Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан амжилттай зохион байгуулагдлаа. Барилдаанд  улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон зодоглосон юм. Барилдааны үеэр сэтгүүлчид МҮБХ-ны тэргүүн Ц. Магалжаваас зарим зүйл дээр тодруулга авснаас түүвэрлэн хүргэж байна.

Барилдааны онцлог юу байв? 

Монгол Улсын Засгийн газраас 7-р сарын 21-ний өдрийн хуралдаанаар задгай талбайд спортын уралдаан, тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг УОК-т өгсөн. Үүний дагуу МҮБХ гишүүд болох бөхчүүдийнхээ эрх ашгийн үүднээс УОК, НОК, бусад хариуцсан байгууллагуудад удаа дараа хүсэлт санал өгч зөвшөөрлийг авч зохион байгууллаа. Хууль журмын хүрээнд зөвшөөрлийг өгсөн УОК-ын дарга, шадар сайд С.Амарсайхан, НОК-ын дарга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нарт нийт бөхчүүд, бөх сонирхогчдынхоо өмнөөс гүн талархал илэрхийлье. Тусгаар улсын баталгаа, монгол үндэстний гол онцлог болсон дэлхийд ганцхан эрийн 3 наадмын бөхийн барилдаанаа таслалдуулахгүй зохион байгуулсандаа таатай байна.

Гурвын даваа цагтаа эхлээгүй. Ам авах үед асуудал үүссэн талаар? 

МҮБХ энэ наадмыг зохион байгуулахад туйлын хичээж ажилласан. Үүний үр дүнд зохиогдсон. Сүүлийн жилүүдэд бөхийн нэр хүндийг хамгийн их унагаж байгаа допингийн асуудлаас болж аварга, арслан, гарьд цолтой бөхчүүд допингтой холбоотой Улсын дээд шүүхийн тогтоол, түүнээс шалтгаалж ам авах эрэмбэ, дарааллын талаар  хэсэг ярилцаж саатсан. Шийдлийг яг одоо гаргах боломжгүй. Мөн холбооноос маш их хүчин чармайлт гаргаж, барилдаан зохион байгуулж, бөхчүүд хариуцлагатай барилдаж байна. Бөх сонирхогч, үзэгч олон орон даяар бөх үзэхийг хүлээж байгаа, телевизийн эфирийн цаг зэрэгт хүндэтгэлтэй хандах хэрэгтэйг ярилцаад даруй ам авч, барилдаан үргэлжилсэн. Энэ нь  допингийн асуудлыг үнэн зөв, шударгаар, хуулийн дагуу шийдвэрлэхгүй бол хойшид наадам яаж саатахыг харуулсан үйлдэл боллоо.

Наадмын 3-ын даваанд аварга Э.Оюунболд арслан Ц.Содномдоржийг амалсан нь нэлээдгүй шуугиан дагуулсан?

Бөхчүүд нэгнийгээ амлах нь эрхийн асуудал гэж харах боловч энэ амалсан үйлдэл нь нөгөө л допингийн  маргаантай холбоотой. Хоёр бөх хоорондоо бусад бөхчүүд, хөлийн цэцийн дэргэд “Барилдсаныхаа дараа допингийн шинжилгээ өгье” гэж шийдэцгээсэн. Энэ баридаан  МҮБХ-оос зохион байгуулж байгаа барилдаан.  Удирдамжиндаа шөвгөрсөн 16 бөхөөс шинжилгээ авна гэж заасан. Мөн бүртгүүлсэн 680 бөхчүүдтэй миний бие “Хариуцлагын гэрээ”-г хийсэн. Энэ нь МҮБХ-ны хурлуудаас явцын буюу тэмцээний үеийн шинжилгээг авна гэж дүрмэндээ заасан тул 2 бөх шинжилгээг өгөх бүрэн боломжтой.

Допингийн шинжилгээ авна гэсэн тул аварга цолтой бөхчүүд шинжилгээнээс өмнө уналаа гэсэн хардлага их байна? 

Бөхийн амжилт бол бэлтгэл сургуулилт, сэтгэл зүй зэргээс шалтгаалах нь мэдээж. Залуучуудын бэлтгэл сайн байна. Наадмын үед цолгүй бөхчүүдэд эмээдэг, сандардаг зүйл гардаг. Энэ удаад тэд сэтгэл зүйн талаас чөлөөтэй сайхан барилдлаа. П.Бүрэнтөгс, С.Мөнхбат аваргуудтай барилдсан залуучууд сайн барилдаж давцгаасан.

Э.Оюунболд аваргыг аймгийн арслан Д.Нямаа араас нь хаяж харагдсан. Энэ нь дүрмийн дагуу ч бөхийн жудгийн хувьд жаахан онцгүй юм даа.

Бөхийн барилдааны дүрэмд зааснаар бол талбайд 2 бөх барилдаж байхад барилдааныг  засуул зогсоогоогүй бол хэн нь ч орхиж явж болохгүй. Хэрэв тийм үйлдэл гаргавал нөгөө бөх барьц аван хаяж болно гэж байгаа. Дээрх 2 бөхийн хувьд нэг нь санаачилга авч түрж захад ирсэн. Э.Оюунболд захад ирлээ гээд цааш эргэсэн. Д.Нямаа араас нь барьж хаясан үйлдэл харагдаж байгаа. Хөлийн цэцүүд үүнийг хэлэлцээд талбайн голд бол Д.Нямаагийн зөв, захад ухарч байгаад цааш эргэхэд засуул бариагүй ч  барьж давсан тул дахин барилдуулах шийдвэрийг хянаж байсан 2 цэц, ерөнхий цэцийнхээ хамтаар гаргасан. Үүн дээр манай цэцүүд дахин барилдуул гэсэн зөв шийдвэр гаргасан. Ерөнхий цэц дахин барилдуул гэж хэлэхэд Э.Оюунболд элэг бүсээ тайлаад явсан.  Энэ үйлдэл анхаарал татсан.

Түрүүлж, үзүүрлэсэн 2 бөхийн талаар таны бодол? 

Хамтран ажилласан бүх байгууллагууд, онцлоод 100 жилийн ой нь тохиож байгаа Монголын Залуучуудын Холбооны хамт олон, удирдлагууд, Ерөнхийлөгч Гэрэлт-Одод талархсанаа илэрхийлж, цаашдын ажилд  нь их амжилт хүсье. Бөхчүүд маань барилдааны дүрмээ өөрчлөөд барьц сонголт, цагийг арай багасгасанд дасан зохицсон үр дүн гарлаа. Хоёр бөх барилдаан шигээ нягт нямбай сайхан залуучууд юм. Сонгуульт ажлын сүүлийн жилүүдэд  бөхчүүд, залуучууд санал бодлоо янз бүрээр илэрхийлсээр ирсэн. Энэ нь тухайн хүн ямар эр хүн бэ гэдгээ тодорхой харуулсан үйлдэл. Бидний, мөн арай өмнөх үеийн, ахмад бөхчүүдийн сайхан буйр суурьтай зан,  бөх хүний  ухаантай байдал  Б.Бат-Өлзий, Э.Ууганбаяр, Ч.Батчулуун, бас шөвгөрсөн  залуусаас харагдаж байгаа. Бөхийн торгон ногоон дэвжээ их учиртай гэж ахмадууд хэлдэг юм.  Энэ залуучууд цаашдаа улам их амжилт гаргана.

Барилдааныг маш олон хүн үзсэн. Мөн мэдээллийн сувгууд дамжуулсан. Дараагийн барилдаан хэзээ болох уу? 

Энэ жил барилдаан, наадам болоогүй байсан тул олон хүн үзэж анхаарал хандуулсан байх. МҮБХ гишүүдийнхээ эрх ашгийн төлөө энэ 512 бөхийн барилдаан, аймгийн 128 бөхийн барилдааныг зохион байгуулах саналыг гарган ажиллаж, үүргээ бүрэн биелүүлж байгаа гэж үзэж байна. Төр засгаасаа төсөв зардал авч хүндрүүлэхгүй наадмын бөхийн барилдаанаа хийж болохыг 6-р сард  хэлж байсны дагуу бид амжилттай хийж гүйцэтгэлээ. Барилдааны талаар сайн зүйл олон, саар зүйл 2 гарлаа. Товчоор хэлбэл энэ барилдааныг олон хүн анхаарч үзсэн бол бидний амьдарч байгаа одоогийн нийгмийн тусгал. Хөдөлмөрлөж байгаа хүмүүс, хууль шүүхийн байдал, нэгэнтэйгээ харьцах харьцаа, хар хор гээд бүх л зүйл харагдана. Тэгэхээр бүгд л үүнийгээ засч сайжруулах тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй болох нь. Дараагийн барилдаан хэзээ болох нь цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн