Бөхийн чөлөөт барилдааны ДАШТ-ий 125 кг-ын жинд “Токио-2020” олимпын 5-р байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, Үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин, чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн цогт, өрнөх заан Мөнхтөрийн Лхагвагэрэл энэ удаагийн ДАШТ-ий Монголын багийн анхны хүрэл медалийг авчирлаа. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд хамгийн хүнд жинд дэлхийн дэвжээнээс анхны медалийн эзэн болж байна.
Түүний хувьд 1/8 шигшээд дэлхийн 3 удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр, медальтай үлдэх эсэхээ шийдвэрлэх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар ялав. Манай хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ, улсын начин Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, ОУХМ, улсын харцага Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байсан юм. М.Лхагвагэрэл ийнхүү жингийнхээ ах нарын авч чадаагүй медалийг эх орондоо авчирлаа.
Залуу заанд баяр хүргэж их спорт, үндэсний бөхөө хослуулан барилдаж, улам их амжилт гаргахыг ерөөе.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн