаж өгөх,
е) ерөнхий цэц жаяг дэгийн баг дахь холбогч ба эмчийг удирдан ажиллах бөгөөд эмч нь шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг хөнгөн шуурхай үзүүлэх, эрүүл мэндийн хувьд барилдах боломжгүй бөхөд магадлагаа олгох, барилдааны байрны эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангуулах үүрэгтэй.
2.5. Хөлийн цэцийн цээр
Хөлийн цэц нь дараах зүйлийг цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зохих зэм шийтгэл хүлээнэ.
а) аливаа асуудлыг шийдэхдээ байгууллага, танил тал, нутаг усны явцуу үзэл гаргахыг цээрлэнэ.
б) асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бөөрөнхийлж бөхчүүдийг маргалдуулах, үзэгчдийг чилээхийг цээрлэнэ.
2.6. Хөлийн цэцийн хариуцлага
2.6.1. Дээрх цээрийг зөрчсөн болон үүргээ хангалтгүй биелүүлсэн цэцэд Ерөнхий цэцийн шийдвэрээр ажлын хөлсийг олгохгүй байх, мөн МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал, Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ.
2.6.2. Дээрх хурлуудын шийдвэрээр хөлийн цэц хийх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, ноцтой гэж үзвэл цаашид хөлийн цэц хийх эрхийг 3-5 жилээр хасна.
2.6.3. Ерөнхий цэц дээрх цээрүүдийг зөрчвөл түүнийг Тэргүүлэгчдийн болон Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэн, сануулах, цэц хийх эрхийг нэг жил хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх болон эрхийг 3-5 жилээр хасах шийтгэл оногдуулна.
2.6.4. Орон нутагт ажиллаж байгаа хөлийн цэц ёс зүйн зөрчил гаргавал түүний талаарх гомдол саналыг МҮБХ хүлээн авч хариуцлага тооцож ажиллана.
Гуравдугаар бүлэг. Засуул
Засуул нь улсын тонж манлай засуул, улсын манлай засуул, улсын ахлах засуул, улсын засуул, улсын дэд засуул, аймгийн ахлах засуул, аймгийн засуул, аймгийн дэд засуул гэсэн зэрэг дэвтэй байна. Цол дууддаг засуул нь улс (аймаг, сум)-ын “бөх цоллогч” цол, “хүндэт засуул” өргөмжлөлт цолыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар баталсан журамд заасан шаардлагуудыг хангасан засуулд олгоно.
3.1. Засуулын эрх
Засуул нь дараах эрхийг эдэлнэ.
а) улс (аймаг, сум)-ын зэрэгтэй засуул улс (аймаг, сум)-ын наадам болон бусад барилдаанд засуулаар ажиллах, цол дуудах,
б) бөхийн өмсгөл шаардлагад нийцэж байгаа эсэхийг шалган засуулах, шаардлагатай тохиолдолд хөлийн цэцэд мэдүүлэн шийдвэрлүүлэх,
в) дүрмийн шаардлагыг биелүүлээгүй болон өмсгөл нь шаардлага хангаагүй бөхийг засахаас татгалзах,
г) үүргээ биелүүлээгүй, цээрээ зөрчсөн бөхийн барилдааныг зогсоож, тухайн бөхийг барилдаанаас хасах саналыг хөлийн цэцэд тавьж шийдвэрлүүлэх /эхний саналыг цэц тухайн бөхөд мэдэгдэнэ. Хоёр дахь удаагийн саналаар шууд хасна/
3.2. Засуулын үүрэг
Засуул нь дараах үүргийг хүлээнэ.
а) монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж, дүрмийн шаардлагад нийцүүлэн шударга, эрэмгий ажиллах,
б) бөхийн цолыг энэхүү дүрмийн дагуу зөв дууддаг байх
в) бөхийн мэх, барилдааны ур чадварыг судлан мэдэж, засаж буй бөхдөө барилдааны арга мэхийг зааж зөвлөх,
г) барилдааны явцад анхааралтай байж, зөв шийдвэр гаргах, элдэв будлиан маргаан гарвал бөхөө төлөөлж хөлийн цэцэд үнэн зөвөөр мэдүүлэх.
