Монгол улсын гавьяат дасгалжуулагч, үнэн зоригт, цогт гарамгай, улсын харцага, МҮБХ-ны тэргүүлэгч гишүүн Гунгаагийн Элбэгийн эмчилгээнд зориулсан хандивын барилдааныг МҮБХ-ноос санаачлан амжилттай зохион байгууллаа. Барилдаанд П.Бүрэнтөгс аваргаар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 128 зодоглож, улсын харцага О.Хангай түрүүлж, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун үзүүрлэн, их шөвөгт улсын харцага Д. Анар, Дорнод аймгийн арслан М.Бэлгүтэй нар шалгарсан юм. Харин дунд шөвгийн наймд Хөвсгөл аймгийн арслан Э.Баасанжав, Булган аймгийн арслан Э.Сумьяабат, Завхан аймгийн арслан Д.Батбаатар, Өвөрхангай аймгийн заан Ц.Бямба-Отгон нар үлдэв.
Барилдааны үеэр МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу нар тэргүүлэгч гишүүн, улсын харцага Г.Элбэгийн хүү аймгийн начин Э.Батсуурьт холбооны зүгээс хандиваа гардуулсан бөгөөд дархан аварга Б. Бат-Эрдэнэ орон нутагт ажлаар явж байгаа тул МҮБХ-гоор дамжуулан хандив өргөлөө. Мөн улсын аварга Н.Батсуурь, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Ц.Содномдорж, улсын харцага, МУАБ Д.Сэрээтэр, тус барилдааны хөлийн цэц, улсын начин А.Алтанхуяг, цэргийн заан Н.Нямаа нарын бөхчүүд хүрэлцэн ирж, харцагад сэтгэлийн хандиваа өргөцгөөв. Улсын гарьд Д. Рагчаа, улсын начин Б.Одхүү нар мөн хандивт нэгдэж байгаагаа барилдааны үеэр уламжилсан юм. Тус барилдаанд хүрэлцэн ирж хандив өргөсөн бөхчүүд болон барилдсан бүх бөхчүүд, ажилласан жаяг дэгийн багийнхан, шууд дамжуулсан ТҮ9, ТҮ5 телевизийн хамт олонд Г. Элбэг харцагын гэр бүлийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний сайхан сэтгэлийн буян, сайн үйлс түгэн дэлгэрэх болтугай. Мөн Г. Элбэг харцагадаа түргэн эдгэрч, эрүүл болоод бөхийн ертөнцдөө хүрэлцэн ирж олон сайхан шавь нар бэлдэхийн ерөөл өргөе!

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн