Их монгол хэмээх Шаравжамц аварга бол Европ тооллын 1871 онд Халхын хуучин Түшээт хан аймгийн Бадрах гүн буюу одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын 3-р багийн нутагт малчин ард Жамбын 3 дах хүү болон мэндэлжээ. Шаравжамц аваргын эцэг Жамба бол энгийн нэгэн сайн малчин байсан бөгөөд төдий л их онцлох бяр тэнхээ их хүч байгаагүй аж. Мөн аваргын нэг ба хоёрдугаар ах нар нь Цэрэндорж, Уламдэвсэг хэмээх нэртэй, ерөөсөө барилддаггүй энгийн ард хүмүүс байсан ба хоёул залуудаа нас эцэслэсэн гэнэ. Харин их монгол өөрийн нутгийн Хайрхан уулын тайлганы наадамд 18 настайгаасаа эхлэн барилдаж, тэрхүү наадамд 60 гаруй бөхөөс дөрөвт үлдэж, мөн хошуу нутгийн Гомбожав тайж гэдэг даншигийн начинд унаж, бөхийн гараагаа эхлүүлсэн түүхтэй. Дараагаар нь мөн хошуу нутгийн овоо уулын тайлгын наадамд дахин зодоглон, 2 бага наадамд тэргүүлсэн ч басхүү 2 бага наадамд өвдөг шорооджээ. 19 насандаа Богд хааны даншиг хэмээх бөхийн наадамд анхлан барилдан, 6 давж Дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Булган сумын Цэрэн-Очир арслангийн ах Жамц заан гэдэг бөхөд унасан гэдэг. Түүний дараа 20 насандаа өнжөөд 21 насандаа Их хүрээний Богд хааны даншигийн бөхөд бяр сорьж, 7 даваад Лха бэйсийн Лувсанжамц заан буюу одоогийн Дорнод аймгийн Булган сум, хуучнаар Баянтүмэний хошууны Лувсанжамц заанд унасан байна. Тэрбээр Монголын алдар цуут бөхчүүд болох Буянтогтох аварга, Дашцэрэн аварга, Намхай аварга, Дамжил арслан, хулгар Нацаг зэрэг цолтой бөхчүүдтэй барилдаж байсан бөгөөд тэд нарын барилдахыг биеэр үзэж, тэд нараас бөхийн барилдааны арга мэх сурч, урьдчилан бөхийн сургууль сорилт дор барилдаж үзэж байсан болно.”Миний ид залуу байх цаг дор Халх голын Хөлөн Буйрын хошууны Балсанлхүндэв арслан хэмээх маш сүрхий их хүчтэй хүмүүн байв. Балсанлхүндэв арслангийн гар хүмүүний гуян дор хүрвээс ямар ч хүмүүн тэсвэрлэж чаддаггүй унадаг байжээ. Би тэрхүү Балсанлхүндэв арслантай нэг барилдаад унагаж, дийлж байсан. Мөн тэр үед зүүн аймгийн Дугар, Гэлэгсэнгэ аварга гэж ах дүү 2 аварга байсан. Тэднийг барилдаж байхад бага залуу байсан учраас тэдний ам дор ноогдоогүй тул барилдаж үзээгүй юм. Тэр үеэс би наадамд жил өнжөөгүй барилдаж, барилдсан наадмын тоо маш олон тул тоог мартжээ. Өөрийн хошуу нутаг ба эргэн тойрны их бага наадамд бүтэн 14 жил газарт уналгүй, ямагт тэргүүлж байсан билээ. Урьд Богд хааны даншигт зүүн аймгийн Буянтогтох аваргатай хоёул үлдэж, Буянтогтох аваргатай барилдаад түүнийг унагаасан дор тэрхүү Буянтогтох аварга нь Богдын хүчтэй бөх болох учраас тэр үед байсан Халхын дөрвөн аймгийн агаад Богдын Эрдэнэшанзадва, Хятад манжийн амбан ноёдууд Богдын бөхийг унагаагүй тул дахин барилдсугай хэмээсэн ёсоор дахин барилдахуй дор Буянтогтох аварга нь дэргэдээ байсан засуулын хамтаар унаж байсан. Үүн дор Богд хаан ба ноёд лам нараас тэргүүлсэн бөхийн бай шагналыг Буянтогтох аврага дор өгсөн ба алдар цолыг над дор өгсөн болно. Түүний хойтон жил манай ноёны хойтыг Далай гэгч зэрэг залгаж, миний биеийг хуучин заншлаар Богд хаан дор өргөж, Богдын бөх болгосон амой. Хуучин Манж ба Автономитын үеийн Богд хааны Даншиг наадам дор би 6 удаа шөвгөрч, 2 удаа тэргүүлсан болно. Энэ үед миний цол нь : Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч аврал итгэл, оройн дээд Очирдарь Богд гэгээн таны улам нэмэх, уламжлан дуурсах, цол нэмэх, цогт идэр, өдөөн дэлгэрэх, үнэн хүчит, бат ерөөлт, баатар зоригт, саруул хурц, сэцэн шударга, тун ч гарамгай, онц түрэмгий, олноор маш гайхамшигт батсуурьт даян аварга гэдэг цолыг хүлээж авсан. Мөн ардын хувьсгалт засаг төр мандсанаас хойш өөрийн цэрэгт явсан хүүгээ эргэж ирэхийн далимаар 60 илүү насалсан хойноо ирж барилдаад, энэ цэрэг ардын их наадамд бүгд 4 удаа оролцон барилдсан болно. Энэ өнгөрсөн 50 гаруй жилийн дотор орчин тойрны хошуу сумын буюу аймаг болон улсын баяр наадмуудад 40 гаруй удаа тэргүүлсэн ба мөн эдгээр наадмууд дор их их нэртэй бөхчүүд идэр хүчтэй залуучуудыг унагааж байсныг алийг тоолж барах буй. Тэр болгоны нэр тоог одоо мартсан бөгөөд дэс дараалан хэлж чадахгүй болох тул төдий л бичүүлээд байх зүйлүүд үүнээс өөр ер алга” хэмээжээ.
Үүнийг үнэн зөвөөр бичсэн :
Монгол бичгээс хөрвүүлсэн ТБТ-ийн ахлах архивч Ж.Баасансүрэн
Нэрэндоо Х- 11 Д- 1 ХН 556 ийн 6-10 дугаар тал