3.3. Засуулын цээр
Засуул нь дараах зүйлийг чандлан цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.
а) барилдааны шийдвэрлэх эгзэгтэй үед хүч нэмэн дэмжсэн байдлаар бөхөө түлхэх, алгадах, түших,
б) танил тал харах, нутаг усны явцуу үзэл, шударга бус хандлага гаргах,
в) будилаан маргаантай болсон барилдааны шийд гараагүй байхад бөхийн малгайг өмсүүлэх,
г) дүрэм зөрчсөн бөхтэй эвлэрэнгүй хандаж бөөрөнхийлөх, хоёр нүүр гаргах,
д) бөхчүүдэд дүрмийн бус шаардлага тавих, бөх болон жаяг дэгийн багийн гишүүд, наадамчидтай зүй бус харилцах,
е) дүрэмд заасан хувцсыг өмсөхгүй байх,
ж) өөрийн засаагүй бөхийн барилдааны маргаанд хөндлөнгөөс оролцохыг тус тус цээрлэнэ.
3.4. Засуулын хариуцлага
3.4.1. Дээрх цээрүүдийг зөрчсөн болон үүргээ хангалтгүй биелүүлсэн засуулд Ерөнхий цэцийн шийдвэрээр ажлын хөлсийг олгохгүй байх, мөн МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал, Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ.
3.4.2. Дээрх хурлуудын шийдвэрээр засуул хийх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, ноцтой гэж үзвэл цаашид засуул хийх эрхийг 3-5 жилээр хасна.
3.4.3. Орон нутагт ажиллаж байгаа засуул ёс зүйн зөрчил гаргавал түүний талаарх гомдол саналыг МҮБХ хүлээн авч хариуцлага тооцож ажиллана.
3.5. Засуулын хувцас
а) Засуулын хувцас нь бусдаас ялгарах загвар хийцтэй байх бөгөөд түүнийг тусгай журмаар батална.
б) Засуул нь хувцсаа батлагдсан загварын дагуу биеийн галбиртаа тохируулан, хийлгэж өмсөнө.
Дөрөвдүгээр бүлэг. Гарын даа
Гарын даа нь улсын тэргүүн гарын даа, улсын ахлах гарын даа, улсын гарын даа, улсын дэд гарын даа, аймгийн ахлах гарын даа, аймгийн гарын даа, аймгийн дэд гарын даа, сумын гарын даа, сумын дэд гарын даа гэсэн зэрэг дэвтэй байна. Мөн улс, аймаг, сумын гарын даа нар тус бүрдээ ахлагчтай байна. Гарын даа нарын зэрэг цолыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар баталсан журамд заасан шаардлагуудыг хангасан гарын даа нарт олгоно.
4.1 Гарын даагийн эрх
Гарын даа нь дараах эрх эдэлнэ.
а) улс (аймаг, сум)-ын зэрэгтэй гарын даа нь улс (аймаг, сум)-ын наадам бусад барилдаанд гарын даа, хаяавчаар ажиллах,
б) барилдааны товлосон цагаас өмнө ирж бүртгүүлэхийг бөхчүүдээс шаардан хэрэгжүүлэх,
в) угтуул бөхийн нэгэнт авсан амыг буцааж солиулахгүй байх,
г) бөхийн цолны үнэмлэхийг шаардлагатай үед үзэж шалгах, зөрчилтэй бол зохих журмын дагуу шийдвэрлүүлэх.
4.2. Гарын даагийн үүрэг
Гарын даа нь дараах үүрэг хүлээнэ.
а) монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж, сахин биелүүлэх,
б) барилдааны товлосон хугацаанаас өмнө ирж, бүртгэл, оноолтыг хийх,
в) оноолт хийх, ам авхуулахдаа бөхчүүдийн цол, амжилтын эрэмбийг хатуу баримтлах,
г) ам авч байгаа бөхөд ам бөхчүүдийг нэр, цолоор нь тод хэлж танилцуулах, наадамд энэ үүргийг ахлах гарын даа гүйцэтгэх
д) ам авах хугацаанд ирээгүй бөхийг хүлээхгүйгээр ерөнхий цэцийн бичгээр өгсөн албан ёсны зөвшөөрлийг үндэслэн дараагийн бөхөөр ам авхуулах ба амлах дарааллаасаа хоцорч ирсэн бөхийг тухайн үед нь ам авхуулах,
е) бөхийн оноолт, ам авсан байдлыг бөхийн тайлбарлагч нарт шуурхай хүргэх,
ж) наадам, барилдааны дараа зохих баримт бичгийг эмхлэн бүрдүүлж, үндэсний бөхийн шат шатны холбоодод хүлээлгэн өгөх,
з) гарын даагийн ахлагч нь хаяавч, холбогчийг удирдан ажиллах.
4.3. Гарын даагийн цээр
Гарын даа, хаяавч нь дараах зүйлийг чандлан цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.
а) бөхийн цол, эрэмбийг санаатайгаар зөрчин оноолт хийх,
б) ам авч байгаа бөхөд ам бөхчүүдийн нэрийг бүтэн сонсгохгүй, санаатайгаар нуун дарагдуулах, ам авч байгаа бөхөд зөвлөх нэрээр хэн нэгнийг амлуулахаар албадах, ятгах, бөхийн давсан унасан маргаанд оролцох, давсан унасан бөхийг буруу тэмдэглэх, давсан бөхийн нэрийг санаатайгаар нуун дарагдуулахыг тус тус цээрлэнэ.
4.4. Гарын даагийн хариуцлага
4.4.1. Дээрх цээрүүдийг зөрчсөн болон үүргээ хангалтгүй биелүүлсэн гарын даад Ерөнхий цэцийн шийдвэрээр ажлын хөлсийг олгохгүй байх, мөн МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал, Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ.
4.4.2. Дээрх хурлуудын шийдвэрээр гарын даа хийх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, ноцтой гэж үзвэл цаашид гарын даа хийх эрхийг 3-5 жилээр хасна.
4.4.3. Орон нутагт ажиллаж байгаа гарын даа ёс зүйн зөрчил гаргавал түүний талаарх гомдол саналыг МҮБХ хүлээн авч хариуцлага тооцож ажиллана.
Тавдугаар бүлэг. Тайлбарлагч
Тайлбарлагч нь улсын гарамгай тайлбарлагч, улсын тэргүүн тайлбарлагч, улсын ахлах тайлбарлагч, улсын тайлбарлагч, улсын дэд тайлбарлагч, аймгийн ахлах тайлбарлагч, аймгийн тайлбарлагч, аймгийн дэд тайлбарлагч, сумын тайлбарлагч, сумын дэд тайлбарлагч гэсэн зэрэг дэвтэй байна. Тайлбарлагч нарын зэрэг цолыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар баталсан журамд заасан шаардлагуудыг хангасан тайлбарлагч нарт олгоно.
5.1. Тайлбарлагчийн эрх
Тайлбарлагч нь дараах эрх эдэлнэ.
а) улс (аймаг, сум)-ын зэрэгтэй тайлбарлагч нь улс (аймаг, сум)-ын наадам, бусад барилдаанд тайлбарлагчаар ажиллах,
б) тайлбар хийх техникийн шаардлага хангагдаагүй тохиолдолд бөх тайлбарлахаас татгалзах,
в) барилдааны явцад бөх, засуул, түүнчлэн үзэгчдээс бөхийн барилдааны дүрэм, ёс жудгийг зөрчих тохиолдолд түүнийг засуулах зорилгоор анхааруулах,
г) зарлаж мэдээлэх зүйл албан ёсны бөгөөд хэл найруулгын хувьд зөв гаргацтай байхыг шаардах,
д) тухайн барилдаантай холбоотой хөтөлбөр, лавлагааг шаардах,
е) удирдлага болон ерөнхий цэцийн зөвшөөрөлгүй зүйлийг хэлж зарлах, сурталчлахаас татгалзах.
5.2. Тайлбарлагчийн үүрэг
Тайлбарлагч дараах үүрэг хүлээнэ.
а) монголын үндэсний бөхийн барилдааны дүрмийг судлан мэдэж сахин биелүүлэх,
б) улсын радио, телевизийн нэвтрүүлэгчид тавигддаг мэргэжлийн шаардлагыг хангасан байх,
в) бөхийн нэр алдар, харьяалал, цол чимэг, амжилт, барилдааны ур чадвар, онцлог, тухайн барилдааны явцад хоёр бөхийн харилцан хийж байгаа мэхийн нэр, хувилбар, даац, үлдэц зэргийг үзэгч, сонсогч олонд элдэв нэмэр хачиргүйгээр үнэн зөв, уран яруу, ойлгомжтой тайлбарлах,
г) байгууллага, хувь хүнээс зарлаж мэдээлүүлэхээр ирүүлсэн зүйлийг эрх бүхий байгууллага, ажилтны зөвшөөрлийн дагуу мэдээлэх, зарлах,
д) монгол бөхийн талаарх мэдлэг, нэвтрүүлгийн ур чадвараа байнга дээшлүүлж байх,
е) барилдааны явцад МҮБХ-ны болон “Монгол үндэсний бөхийн барилдааны дүрэм” түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, заавар, үндэсний бөхийн холбоодын үйл ажиллагааны талаар болон монгол бөхийн ёс жудгийн тухай үзэгч, сонсогчдод товч тодорхой тайлбарлан таниулж байх,
ж) тухайн барилдааны үеэр тайлбарлан таниулах баримт сэлтийг уншиж судлан, бэлдсэн байх.
5.3. Тайлбарлагчийн цээр
Тайлбарлагч нь дараах зүйлийг чандлан цээрлэх бөгөөд цээрээ зөрчвөл зэм шийтгэл хүлээнэ.
а) барилдсан хоёр бөхийн хэн давсан нь тодорхой биш байхад давсан унасныг зарлах,
б) барилдаж буй бөхчүүдэд хандан мэх заах, зөвлөх, тэднийг хувь хүний хувьд ёжлох, шоглох, дөвийлгөн магтах
в) бөхийн барилдааны талаарх маргаанд оролцох
г) барилдааны үед улс төр, бизнесийн сурталчилгаа болон барилдаанд хамааралгүй бусад зүйлийг дур мэдэн ярих, мэдээлэх, зарлах
д) зохих зөвшөөрөл, эрхгүй хүнд микрофон шилжүүлэхийг тус тус цээрлэнэ.
е) Улсын баяр наадам бусад барилдаанд томилогдсон жаяг дэгийн багийн гишүүнийг барилдаж буй бөхтэй хамаатуулан ажиллахаас татгалзуулах, солих гэх мэт саналуудыг хэлж, барилдааны зохион байгуулалтын ажил руу орж дур мэдэн ярихыг цээрлэнэ.
5.4. Тайлбарлагчийн хариуцлага
5.4.1. Дээрх цээрүүдийг зөрчсөн болон үүргээ хангалтгүй биелүүлсэн тайлбарлагчид Ерөнхий цэцийн шийдвэрээр ажлын хөлсийг олгохгүй байх, мөн МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурал, Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ.
5.4.2. Дээрх хурлуудын шийдвэрээр тайлбарлагч хийх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх, ноцтой гэж үзвэл цаашид тайлбарлагч хийх эрхийг 3-5 жилээр хасна.
5.4.3. Орон нутагт ажиллаж байгаа тайлбарлагч ёс зүйн зөрчил гаргавал түүний талаарх гомдол саналыг МҮБХ хүлээн авч хариуцлага тооцож ажиллана.
Зургаадугаар бүлэг. Бусад зүйл
6.1. Монгол үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулж байгаа Жаяг дэгийн багийн зэрэг цолтой гишүүд бүр энэхүү жаяг дэгийн багийн гишүүдийн дагаж мөрдөх журмыг баримтлан ажиллана.