Эмгэнэл

8 сар 3, 2021

Монгол бөхийн тонж манлай засуул, МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дашдондогийн Цогзол 2021 оны 8-р сарын 2-ны өдөр зуурдаар нас нөгчиж, монгол бөхийн ертөнцөд нөхөж баршгүй гарз тохиолоо. Д.Цогзол нь 1946 онд Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн. Төрж өссөн нутагтаа дунд сургуулиа дүүргэж, улмаар жолооч мэргэжил эзэмшин, Яаралтай түргэн тусламжийн төвд тасралтгүй олон жил жолоочоор ажиллаж, хүн ардынхаа эрүүл энхийн төлөө зүтгэжээ. Тэрбээр Улсын баяр наадам болон бусад барилдаанд 1975 оноос засуулаар ажилласан бөгөөд 1984 оноос тасралтгүй 37 жил зүүн, баруун талын магнайн бөхийн цолыг дуудаж, монгол төрийн наадмаа чимэж, ард зоноо цэнгүүлж ирсэн гавьяатан билээ. 2008 оноос баруун жигүүрийн ахлагчаар ажиллаж байв. Түүний мөрөн дээрээс Монгол төрийн их баяр наадмын түрүү бөх олноор тодорч, олон арван алдар суут бөхчүүд төрөн гарсан юм. Д.Цогзолын хөдөлмөр зүтгэлийг төр засаг өндрөөр үнэлж, Төрийн дээд шагнал Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнаж, 2017 онд Монгол Улсын “Соёлын гавъяат зүтгэлтэн” цол олгожээ. Тэр хоёр мянган, хоёр зууныг дамнан, Монгол улсын суу алдарт хүчтэнүүдийн цолыг өөрийн өвөрмөц дуу хоолой, донж төрхөөр олон жил дуудан ирсэн Монгол Улсын анхны манлай засуул, анхны тонж манлай засуул, засуулуудаас төрсөн анхны соёлын гавьяат зүтгэлтэн байлаа. Талийгаачийн цэгц шударга зан чанар, түшиг тулгуур, нөмөр нөөлөг, Монгол бөхийн хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмэр бид бүхний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно. Талийгаачийн гэр бүл, үр хүүхдүүд, ахан дүүс, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн