Д.Дамдин : Би шалихгүй ээ. Хоёр гараараа 850 кг-ыг өргөдөг байсан. Бөх хүн гэдэг барилддаг байж л бөх байна. Барьж зуураад зогсоод байвал ямар барилдаан байх вэ. Хаявал хаядаг, унавал унадаг л байх учиртай. Уяа бөхийг ямар бөх гэх вэ дээ. Цээжээрэээ тулаад зогсоод байвал үзэгч олон хэрхэн таалах вэ.
Нэг удаа Оргодол арслан бид хоёр учирлаа. Тэр “Дамдин гүйнэ”гэж тооцоолоод надаас түрүүлж гүйхээр бодож л дээ. Үнэхээр ч би гүйсэн. Тэгээд хоёулаа ёстой л улаан халз мөргөлдсөн. Арслангийн нүүр улаан халз болсон байв. Бас Батсуурь аварга бид хоёр таарч, аварга ч би ч хэн хэнийхээ хөлд гүйхээр тооцоолсон байсан. Тэгээд л хоёулаа зэрэг гүйнэ биз дээ. Бас л халз мөргөлдөв. Гүйдэг бөхчүүд ийм осолтой. Гурав хоногийн дараа аварга надтай уулзаад “Хөөe чи зүгээр үү. Миний тархи хөдөлчихсөн юм шиг байна. Гурав хоног гүйлгэлээ” гэж билээ. Тэмээ өргөдөг Б.Жамъяндорж их бяртай боловч жаахан будилуудуу. Түүнийг нь ашиглана даа. Хулгар Ц.Дамдиндорж их шартай. Шаагаад л авна шүү дээ.
Дээд дарга нар наадмын урд орой хурал хийж, хурдан барилдана шүү л гэнэ. Мөн усанд ор, шарх сорвитой байж болохгүй, зодог шуудгаа угаа энэ тэр гээд олон юм шаардана. Тэгээд ч хэн нүдүүлж, зодуулаад зогсож байхыг хүсэх вэ дээ. Хурдхан л дуусгахыг бодно. Мөн биe жижигтэй байсан болохоор хав бариулчихвал яах ч юм билээ гэж боддог байсан.
Залуу байхад бөхчүүд “Намайг тойрчихоорой”гэж гуйдаг байсан бол нас ахиад ирэхээр “Аварга аа, намайг аваарай”гээд гуйдаг болсон. Гурав түрүүлж байж аварга цолоо авсан. Үйлдвэрчний эвлэлийн “доль”Цэрэндорж гэдэг хүн “Чамд хасах аварга гэдэг цол өглөө шүү”гэж хэлж байв. Оросын алдарт жүжигчин агсан Ю.Никулинтай архины найзууд байсан. Сайхан л хүн байсан хөөрхий. Өрөөнд нь орохоор шкафаа онгойлгоод л “За, Дамдин хэдэн градусынхыг хусах вэ гэнэ. 60 л гэж хэлнэ дээ. Чи их сайн биeтэй, уунаа л гэх. Ж.Мөнхбат аварга, С.Цэрэн аварга хоёр Жаргалантад амарч байлаа. Би эргэж очсон юм. Та хоёроор сонин юу байна даа гэхэд Цэрэн “Би ч яахав өглөөдөө аварга, өдөр тийшээ Цэрэн гуай, оройдоо Цэрэн п…. болоод л сууж байна” хэмээн хөөрч билээ. Дээр үeд цэргийн дарга их үнэ хүндтэй байлаа. Дараа нь эмч, багш гээд. Хожим дарга, сайд. Одоо бөхчүүдийн үe ирлээ. Тиймээс тэдэнд хүндэлж байгаа нь энэ гээд архи дарс өгөхийн оронд нэг төлөг гаргаад өгчих хэрэгтэй байх. За тэгээд 10 литр айраг, сүү ч болно шүү дээ. Eр нь сайхан шударга, хурдан шаламгай барилдахыг л захъя…
Дархан аваргын “Өнөөдөр” сонины 1998.07.29-ний өдрийн дугаарт өгсөн ярилцлагаас нь тоймлов.|

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн